Хамаатны нэгэн эгч маань солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад хүүгээ бүртгүүлээд амжжээ. Одоо шалгалтаа гайгүй өгчихвөл хүслэн болсон Солонгос улсыг зорих боломж бүрдэх юм. Хүү нь явах гэж буйд эгч мэдээж баярласан. Харь орныг зорьж байж л өндөр цалинтай ажил хийж, толгой хоргодох орон сууцтай болох учраас тэр. Гэхдээ эгчийн сэтгэлийг нэг л зүйл зовоож байв.
Хүү нь хэдэн жил Солонгост ажиллахдаа эхнэрээсээ салчих вий гэсэн айдас. Хадмын талын хамаатнуудын зарим нь ийм замаар салж сарнисан болохоор санаа зовохоос ч аргагүй. Хэд хоногийн өмнө Солонгос явахаар бүртгүүлсэн 8000 хүний ар гэрт бүгдэд нь ийм айдас хургаж байгаа биз ээ. "Монгол эрчүүдийн хүсэл бол хятадуудыг нутгаасаа хөөж гаргаад өөрсдөө Солонгос явах” гэсэн марзан яриаг та сонссон л байх. Бодит байдалд нэлээд дөхөж очсон хошигнол гэлтэй. Өнгөрсөн хэд хоногт ир бяр нь тэгширсэн идэр залуус маань хонон өнжин дугаарлаж байгаад шалгалтад бүртгүүлчихлээ.
Гэтэл тэдний бараг тэн хагас нь дээд боловсролтой, мундаг мэргэжил эзэмшсэн залуус байсан гэх. Солонгост очиж ажиллахын тулд дөрвөн жил их, дээд сургуульд хөрөнгө мөнгө гарлагадан сурсан болж таарах нь. Гэхдээ харь орныг зорьж буй залуусыг муулах гэсэнгүй. Үнэхээр Монголдоо сунаж унатлаа ажиллаад тэр хэмжээний цалин авч чадахгүй болохоор ийм шийдвэр гаргасныг нь ойлгож байна. Даанч хамгийн харамсалтай нь, бөөн бөөнөөрөө гадаад орныг зорих энэ их нүүдлийн улмаас гэр бүл салалт нэмэгдсээр байна.
Дөрвөн гэрлэлт тутмын нэг нь салалтаар дуусч байна
Статистикаас харвал өдөрт дунджаар 40 хос гэрлэлтээ батлуулж, 10 хос гэрлэлтээ цуцлуулдаг аж. Дөрвөн гэрлэлт тутмын нэг нь салалтаар дуусдаг гэсэн базаахгүй тоог эндээс харж болно. Одоогоос арван жилийн өмнө гэр бүл салалтын тоо 1500 орчим байв. Тэгвэл өдгөө энэ үзүүлэлт 4000-д нэлээд дөхжээ. Зөвхөн нийслэл хотын хэмжээнд гэхэд 2013 онд 2054, 2014 онд 2329, 2015 онд 2515 хос тусдаа амьдрахаар шийдсэн байна. Гэхдээ энэ зөвхөн албан ёсны бүртгэл гэдгийг санахад илүүдэхгүй.
Үүнээс гадна хэчнээн хос гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй хэрнээ тусдаа амьдарч буйг хэн ч үл мэднэ. Гэр бүл салалт жилээс жилд дандаа өсөх үзүүлэлттэй гарч буйн учир шалтгаан юу вэ. Ёс суртахуун, хүмүүжил, боловсролын ялгаа, гэр бүлийн дотно харилцаа, хардалт, санхүүгийн байдал, гэр бүл буруу төлөвлөлт, шилжилт хөдөлгөөн, гэр бүлээс гадуурх харилцаа гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байж таарна. Гэхдээ анзаараад байхад иргэдийн амьдрал доройтох тусам салалт нэмэгдээд байх шиг.
Хэрэв залуус амьдралдаа хүрэлцэхүйц цалин авдаг бол мөнгөнөөс үүдсэн маргаан дэгдэхгүй, харь оронд очиж боолын хөдөлмөр эрхлэх шаардлага гарахгүй. Сэтгэл санаагаар унаж, архи уухгүй. Тэгэхээр улс орны эдийн засаг, гэр бүл салалт хоёр хоорондоо шууд хамааралтай байж таарах нь.
МУБИС-ийн оюутнууд өнгөрсөн жил гэр бүл салалтын талаар судалгаа явуулжээ. Эндээс харвал, гэр бүл салалтад хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь итгэл алдарч, хайр сэтгэл хөрөх гэж судалгаанд оролцогчдын 41 хувь нь хариулсан байна. Мөн гэр бүл болохдоо төлөвлөөгүй 24.6, хадмуудын нөлөөллөөс болж 11.5, санхүүгийн хүндрэл бэрхшээл 8.1, гэр бүл дэх хүчирхийлэл 6.6 хувь гэсэн шалтгаан араас нь бичигджээ.
Судалгаанд оролцсон хүмүүс гэр бүл салалтын улмаас үүддэг хамгийн гол уршиг нь хүүхдэд үзүүлэх нөлөө гэдэгтэй санал нийлсэн байна. Эхнэр, нөхрөөс илүү хүүхэд хамгийн их зовж шаналдаг гэсэн үг. Улмаар хүүхэд сэтгэл зүйн хямралд орох, хүмүүжил, сурлага муудах, буруу зүйлд татагдах, гэмт хэрэг үйлдэх зэрэг буруу бүхэн эндээс эхлэлтэй. Тиймээс мэргэжлийн сэтгэлзүйчид залуусыг анх гэр бүл болохдоо сайтар төлөвлөх, хоёр тийш боллоо гэхэд үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг сайтар бодолцохыг зөвлөдөг.
Түүнчлэн боловсролын ялгаа гэр бүлийн бат бэх байдлыг сулруулдаг болох нь олон улсын судалгаагаар тогтоогдсон зүйл. Боловсролгүй залуус эрт гэрлэх хандлагатай бөгөөд ихэнх тохиолдолд 2-5 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулдаг байна. Гэтэл манайд боловсролын ялгаа ямар их байдаг билээ. Эмэгтэйчүүдийн ихэнх нь дээд боловсрол эзэмшсэн бол эрчүүд хар ажил хийж, амьдралаа залгуулах нь түгээмэл. Боловсролын хоёр өөр түвшний хүмүүс нэг гэрт орохоор зөрчил үүсэж, тэр нь яваандаа салалтад хүргэдэг аж.
Ер нь дэлхий дахинд гэр бүл салалтад нөлөөлдөг хүчин зүйлийг сонирхоод үзвэл тэдгээр нь бүгд Монголд бүрэлдэн тогтжээ. Өөрөөр хэлбэл, хосууд гэрлэлтээ цуцлуулах бүхий л нөхцөл шалтгаан нь манайд байна гэсэн үг. Ийм тохиолдолд салсан хосуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр буйд гайхах хэрэггүй.
Монголын хүн амыг хүйсийн харьцаагаар нь ангилж үзвэл эмэгтэйчүүд ялимгүй илүү.
Гэтэл угаас цөөн эрчүүд нь янз бүрийн шалтгааны улмаас тэнгэрийн орон руу эртээ яваад өгдөг. Харин идэр насны залуусын олонх нь харь оронд ажиллахаар хилийн дээс алхана. Үлдсэн хэдэн эрчүүдийн дунд боловсрол мэдлэггүй, амьдралдаа гутарч, архи уусан, эхнэртээ гологдсон хүн дэндүү олон. Ингээд эцэст нь хүүхдээ тэвэрч үлдсэн ганц бие эмэгтэйчүүд Монголоор дүүрэн болох нь.
Хүүхдээ тэвэрч үлдсэн ганц бие эмэгтэйчүүд Монголоор дүүрэн болох нь
Гадаадад ажиллахаар явсан залуусын 30 орчим хувь нь гэр бүлээ цуцлуулдаг гэсэн судалгаа бий. Мөн тэдний 50 хувь нь хуучин гэр бүлтэйгээ урьдын адил амьдарч чаддаггүй аж. Гэвч гадаадад ажиллах залуусын тоо буурах биш, улам нэмэгдсээр. Салбарын яам нь ч ажлын байр нэмэгдүүлнэ гэхээс илүү залуусаа гадагш явуулах талаар яриастай.
Хосуудын хувьд ханилж амьдарсан эхний таван жил хамгийн хүнд гэдэг юм билээ. Энэ хооронд хэн нь хэн бэ гэдгээ таньж мэднэ. Мөн гэр бүлд нь шинэ хүн мэндлэх тул амьдралаа авч явахад улам хүндрэл учирна. Ажилд ороод удаагүй тул цалин хөлс бага байх нь мэдээж. Үүн дээр нэмээд өөрийн гэсэн орон сууцтай болж амжаагүй байдаг болохоор ёстой л хүнд бүхнийг даван туулах хэрэгтэй болно.
Амьдралыг гоё сайхнаар төсөөлж байсан тэдний хувьд бодит үнэнтэй нүүр тулгармагц барьц алдаж, тэр хэрээр бухимдаж, зан ааш нь өөрчлөгдөнө. Улмаар хоорондын харилцаа хөндийрч, эцэст нь салалтаар төгсөх нь элбэг аж. Тиймээс залуу гэр бүлд зориулсан хөтөлбөрийг бодлогоор дэмжиж гэмээнэ хэврэг гэр бүлийг бат бөх болгох учиртай. Ядаж л тэднийг ажлын байраар хангах, хөнгөлттэй үнээр орон сууцтай болгох гээд хийх ажил маш их.
Гэвч ажлын байр улам бүр багасаж, ипотекийн зээл зогсонги байдалд орсон гээд бүх зүйл эсрэг тал руугаа явсаар байгаа нь харамсалтай. Уг нь нийгмийн хөгжлийн үндэс нь гэр бүлээс, гэр бүлийн хөгжил хувь хүнээс, хувь хүний хөгжил хүүхэд ахуй наснаас эхэлдэг хэмээн монголчууд ярьдаг. Тэгвэл гэр бүлийн салалт нэмэгдсээр байгаа нь нийгмийн хөгжил арагшаа ухарч буйн дохио болов уу.
Эх сурвалж:Засгийн газрын мэдээ сонин