Сүүлийн өдрүүдэд дулаарч байгаатай холбоотойгоор уулын цас хайлж Баян-Өндөр сумын Их залуу, Яргуйт, Шанд, Уртын гол, Говил гэх мэт зарим багуудын айл өрхүүдийн хашаа, байшинд ус орж иргэдэд нэлээд хэмжээний хүндрэл бэрхшээл учруулаад байна. Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал өчигдөр эдгээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа гэр хорооллын багууд дээр очиж газар дээр нь байдалтай танилцлаа.
Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар нар алба хаагчдын хамт газар дээр нь ажиллаж, суваг шуудуу татах, усыг насосоор соруулж, зайлуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд иргэдэд газар өмчлүүлэхдээ замбараагүй олгосон, усны урсац, хотгор газар, үерийн аманд айлууд хашаа байшингаа барьж суурьшсан, иргэд өөрсдөө ус зайлуулах суваг шуудууг битүүлэн хогоо хаясан зэргээс улбаалан ийм байдал үүсчээ.
Мөн түүнчлэн зарим гудамжуудад машин явж болохооргүй шавар шавхай гарсаныг засварлан, хайрга асгаж тэгшлэх ажил эхлээд байна. Ийнхүү гэр хорооллын гудамжуудын замыг засварлаж эхэлсэн нь саяхан Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут багуудаар явж иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гарч байсан санал, хүсэлтийн мөрөөр хийгдэж буй ажил юм.