|

Б.Галаарид: Хэзээ ч, хэрхэвч хөндөж үл болох үнэт зүйл бол иргэдийн мэдэх эрх

saikhnaa 2017/05/03 617 0

Б.Галаарид: Хэзээ ч, хэрхэвч хөндөж үл болох үнэт зүйл бол иргэдийн мэдэх эрх

 

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн байгууллагууд "Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” сэдэвт үйл ажиллагааг Глоб Интернэшнл Төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон Нээлттэй нийгэм Форумын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Энэ талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.
 
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Монголд хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байна вэ?
 
-Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий нийт 1993 оноос хойш тэмдэглэж байна.
 
Жил болгоныг НҮБ-аас зарласан тусгай сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийнхийг "Эгзэгтэй цаг мөчид саруул эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шудрага, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” гэсэн сэдвийн дор тэмдэглэж байна.
 
Дэлхий дахинаа хэвлэл мэдээллийн орчин хөл хөдөлгөөн ихтэй, уламжлалт медиа хумигдаж, шинэ медиа хүч түрэх маягтай, түүнийгээ дагаад эргэцүүлэн тунгаах асуудал олноороо гарч ирж байгааг энэ сэдэв илэрхийлж байна гэж хэлж болно. Худал хуурмаг мэдээний дэлбэрэлт яг одоо дэлхий дахины толгойг өвтгөж байна. Хүн болгон хүссэн мэдээ мэдээллээ хил хязгааргүй түгээх боломж нь ийнхүү асуудал дагуулахын зэрэгцээ мэргэжлийн сэтгүүлзүйн эрэлт хэрэгцээ, үүрэг холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байгааг дэлхий нийтээрээ ярьж хэлэлцэж байна.
 
Монголд ч ялгаагүй мэдээллийн хэт урсгал эргээд мэргэжлийн сэтгүүлзүйг хүчтэй байлгах эрэлт үүсгэж байна. Энэ нь өөрийнхөө ээлжинд хэвлэлийн эрх чөлөөг дээд зэргээр хангахын чухлыг сануулж байна. Өөрөөр хэлбэл асуудал байсаар байна гэсэн үг.
 
Манайх хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтаад их олон жил боллоо. Энэ бол бахархах юм биш л дээ. Чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний асуудал Монголд өөх ч биш, булчирхай ч биш байдалтай он жилийг өнгөрөөж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэ хувилбар хэдэн парламент дамжин хэлэлцэгдэхгүй дарагдаж, сүүлдээ бүр орхигдож байгаа нь өөрөө нэгийг хэлээд байна аа даа...
 
-2017 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарлахад Монгол Улс есөн байр ухарсан байсан. Энэ юутай холбоотой байв?
 
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг тогтоодог олон шалгуур үзүүлэлтүүд байдаг. Манай улстай холбоотой мэдээллийг ямар байгууллага, хүмүүс боловсруулж өгч байгаа, ямар шалгуурыг нь хэрхэн үнэлснийг мэдэхгүй байна. Мэргэжлийн байгууллагын хувьд манайд хандсан юм байхгүй. Бусад газрууд ч бас тодорхой мэдээлэлгүй байх шиг байна. Ямар, ямар зөрчлийг голлох хүчин зүйл болгож авсныг мэдэхгүй. Гэхдээ хууль тогтоогчид, эрх баригчдын зүгээс хэвлэлийн эрх чөлөөнд хандах ерөнхий хандлага нь ухралтын байдалтай байгаа нь бодит үнэн учраас есөн байраар ухарсанд гайхах юм байхгүй.
 
-Хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэсэн улстөрчдийн башир арга нарийсч Зөрчлийн хуульд хэвлэл мэдээлэлтэй хамааралтай заалт оруулах гэж байна. Энэ талаар таны бодол?
 
-Өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байсан болохоор энэ асуудлыг олон хүн анзаарсан байх. Хэвлэл мэдээллийнхэн эв санааны нэгдэлтэйгээр эсэргүүцэл үзүүлсэн. Гүтгэлэг байх ёстой, сэтгүүлчид бусдыг гүтгэж болно  гэсэн байр сууриас  эсэргүүцсэн юм биш шүү. Тийм бүдүүлэг юм гэж хаа байхав. Бүгд хуульд захирагдах ёстой. Гэхдээ гүтгэлгийн асуудлыг Иргэний хуулиар зохицуулах боломжууд нь нээлттэй байхад заавал эдийн засгийн цагдан хяналтын хатуу хэлбэрийг сонгож авах нь буруу гэдгийг л ойлгуулах гэж оролдсон юм.
 
Сонин хэвлэлийнхэн гүтгэлээ гэж гаргасан гомдлын мөн чанарыг судлаад үзэхэд талаас илүү хувь нь санаатай үйлдэл биш, зүгээр л баримт фактыг дутуу мөчид нягталснаас үүдэлтэй мэргэжлийн алдаа байна. Гэтэл мэргэжлийн алдааг хуулиар биш, өөрийн зохицуулалтын байгууллагаар хэлэлцэн шийдүүлдэг олон улсын практик байна. Бид өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэлийн зөвлөлдөө хандаж иймэрхүү асуудлаа шийдүүлээд сурчихмаар байгаа юм.
 
Улстөрчдийн хувьд нэг зүйлийг хатуу ойлгох ёстой. Хэзээ ч хэрхэвч хөндөж үл болох үнэт зүйлийн нэг бол иргэдийн мэдэх эрх гэдгийг улстөрч болохоор шийдсэн хүн тархи толгойдоо анхнаас нь гүн бат суулгамаар байна. Өөрөөр байх боломж үгүйг хатуу санаж баймаар. Иргэдийн мэдэх эрхийг дээдлэнэ гэдэг маань хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрхийг дээдлэнэ гэсэн үг. Түүнд л гол нь байдаг болохоос, хэдэн сэтгүүлчид давуу эрх өгч давраагаад байгаа асуудал биш шүү дээ. Манай ахмад туршлагатай улстөрчид их улс төрд шинээр орж ирсэн нөхдөдөө үүнийг нэг сайхан тайлбарлаад ойлгуулаад өгчихвөл ардчиллын амин сүнсийг сугалах гэж дайрахаа больчих байх л даа. Хуулиар өөрийгөө хамгаалах биш, үг үйлдлээ зөв байлгаж байж бусдад үлгэр жишээ болох ёстой гэдгээ улстөрчид төдийгүй олны танил бүх хүн бодож хичээх ёстой.
 
-МСНЭ салбарын толгой байгууллагын хувьд үндэсний хэмжээний далайцтай ямар ажил өрнүүлж байна вэ?
 
-Бид хэр чадлаараа ажиллаж байна. Харъяа яамгүй салбарын толгой байгууллагын хувьд үндсэндээ яамны үүрэг хүртэл гүйцэтгэдэг. Хүн бүл цөөн, хөрөнгө мөнгө хомс Төрийн бус байгууллагын хувьд энэ бүхэн хүнд хэцүү ч хийх л ёстойгоос хойш хичээж л байна. Гэхдээ төрийн бус байгууллагын тухай хуулийг эргэж сайтар харахгүй бол хувийн эрх ашгаа эн тэргүүнд нь тавьсан ухвар мөчид хүмүүс янз бүрийн нэртэй тамга өвөртөлчихөөд салбарын нэрээр бизнес хийх, ажлыг биш ашгийг чухалчлах нь олон болжээ. Тэр бүү хэл МСНЭ хэмээх 66 жилийн түүхтэй манай байгууллагын нэр барьж төр, засгаар асуудал шийдүүлэх, МСНЭ-ийн үндэсний хэмжээний сүлжээг ашиглах, улс төрийн хүчнүүдийн хооронд  жороолох, төрийн мэдээллийн нэгдмэл бус байдлыг ашиглан энд тэндээс элдэв янзаар мөнгө хөрөнгө босгох асуудал сүүлийн үед хэрээс хэтэрч байна. Бусад салбарын хувьд ч ялгаагүй бас л ийм дүр зурагтай байгаа. Ийм нөхцөл байдал салбарын дотоод эв нэгдэл, хүчирхэг байдалд сөргөөр нөлөөлж буйг хаа хаанаа анхаармаар санагддаг.
 
Х.МОНГОЛХАТАН
 
Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top