Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Орхон аймгийн тэргүүлэх 5 телевиз, сонин, 2 сайт, 3 радио, хэвлэх үйлдвэр, пи-ар агентлаг зэрэг олон хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн "Орхон медиа групп” нээлтээ хийж, Орхон аймгийн хэвлэл мэдээллийн салбарын түүхэнд шинэ хуудсыг эргүүллээ.
Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээс илүү энэхүү өдрийг дуу хоолойгоо нэгтгэх өдөр хэмээн үздэг. "Орхон медиа групп” энэхүү явдлын томоохон бодит жишээ болж байна. Уурхайчид, илгээлтийн эздийн ирмүүн хөдөлмөрийн үр дүнд хээр талд шинэхэн хот сүндэрлэж байсан тэрхүү гайхалтай түүхийг бичиж эхэлсэн тэр л цагаас буюу 40 жилийн өмнө Эрдэнэт хотод хэвлэл мэдээллийн байгууллага үүсч хөгжсөн. Тэгвэл 40 жилийн түүхэнд анх удаа дөрөв дэхь засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж, иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон хамгийн эрхэм эрх болох мэдэх эрхийг дээдлэн, мэргэжлийн ур чадварыг өндөр түвшинд хүргэж, нийгмийн сайн сайханы төлөө эв эе, хүч, сэтгэл зүтгэлээ нэгтгэн, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байхаа илэрхийллээ.
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байж амжилтанд хүрч байсан олон жишээ бий. Тэгвэл сэтгүүлч уран бүтээлчидээс эвийн хүчийг дээдэлсэн ийм сайхан үлгэр дууриалал гарч ирж байгаа нь бахархмаар сайхан үйл явдал боллоо хэмээн "Орхон медиа групп” –ийн нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогсод онцолж байсан юм. Орхон медиа группийн бүрэлдэхүүнд Эрдэнэт хотын анхны чөлөөт телевиз, анхдагч сонины нэг болох "Шинэ мэдээ” сонин, анхны богино долгионы радио багтаж байгаа нь зүй ёсоор анхаарал татлаа. Хэвлэл мэдээллийн салбарын анхдагчидаас гадна сүүлийн үеийн технологийн дэвшил түүнийг даган хөгжиж буй шинэ хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэхүү группийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэд нийгмийн сайн сайханы төлөө нэгдсэн бодлоготой мэдээ мэдээллийг түгээх, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, сэтгүүлчийн ёс зүйн кодыг мөрдөх, энэ салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийг чадавхижуулах гээд олон ажлыг зохион байгуулах юм байна.
Б.Ариунболор