-Түмний эрх ашгийн төлөө төрийн төмөр нүүр "Энигма”-д хэрэгтэй юм биш үү-
Нийслэл болон БОАЖ-ын яамнаас Богдхан уулын Зайсангийн аманд 500 автомашины зогсоол барих шийдвэрийг гаргаад байна. Үүнийг улирч буй долоо хоногийн ”Ганц сайхан мэдээ” хэмээн иргэд тодорхойлсон. Түүнчлэн энэ шийдвэрээ яаралтай ажил болгох хэрэгтэй гэсэн сануулгыг араас нь дайж байгаа.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ зорилгоор "Энигма” компанийн дархан цаазат газарт эзэмшиж байгаа газраас 3 га газрыг төрийн мэдэлд авна гэдгээ мэдэгдсэн. Энэ газарт зөвхөн авто зогсоол төдийгүй явган хүний зам, хогийн сав, амрах сандал гээд иргэддээ зориулсан ая тухыг бий болгохоор төлөвлөжээ. Тухайлбал, энд хэд хэдэн бие засах газар байгуулж, 20 орчим хогийн сав байрлуулна.
Энэ асуудал Засгийн газрын түвшинд яригдаж, нийслэл болон БОАЖ-ын яамны хамтран хэрэгжүүлэх иргэддээ чиглэсэн томоохон шийдэл болж байгаа юм.
Монголчууд аялах дуртай болсон. Богдхан уул руу долоо хоногт дунджаар 10 мянга орчим иргэн аялдаг гэсэн судалгаа гарчээ. Амралт чөлөөт цагаа аялж өнгөрөөнө гэдэг сайн хэрэг. Хонины ганц морь гэдэг шиг нийслэлийнхний хувьд хажуухандаа хаяа дэрлэн дүнхийж байгаа дархан цаазат уулаа зорьдог. Утаа тоосоо умартаж агаарын сайханд алхаж, алжаал ядаргаагаа тайлах нь хувь хүний гэхээсээ илүүтэй цаанаа эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмж гэхчлэн нийгмийн ач тустай ажил яавч мөн. Тийм болохоор нийтийн эрх ашгийн төлөөх энэ шийдвэрт иргэд "онц” дүн тавьж "сайхан мэдээ” хэмээн тодотгосон нь тэр байх. Энэхүү ажлыг улсын баяраас өмнө хийж хэрэгжүүлэх бөгөөд хөрөнгө мөнгөний асуудал ч шийдэгдээд байгаа аж.
Гэвч сайн юманд садаа гэгч болж мэдэхээр байна. Юу гэвэл автомашины зогсоол байгуулна гэх сургаар мөнөөх "Энигма” компани нөгөө нийтийн эзэмшилд эргүүүлэн авахаар төлөвлөсөн газарт сургууль барина гэж нээлт хийж, мод сөөг тарих ажлыг сүр дуулиантай эхлүүлжээ. Энэ шоундаа өөрийн харъяа Үндэсний Их Сургуулийн оюутнуудаа оролцуулж, яаран сандран мод суулгах ажлыг шуурхайлсан юм байх. Мөнөөх тэнгэрийн дуунаар сэрэв гэдэг шиг л юм болсон бололтой. Ийнхүү Засгийн шийдвэрийг сөрсөн яаралтай хариу арга хэмжээ авч байгаа арга тактик нь нэг л танил санагдсан учир энэ компанийн талаархи мэдээллүүдийг эргэн харах шалтгаан болов.
Автомашины зогсоол байгуулна гэх сургаар "Энигма” компани нөгөө нийтийн эзэмшилд эргүүлэн авахаар төлөвлөсөн газарт сургууль барина гэж нээлт хийж, мод сөөг тарих ажлыг сүр дуулиантай эхлүүлжээ. Энэ шоундаа өөрийн харъяа Үндэсний Их Сургуулийн оюутнуудаа оролцуулж, яаран сандран мод суулгах ажлыг шуурхайлсан юм байх.
...2004 оны яг өдийд Байгаль орчин, ногоон хөгжилийн яамны гадаа хэсэг оюутнууд ногоон малгайгаар ижилсэж, бичиг шаардлага барьж жагсч билээ. Харин тэр оюутнууд нь Монголын Үндэсний Их сургуулийнх байв. Юуны учир тус компани харъяа сургуулийнхаа оюутнуудыг нохойд барьдаг мод гэгчээр төрийн яамны гадаа жагсаах болов. Тухайн үед тус сургуулийн оюутнууд яагаад жагсах болсон талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан А.Долгормаа "Зайсан толгойн орчим цахилгааны шугам тавих ажлыг бид улсын төсвөөр гүйцэтгэж эхлэн, ажлаа явуулж байгаа нь үнэн. Гэхдээ тэр ажлын хүрээнд байгаль орчинд халтай зүйл юу ч хийгээгүй. "Энигма” ХХК болон МҮИС-ийн өмчийн багахан газарт хоёр ширхэг цахилгааны мод татаж оруулсныг энэ хүмүүс эсэргүүцэж байгаа гэж ойлголоо. Нэмж хэлэхэд, харин ч "Энигма” гэж компани өмчилсөн газартаа байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулсан байдаг” гэсэн хариулт өгч байсан нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ. Тус компани тусгай хэрэгцээний газрыг өмчилж аваагүй нь лавтай байх. Төр тодорхой хугацаагаар эзэмшүүлж буй хэрэг. Гэтэл нийслэлийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах зорилгоор тухайн эзэмшил газарт хоёр шон босгохын төдийд жагсаал цуглаандаа хүрч байсан тус компани 3 га газраа эргүүлэн өгнө гэхээр зүрх нь дэлсэж, цөс нь хөөрөхгүй байж чадах уу. Нэгэнт шийдвэр гарсан болохоор жагсаад нэмэргүй, харин тэр газарт нь барилгын шав тавьж, мод сөөг нүхэнд булчихаад сууж байх "тэмцэл”-ийн арга хэлбэрийг бодож олсон нь тэр байх. Тэгээд баййгаль орчноо хамгаална гэж эсэргүүцнэ, болохгүй бол хэрүүл тэмцэл үүсгэнэ, харж л байгаарай.
Зайсангийн ам авто зогсоолтой болох нь нийтийн тусын тулд хийгдэж буй ажил. Мэдээж энэ бол нэг компанийн эрх ашгаас хол дээгүүр ажил. Гэтэл "Энигма-"гийнхан дээрхи үйлдлээрээ нийслэлийн иргэдийн өөдөөс дунд хуруугаа гаргаж байгаатай адил авирлав.
Ийнхүү дархан газарт "дархан эрх” эдэлж байгаа "Энигма” компани гэж хэн бэ. Зарим нэг мэдээллийн эх сурвалжид дурдснаар Солонгосын хөрөнгө оруулалттай компани бөгөөд аялал жуулчлал, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж. Зайсангийн аманд "Чингисийн хүрээ” жуулчны баазыг ажлуулахаас гадна Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийг байгуулан ажлуулж буй. Түүнчлэн тус компанийн захирал Л.Мөнхбатын нэр 2007 онд Талын монгол, Аляск нэртэй хуурамч архины хэргээр Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байсан гэх мэдээлэл цахим орчинд бас байж байх юм.
Ямартай ч тус компани Зайсангийн амны бараг гуравны нэг буюу нийтдээ 42 га газар эзэмшдэг нь энэ үеэр нийтэд ил тод болов. Тус компани 2004 оноос хойш Богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч өнөөдрийг хүртэл нийтдээ 42 га газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Дархан цаазтай тусгай зориулалтын газар яахаараа ингэж нэг компанийн гарт их хэмжээгээр олгогдов гэдэг нь бас анхаарал татах асуудал. Эзэмших нэг хэрэг түүнийг хэр үр бүтээлтэй ашиглаж байна вэ гэдэг нь өөр асуудал. Хараа баясгаж, сонор мялаах ямар бүтээн байгуулалт хийгдэв, нийслэлийнхнийг урин дуудах ямар үйлчилгээ, соёлыг энд нэвтрүүлэв гээд олон асуулт араас нь дагалдана. Харамсалтай нь энэ гээд хэлэх юм, тэр гээд харуулах зүйлээр тун маруухан. "Чингисийн Өргөө" буудал нь дулааны улиралд л үүд хаалгаа нээдэг, амарч цэнгэхээсээ илүүтэй архидалт хавтгайрсан газар гэх шүүмжлэл сонсогддог. Тэр том эзэмшил газраа баталгаажуулж байхын тулд энд тэнд олон бетон гэр тарааж барьсан гэх бөгөөд тав тух, аль ч талааасаа жуулчдын хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаггүй, харин өөрийнх нь МҮИС-ийн оюутнууд нь хааяа очиж хоноглодог аж.
Өөр бас нэг таагүй мэдээлэл дуулдаж байгаа нь "Энигма”сүүлийн хоёр жил газар ашигласны төлбөрөө төлөөгүй байгаа гэнэ. Хуулиараа улсын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий этгээд нэг жилд 1 га газарт 13.2 сая төгрөгийн төлбөр төлөх ёстой. Ингэж тооцвол "Энигма” ХХК-ийнхан тэрбум гаруй төгрөгийн өр төлбөртэй гэсэн үг.
Энэ компани одоогоор нэг иймэрхүү илэрхийлэл тодотголтой байна.Мэдээж, тус компанийн асуудал гэнэт ингэж сөхөгдөх болсон нь эзэмшил газраас нь 3 га газрыг төрийн хэрэгцээнд эргүүлэн авах шийдвэр байв. Гэтэл энэ шийдвэрийг сөрж эсэргүүцэн тухайн газарт яаран сандран шав тавьж, мод сөөг тарьсан нь олны дургүйцлийг хүргэж байгаа юм. Юуны өмнө нийтийн эрх ашгийг үл тоомсорлосон нь тэд хэн бэ гэдгийг нь тодотгож өглөө.
Тиймээс хууль журам үйлчилдэггүй нөхдөд төрийн төмөр нүүрийг харуул, Д.Оюунхорол сайдаа гэцгээж байна. Үүнийг нь цахим орчноор дэмжиж 3 га биш 42 га газрынх нь тусгай зөвшөөрлийг цуцла хэмээн ташуурдаж байна.
М.Нэргүй