Тун ч саяхан даа, олон нийтийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” болон хувийн өмчит "Энержи Ресурс” гэх хоёр компанийн Тавантолгой орд дахь үйл ажиллагаа, ашиг хонжооны тухай харьцуулсан нийтлэл уншиж билээ. Тэндээс харахад, төрийн мэдэлд байгаа компанийн алдагдал тогтмол өсч, ашиг гээд байх зүйл огт олохгүй байсаар нэг жилийн хугацааг үджээ. Харин хувийн өмч дэх "Энержи Ресурс” туйлын ашигтай, амжилттай ажилласан байх юм. Энэ хоёрын гол ялгаа нь өмчлөлийн хэлбэр төдийхөн мэт байвч нидэр дээрээ өдөр шөнө шиг л өөр гэдэг нь ойлгомжтой юм.
Өнөөдөр Монгол Улсын хувийн хэвшилд л хамаг сайн боловсон хүчин, өндөр боловсролтой, чин сэтгэлээсээ ажиллая гэсэн залуус хөдөлмөрлөж байгаа. Яагаад гэвэл тэдэнд төрийн албанд орох боломж бага.
Яг л адилхан хүн хүч, техник технологитой, яг л адилхан газар үйл ажиллагаа явуулж байгаа, нарийн яривал олон нийтийн гэх тодотголтой "Эрдэнэс Тавантолгой” компанид бүхий л шатны давуу эрх ногдож байгаа нь нууц биш. Тэгсэн атал яагаад ингэж ялгарах болов.
Үүний хариултыг дээр дурдсан. Төрийн болон хувийн хэвшлийн үндсэн ялгаа гэж. Өөрөөр хэлбэл энэ хоёр салбар дахь боловсон хүчин, ажиллагсдын үндсэн ялгаа юм. Өнөөдөр Монгол Улсын хувийн хэвшилд л хамаг сайн боловсон хүчин, өндөр боловсролтой, чин сэтгэлээсээ ажиллая гэсэн залуус хөдөлмөрлөж байгаа. Яагаад гэвэл тэдэнд төрийн албанд орох боломж бага.
Ерөөс төрийн алба гээчийн босгыг танил талгүй хүн давж орох шиг ээдрээтэй юм үгүй. Аль өнгөрсөн нийгмийн элдэв шаардлагыг тавьж, үе үеийн намтар, эрүү шүдний тоо, эцэг, эхийн ар тал, ажилласан жилийн туршлага гэх мэтийг нэхнэ. Ажиллах байдалд онц нөлөөгүй эдгээр шаардлага нь залуусыг төрийн албанаас жийрхэх шалтгаан болж, тэд хувийн хэвшилд амжилт гаргахаар явдаг.
Үүнтэй зэрэгцэн төрийн албанд тухайн байгууллагын удирдлагын ах дүүс, хамаатан садан, ураг төрөл, найз нөхдийн хэлхээ холбооноос бүрдсэн хүний нөөц бий болох ба тэд бүгд Төрийн албаны шалгалтыг даван гарчихдаг нь бүр ч сонин. Гол нь шалгалтаас гадна нөгөөх ажлын туршлага гэх мэт шаардлагыг ч өлхөн давчихсан байдаг нь хамгийн хачирхмаар зүйл.
Статистик дүнгээс харахад төрд алба хааж буй хүний тоо 200 мянгаас хэтэрчээ. Улс төр, төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээ гэх мэт төрөлд хуваагдах энэ олон алба хаагчийн "үнэнч” ажлын үр дүнд өнөөдөр Монгол Улсад төрийн гэгдэх бүхий л байгууллагын өнгө төрх бүрэлдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Харин хувийн хэвшлийн амжилтыг төрд "гологдсон”, "туршлагагүй” залуусын гавьяа гэж болно.
Ер нь төрийн алба хаагч болоход тулгарч буй хамгийн том асуудал нь туршлагын тухай онцгойлон заасан явдал. Гадаад, дотоодод докторын зэргээ амжилттай хамгаалсан, боловсрол өндөртэй нэгэн ч ажлын туршлагагүй гэх шалтгаанаар төрийн алба горилогчдын эгнээнээс шууд хасагддаг. Мөн ажиллах чин эрмэлзэл нь ид дүрэлзэж буй 20-30 насны залуус ч энэ нөхцөлд тулгагдан төрийн албаны талаар бодох ч эрхгүй болдог. Ингээд мэдлэг, боловсрол дүүрэн залуус хувийн хэвшлийг сонгох л сонголттой үлдэнэ. Ингээд тэдний орох ёстой ажлын байрыг Дэнзэн, Сарантуяа, эсвэл Одонтуяагийн нөхөр, аль нэг алдартай хамтлагийн дуучин эзэлдэг бөгөөд үр дүн нь данхар, сульдаа төр. Нэг чадалтай мэргэжилтний орыг олон чадваргүй ах дүүс, хамаатан садан, дуучин, бөхчүүд эзэлсэн учраас төрийн зардал, зарлага тогтмол өссөөр байгаа гэхэд хилсдэхгүй.
Төрийн албанд ажлын туршлага гэх шаардлага тавих нь зөв ч бүх шатанд хавтгайруулан гурван жилийн ажилласан байдлын баталгаа нэхэх нь хэтэрхий явцуу гэмээр. Нөгөө талаар төр нэгэнт бүтцээ багасгах бодолгүй байгаа бол төрийн алба гэх энэ том салбартаа өндөр боловсролтой ч туршлага нимгэн залуусыг татан авч, бага шатнаас туршлагажуулж, төрийн жинхэнэ нэрлэгдсэн албан хаагчдыг төрүүлэх шаардлагатай гэж боловсролын байгууллагынхан мэдэгдсэн удаа ч бий.
Тодруулбал, их, дээд сургуулиа дөнгөж төгссөн, эсхүл мэргэжлийн зэрэг ахиулсан төгсөгчид шууд төрийн албанд орж ажиллах хэрэггэй. Үүний тулд хамгийн доод шатнаас эхлэн ажиллах ба эхний гурван жилийг төрийн албанд өнгөрүүлсний дараа сая шалгалт авах зарчмаар цаашид төрийн албанд тэнцэж ажиллах боломжтой эсэхийг нь тодорхойлох нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн юм.
Гадаад орнуудад ч энэ зарчим үйлчилдэг, тул төрийн албанд хамгийн шилдэг боловсон хүчнүүд ажилладаг аж. Ялангуяа яамд, гүйцэтгэх нэгжүүдэд дээрх байдлаар ажилтан сонгож авдаг учраас өндөр хөгжилтэй орнуудад залуу шилдэг мэргэжилтнүүд эхнээсээ төрийн албаар дагнан туршлагажиж, энэ нь удаан хугацаанд үр өгөөжөө өгдөг юм байна.
Харин манайд эсрэгээрээ байх ба төр өөрийн дадлагажуулах үүргийг хувийн хэвшлийнхэн нуруунд тохож орхидог. Хамгийн сонин нь, хувийн хэвшлийнхний туршлагажуулж өгсөн мэргэжилтэн, ажилтнууд ч төрийн алба руу санаархах хэцүү. Учир нь мөнөөх нь хамаатан, садан, найз нөхөд гэсэн хэлхээ холбоо үгүй бол хэчнээн туршлагатай, чадвартай ч энэ албаны босгыг алхах тухай бодох ч хэрэггүй. Урагшгүй ноёнд ухаангүй албат гэдэг үгийн утга нь тэр чигээрээ Монгол төр мэт.
Эх сурвалж: Өглөөний сонин
Р.Саруул