Өнгөрөгч парламентын үед УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын нэр бүхий гишүүд Монгол хэлний тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулж байлаа. Тухайн үед бичгийн эрдэмтэд ийм чухал хуулийн төсөл батлуулж өгсөн М.Батчимэг нарт хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг барихаас наагуур л талархал илэрхийлж байлаа. Тун ч сүржин сурталчилгаатай батлагдаж байсан энэ хууль харамсалтай нь хэрэгжсэнгүй. 2015 оны долдугаар сарын 1-нээс буюу хоёр жилийн хугацаанд ахиц дэвшил төдийлөн гараагүй юм. Монголын хууль гурав хоног гэгчээр батлагдсан даруйд нь хэрэгжүүлэх гэж оролдсон ч тэгсхийгээд мартагджээ.
Тухайн хуулийн гол амин сүнс нь монгол бичгийн өв соёлыг олон нийтэд сурталчлах байсан. Улмаар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болгон өөр өөрсдийн хаягаа монгол хэлээр бичих, Төрийн албаны шалгалт өгч буй хүмүүсээс монгол хэлний шалгалт авах, Элсэлтийн шалгалтад монгол бичгээр авах заалт оруулах, албан бичгийг 2025 оноос хойш монгол бичгээр давхар бичих, Төрийн хэлний зөвлөл байгуулах гэх мэтээр заалтууд оруулахаар болсон билээ.
Мөн есөн гишүүний бүрэлдэхүүнтэй хэлний зөвлөл хэвлэл мэдээллийн буруу зөрүү бичиж байгаа асуудлыг хянаж шалгаад зөвлөмж хүргүүлэх гэх мэтээр тун ч шуурхай ажиллах заалттай хууль батлагдсан.
Даанч хууль гууль болоод өнгөрлөө. Хоёр жилийн хугацаанд эх хэлний асуудал эмхэндээ орж чадсангүй. Магад төрийн албан хаагчид, ЕБС-ийн төгсөгчдөөс монгол хэлээр шалгалт авах гэх мэт жижигхэн заалт нь хэрэгжиж байж болох ч нэг үгийг олон янзаар бичдэг асуудал өнөө хэр асуудал дагуулсаар байна. Тэр ч байтугай тэрбээр,тэрээр гэдгээ ялгаж салгахгүй, зургадугаар, зургаадугаар гэж бичдэг нь хэвээр байна. Нийслэлийн гудамж эрээвэр хураавар хаягнаасаа салсангүй. Монгол бичгээр байтугай монгол хэлээр хаягаа хадсан газар хуруу дарам цөөхөн байгаа юм.
Хэвлэл мэдээлэл өөр өөрсдийн үзэмжээр үгийн сонголтоо хийдэг байдал засарсангүй. Хуулийг баталж байх үед хадаг бариад гүйж байсан эрдэмтэд ч энэ талаар дуугарахаа больжээ. Өвгөн болсон ах минь улсынхаа нийслэлд орж ирчихээд ганц дэлгүүр олж чадахгүй бүтэн таван цаг төөрч байх юм. Англиар биччихсэн дэлгүүр, худалдааны төв, хаяг нь ойлгомжгүй газруудын нэрсийг тогтооно гэдэг хөдөөгийн малчин ахад байтугай бидний хувьд ч хүндрэлтэй. Англи хэлний наад захын мэдлэггүй бол улсын нийслэлд амьдрахад хэцүү болчихоод байна.
Тэр ч байтугай англи галигаар хүртэл дэлгүүрийнхээ нэрийг бичиж хийрхэж байна, монголчууд. Бид хөгжиж дэвшиж байж болно. Гэхдээ нээсэн газар бүртээ англи нэр өгч, англиар хаяг бичнэ гэдэг нь улс хөгжиж байгаа хэрэг огт биш. Харин ч эсрэгээрээ энэ бол хийрхэл, хэнээрхэл. Бусдыг даган дуурайж байгаа арчаагүй үйлдэл. Байшин болгоны хонгилд хоолны газар нээж түүндээ тун ч чамин нэр өгчихнө.
Зоогийн газар, хоолны газар гэх мэтээр хэдэн янзаар эх сайхан монгол хэлээрээ бичиж, нэрлэж болох атал ресторан хэмээн бичиж, дуудах нь элбэг. Энэ мэтээр маш олон жишээ бичиж болно. Хан-Уул, Баянгол гэх мэт дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дийлэнх олонхи нь энэ мэт гадаад нэртэй. Гэр хороололд энэ байдал харьцангуй гайгүй байсан ч сүүлийн жилүүдэд гэр хорооллын жижигхэн дэлгүүр хүртэл англи нэртэй болцгоож байна. Үүнийг хянах учиртай хэлний зөвлөл хаана юу хийж суугааг мэдэх юм алга.
Хяналтгүй, буух эзэн буцах хаяггүй хууль баталсны гор ингэж л гарч байна. Тухайн үед хуулийг сүр дуулиантай баталж байсан гишүүдээс өнөөгийн парламентад бараг л хүн үлдээгүй. Ихэнх нь жирийн иргэд болцгоосон. Гэсэн ч сэтгэл байвал батлуулсан хуульдаа анхаарал хандуулж хэрхэн хэрэгжиж байгаа талаар чих тавьчихдаг бол сайнсан. Хадаг сүүтэй баталсан хуулиа хэрэгжүүлэх талаар ажиллахгүй байгаа Хэлний зөвлөлд хэн хяналт тавих вэ. Улсынхаа нийслэлд төөрч будилж, амьдрахын тулд англи хэл сурахаас аргагүйд хүрч байгаа монголчуудын эх хэлний дархлаа улам л алдагдаж байна. Монгол төрийн бодлого хэдий болтол ямар ч залгамж халаагүй урагшлах хэрэг вэ.