Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас гэж та сонссон уу. Бидний нэрлэдгээр "13-ын А” маягт л даа. Нэлээд хэдэн жилийн өмнө 36 дугаар маягт гэж байсан. Түүний шинэчилсэн хувилбар нь энэ юм. "13-ын А” бол нарийн мэргэжлийн эмчид, III шатлалын эмнэлэгт үзүүлэх нэг ёсны виз. Энэ визийг гаргуулах гэж иргэд хэрхэн хөөцөлдөж, хэр удаан хүлээдэг билээ дээ. Өвчтөн "13-ын А” маягттай болно гэдэг гадаадад аялах виз авсантай л адил. Үнэндээ бодит амьдрал дээр ийм болчихоод байна.
Монгол Улс гурван сая гаруй хүн амтай. Эмнэлгүүдийн ачаалал дийлдэхгүй байгаа нь нэг талаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүмүүсийн тоо хэр их байгааг илэрхийлж байгаа хэрэг. Эрүүл мэндийн даатгалаа бөглүүлээгүй бол эмнэлэгт үзүүлэх эрхгүй, үхсэн ч тэр хүний хохь гэсэн бичигдээгүй хууль өнөөдөр манай улсад үйлчилдэг. Тэгвэл үүнтэй адил иргэд "13-ын А” маягтгүй л бол III шатлалын эмнэлэгт үзүүлэх боломжгүй болоод байна. Ер нь л ийм байсан.
Өнөөдөр Монгол Улсын захын сум, багаас эхлээд цахимжаад, Шилэн дансны хууль хүртэл батлагдан хэрэгжиж байгаа. Гэтэл хүн амын хамгийн чухал зүйл болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нөгөө л дээр үеийн цаасаараа хэмждэг хэвээрээ байна. Товчхоноор хэлбэл, иргэд "13-ын А” маягтыг авах гэж үйлээ үздэг болжээ. Улсын I, II төв эмнэлэг, эсвэл Эх хүүхдийн эрүүл мэндийн төв эмнэлэг зэрэг нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай бол эхлээд та өрхийн эмнэлгийг зорино. Өрхийн эмч өвчтөнийг III шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж үзвэл "13-ын А” маягтын бичилтийг хийнэ. Ингээд болчихгүй. Маягт нь тамгатай байх ёстой. Тэр тамга нь өрхөд биш дүүрэгт "хадгалаастай”. Тиймээс өрхөөс дүүргийн Эрүүл мэндийн төвд ирж тамга даруулна. Байзаарай, энэ үйл явц тийм ч хурдан өрнөхгүй. Улаанбаатар хотын есөн дүүргийн 150 хороо харилцан адилгүй байршилтай. Тэр бүрт өрхийн эмнэлэг нь хотын төвөөс алслагдмал байх нь олон.
Алслагдсан өрхийн эмнэлгээс "13-ын А” маягт аваад, түүнийгээ дүүрэгт аваачиж тамгалуулах нэг өдрийн ажил биш. Энэ нь орон нутагт улам чирэгдэлтэй. Сумын төвийн иргэн аймгийн Нэгдсэн эмнэлгээс маягт авч нийслэлийг зорино. Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн байлаа гэж бодъё. Баруунтуруун бол аймгийн төвөөсөө 200 орчим км алслагдсан сум. Сумын эмнэлгээсээ маягтаа бүрмөсөн авчихдаг бол шууд хот руу гарах шулуун замтай. Гэтэл аймгаас баталгаажих учир хот руу биш цааш аймгийн төвийг зорих хэрэг гарна. Тийм холоос, шороон замаар аймгийн төв орно гэдэг нэг өдрийн ажил. Маягтаа авчихвал буцаад сумынхаа дэргэдүүр гараад хот руу явж таардаг. Ерөөс "13-ын А” маягтыг авна гэдэг барагтаа ажлын долоо хоногт амжиж авах нь халаг болдог юм байна. Өвчин гэдэг хэлж ирж, хүссэн хугацаагаар намжааж болдог зүйл биш. Нарийн шатлалын эмнэлгийг зорих болсон нь зүгээр нэг энгийн ханиад, халуун биш байж таараа. "13-ын А” маягтыг авах гэж ингэж зүдэрч явах зуур өвчин хүндрэх нь гарцаагүй. Энэ л хамгийн хүндрэлтэй, иргэдэд тулгамдсан асуудал болоод байна. Угтаа эрүүл мэндийн даатгал төлж буй хэн ч эмнэлгээ өөрөө сонгох хуультай. Гэтэл иргэнд "13-ын А” гэх маягтаар дөнгө хийгээд байдаг нь цаанаа шалтгаантай ажээ.
Эмнэлгийн тусламж нэг, хоёр, гурван шатлалтай. Мэдээж хөнгөн хэлбэрийн өвчнийг анхан шатны эмнэлгээс тусламж авчихаж болно. Гурав дахь шатлалын эмнэлгүүд ачааллаа дийлдэггүйгээс өвчтөн заавал анхан шатны эмнэлэгт хандсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг юм байна. Нарийн мэргэжлийн үйлчилгээ авах шаардлагагүй өвчтөн ирэхээс сэргийлдэг аж. Бодлогын хувьд үгүйсгэж болохгүй шийдвэр. Харин зайлшгүй төв эмнэлэгт хандах шаардлагатай иргэн нөгөө л маягттай байх ёстой. Учир нь энэ маягтаар эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт татаж авдаг юм байна. Үүнийг "13-ын Б” маягт гэдэг. Өвчтөнд "13-ын А” маягт хийж өгсөн аймаг, дүүргийн эмнэлэгт "13-ын Б” маягтаар эрүүл мэндийн даатгалаас мөнгө ордог юм байна. Тиймээс иргэнд дөнгө болсон энэ маягтыг заавал авахыг шаардаад байдаг шалтгаан нь ердөө л энэ.
Дээр өгүүлснээр сум, багийнхан хүртэл цахим системд шилжиж эхлээд байхад алгын чинээ хуудасны төлөө иргэн эрүүл мэндээ золиослон хэдэн хоног, өдрөөр ийш тийш явах шаардлага байна уу. Өвчтөнд илгээх хуудсыг цахим системд яагаад оруулж болохгүй гэж.
Уг нь Монголын эрүүл мэндийн салбар аль хэдийнэ "цахимжчихжээ”. Эрүүл мэндийн яамнаас "Цахим эрүүл мэнд” гэх хоёр ч төслийг гадаадын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлжээ.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжсэн "Цахим эрүүл мэнд” төсөл гэж байна. Нийт санхүүжилт нь 18.9 сая ам.доллар юм байна. Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн дэд бүтцийг шинэчилж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хоёр болон гурав дахь шатлалын улсын эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой гэнэ. Төсөл 2014-2016 онд хэрэгжиж дууссан байна. Төслийг хэрэгжүүлснээр үйлчлүүлэгч аль нэг эмнэлэгт очиж үйлчлүүлэхэд өмнөх үзүүлсэн мэдээллүүдийг тухайн үзэж буй эмч төвлөрсөн өгөгдлийн сангаас дуудан харах боломжтой. Шаардлагатай давтан шинжилгээний тоог бууруулж зардлыг хэмнэх зэргээр нааштай олон үр дүн гарна гэж тооцоолжээ. Хамгийн гол нь эмчид үзүүлэх цаг товлолтын систем нэвтэрч, хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, эмнэлгийн ачаалал буурна гэсэн нь анхаарал татав.
Яг үнэндээ энэ төслөөр "13-ын А” маягтын ил хэрэгцээг хангачихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт үйлчлүүлэгчийн бүртгэл, эмчилгээний шинжилгээний хуваарь цахим хэлбэрт орсон нь энэ. Харин ийм маягттай өвчтөн хүлээж авсан эмнэлгийн дансанд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авдаг далд хэрэгцээ л "13-ын А” маягтыг тогтоон бариад байх шиг байна. Тиймээс иргэдэд дөнгө, эмнэлгүүдэд мөнгө болдог "13-ын А” маягтыг халъя.
Зууны мэдээ
Б.Энхзаяа