I
Ямар халуун салхитай, яасан бүгчим өдрүүд вэ! гэх зөрөх өнгөрөх хүмүүсийн яриа чихний үзүүрт дуулдана. Салхилж байгаа нь л сайхан биш үү дээ. Нохой гаслам халуун ч огтоос салхилж анхилдаггүй газар байдаг.
Бур бур хийсэн бороотой
Сэр сэр хийсэн салхитай
Халах халуунгүй
Хөрөх хүйтэнгүй
Бурхан бумбын орон гэдэг л эх нутаг минь юм даа. Хүмүүсийн урсгалыг сөрөн хийн урсгалын тухай бодон "Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадмыг зорин алхаж буй минь энэ. Чөлөөт, салхи гэх үгс ямар нэгэн шижимээр холбоотой мэт санагдахуй байшин, барилгын сүүдэр даган алхаж, тэрүүхэн зайцаас үлээх сэрүүн салхинд сэрүүцнэ. Ийм салхийг бид "хулгай салхи” гэж нэрлэдэг. Бас "таньдаг”. Чөлөөт сэтгэлгээ хэмээх үгийг эргэцүүлэн ийн явахуйд зөрөн алхах, гүйцэн алхах бүх хүмүүсийг би зөрж сөрөн яваа шиг, өөрөөсөө л салхи үүсгэн сэвэлзэж буй мэт сэтгэгдэв. Ай, салхитай сэлгүүн бодол минь хэчнээн хүнд чи ингэж сэрэгдээ бол оо...
Явуулын хүн шиг борооны ус урсан одох замаар
Явган салхийг хөлөөрөө хайчлан алхдагсан... (№8)
Явган салхийг хөлөөрөө хайчлан алхдагсан... (№8)
II
Тохиолог нэгэн уушийн газар, урлагийн тоглолтууд, уран зохиолын тухай яриа, уулзахыг хүссэн хүмүүс. Наадмын гэх уур амьсгал өчүүхэн ч алга. Хэн шүлэг унших, хэний найраг шилдэг болох нь үл мэдэгдэнэ. Бүгчимхэн суурингийнхаа "суугчид”-ыг цөмий нь авчран энд салхилуулмаар бодлын сэрүү татаад явчихлаа... Хэдий шагналт наадам ч гэлээ, яруу найргийн уншлага, уран бүтээлчдийн цугларалт гэж хэлмээр сайхан мэдрэмж төрнө. "Чөлөөт сэтгэлгээний дуулал”-ын өнгө төрх, үлгэр жишээ үе үед ийм л байсан даа.
Улаан дээвэртэй байшин дээр
Ганц тагтаа цагирган боов тонших
Унагачихвий гэхээс санаагаа чилээх
Салхивчаа хааж, орлуугаа зүглэх
Нар жаргаагүйд гоморхох
Хөндий орцонд хэн нэгний хөлийн чимээ
Манайд л биш бол... санаа амрах
Ганцаар байх минь надад их зохидог
Яг л цагирган боовыг ганц тагтаа тоншиж байх шиг (№2)
III
Тэртээ 1962 онд түүхт МУИС-ийн Утга зохиолын дугуйлангаас гишүүдийнхээ бүтээлээс шигшин, эрхэлж хэвлүүлсэн "Идэр оюуны ундраа” түүвэрт Б.Жамд хэмээх найрагч,
"...Талын цэцгийн үнэрийг мөр бүрдээ шингээсэн
Тансаг яруу найргийн эртний шимтэй охь...
Монголын нууц товчоо гүнд нь хүршгүй далай юм
Мохошгүй билэг авьяастныг өөртөө татах соронзон юм”[1]
гэж монгол түмнийхээ билгүүн шашдир болсон бүтээлийн тухай тун ч "чөлөөтэй”, мэдрэмжтэй дуулж байсан ахул "Чөлөөт сэтгэлгээний дуулал”-2017 наадамд нэгэн залуу уран бүтээлчийн шүлэгт,
Тэднийг би зүрхэндээ тээж явна аа!
Мөглөндөө амь тавьсан хэлмэгдсэд шиг
Мөддөө хэн ч цагаатгахгүй алдаа бүхнийхээ өмнө
Нууц товчооны аль нэг хуудсанд
Нуугдаж хоцорсон дайны баатар шиг айдсаа дарж сурнам
Жанч халахад хэн ч нулимс дусаахгүй
Даяаны амьдрал шиг ганцаардан төгсмүй (№4)
гэж агуу "нууц товчоо” маань уянгын( яруу найргийн) сэтгэлгээгээр хэрхэн "түүхэн текст” болон шилжирсэн чөлөөт бичлэг, чимбай урлалыг харж болохоор байна. Мөн мөглөн, хэлмэгдэгсэд, цагаатгал, жанч халах, даяаны амьдрал гэсэн үгсийн чинадаас үндэсний мэдрэхүй нөр цуурайлсан түүхэн ухамсрын ойлборууд найрагчийн хүслэнтэй хослон инагш анирлан дуулдах ажгуу.
IV
Цагаалж ирсэн улиасыг хэдэнтээ хөрөөдөж хагалах
Цаг мөнхөд өвлийг тэгж хүлээхгүй!
Цаашдаа тосно, бас зорьж авчирна...(№9)
Цаг мөнхөд өвлийг тэгж хүлээхгүй!
Цаашдаа тосно, бас зорьж авчирна...(№9)
Өвөл гэхүйд өвөг болж одсон өвөө минь л бодогдоно. Мод хөрөөдөх, хөрөөдөхөд хөдөлгөлгүй сууж өгөх, мод хагалах, яртай модыг яаж цохих, дөрөлжөө дүүргэх, зуухаа галлах, цас цэвэрлэх, зам гаргах, усанд явах, шатар тоглох, юм засах, хаалга бөхлөх, хууч ярих... Нээрэн л аварга хөрөөний хүнгэнэх дуунд модны үртэс үсчихийг харан "юу ч бодолгүй” бүүвэйлэгдэж, хэдэн тайрдас гарахыг л тоолж суусан жаалхүү хашаатай тэнцэхүйц өндөр түлээ бэлдэн өрчихөөд наана нь өлгийтэй хүүгээ бүүвэйлэн турь муутай өвлийн наранд ээнхэн өнө хождын өвлийг сэтгэн сууна, одоо...
...Яах ч билээ! гуниг гэдэг мөнхийн зүйл
Яасан ч гэж нугарах билээ, энд
Жаалууд дандаа л
Жаргалтай инээдэг шүү дээ! (№9)
Яасан ч гэж нугарах билээ, энд
Жаалууд дандаа л
Жаргалтай инээдэг шүү дээ! (№9)
Ай даа, шатар зааж өгсөн өвөө минь надад шатар ч ганцхан "заагаагүй” ажээ. Өвлийн шөнө дулаан үлгэр сонсох мэт энэ шүлгийн эхний гурван мөр л(бүтнээр нь заавал уншихыг зөвлөе) надад ийм их зүйлийг бодуулж, нэхэн ухаарууллаа. Таньд ч бас бүлээн оргиулсан гэгээн танил мэдрэмж торсон гэдэгт эргэлзэхгүй байна.
V
"Чөлөөт сэтгэлгээний дуулал”-2017 наадмын шүлгүүдэд хот, суурингийн тухай сэдэв зонхилох хандлагатай орж иржээ. Гэхдээ шүүлт шалгуур,(мэргэжлийн болоод мэргэжлийн бус хүмүүс дүгнэсэн) зохион байгуулалт(шүлгийг кодлон уншуулсан)сайн хийгдсэний дүнд ижил сэдэвтэй ч ихэргүй өгүүлэмж, сэтгэмжтэй бүтээлүүд шалгарч. Хоёрхон жишээ сонирхуулъя.
...Суугчид нь нүүсэн суурин шиг
Цутгамал хэдэн дурсамжууд л бий... (№7)
...Эцэнги сарны наахан сүүдэр сүүдрээ налаад
Эгэл дүнзэн байшингууд дүлий хүн шиг оргих нь
Эцэстээ намайг хүлээх "Хүн суурин" юм... (№8)
Эгэл дүнзэн байшингууд дүлий хүн шиг оргих нь
Эцэстээ намайг хүлээх "Хүн суурин" юм... (№8)
VI
Уран зохиол судлаач, доктор Г.Галбаяр "МУИС –ийн Утга зохиолын дугуйлангийн үүсэл, хөгжил, хувьсал”хэмээх өгүүлэлдээ "МУИС-ийн Утга зохиолын дугуйлангаас эрхлэн гаргасан түүврүүдийг дэс даруулуулан уншсаны дараа уран зохиолын тухай зөв мэдрэмж, эрэл хайгуул, чөлөөт сэтгэлгээ, түүний урлал энд дархлагдаж байжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Учир нь энэ дугуйлангийнхан ямар нэг захиалга, шахалт дарамтад оролгүй зөвхөн авьяас билигт хөтлөгдөн түүнийгээ тогтолцоотой онол судлалаар баяжуулан туурвиж ирсэн тул тэдний зам мөр урт, үйлс гэгээн явж иржээ”[2] хэмээжихүй.
Дугуйлангийн үр дүнгийн шууд үргэлжлэл болох "Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадам ч дээрх тодохойлолтод бүрнээ багтахыг энэ жилийн шилдэг шүлгүүдээс түүвэрлэн нэмэлт тайлбаргүй эшлэхийг хүслээ.
Ард үлдсэн бүхэнминь эхлэл бас төгсгөл
Навчис унах бүрт нэг нас хорогдлоо ч
Ажиралгүй өвлийг угтсаар, давсаар
Аль нь амьд явах юм бэ?
Амьдрах уу эсвэл үхэх үү
Аль нь өвөл юм бэ?
Бороотой нь уу, цастай нь уу (№6)
...Чамайгаа бодон санаашрахад
Шувуунаас өөр юм тоохгүй, хаваржаан дээр үлдсэн шон мэт
Ганцаар хаягдснаа мэдрэх шиг болно
Навч үгүй болсон намар оройн ганц улиас шиг
Наашаа цаашаа гэх юмгүй хувхайрчих вий гэж айна
Чамайг харин харахаар намираа борооны дараах
Чийг даасан уяаны шон шиг гэрэлтэнэ (№11)
...Ганцаардал ч хөтлөхгүй гараа үүрч зогсох шиг
Үлээх салхи ий.
Хүрээд ирнэ гэж итгэхгүй болсон
Хүлээлт
Хүнд, хэцүү, ..., гунигтай
Хүнд анзаарагдахгүй ичимхий нулимстай.
Би шүлгээ бичиж, чи түүнийг уншиж
Ингэж л амьдрах юм сан- мөрөөдөл шиг үдэш ээ (№12)
Нүдээ нээмээргүй байна
Одоо л нээчихвэл
Үгсийн минь амиа хорлолтууд
Үг хэлж эхэлнэ.
Дүүжлүүрт орж дүрээ гээсэн хөгшин навч
Дөнгөж мэндэлж байснаа дурсаад уйлж байгааг харна
Жирэмсэн "о"үсэг хэвлийгээ зүсч "ө" болоод
Жижигхэн гараар минь нүгэл үйлдүүлж л таарна... (№14)
Одоо л нээчихвэл
Үгсийн минь амиа хорлолтууд
Үг хэлж эхэлнэ.
Дүүжлүүрт орж дүрээ гээсэн хөгшин навч
Дөнгөж мэндэлж байснаа дурсаад уйлж байгааг харна
Жирэмсэн "о"үсэг хэвлийгээ зүсч "ө" болоод
Жижигхэн гараар минь нүгэл үйлдүүлж л таарна... (№14)
VII
... Энэлэх шаналах нь шүүдрийн дуслаар нулимсардгийг таниад
Эхлэх хийгээд төгсөхүй тоононд бэдэртдэгийг ухаарчихаад
Цаг хугацаа тийш ганцаар одном би (№10)
гэж бичиж буй идэр оюуны ундраа болсон шинэ үеийн залуус. Шинэ зууны, шинэ мянганы монголын их утга зохиолд дөрөө харшуулан дүүхэлзэн давхицгааж алсыг зорих чинхүү сэтгэл, чөлөөт сэтгэлгээний салхин эдгээр залуусаас хангалттай сэрчигнэж байнам.
"МУИС-ийн Утга зохиолын нэгдэл бол монголын орчин үеийн уран зохиолын үе үеийн уран дархчуулыг төрүүлсэн урлах эрдмийн уурхай юм...Удахгүй уран зохиолд дахин нэг тэсрэлт эндээс эхэлнэ гэдэгт итгэж явдаг”(Д.Галбаатар (Sc.D), профессор)
VIII
Нэг шинэ юм биччихээд их сургууль, II байр, гурван давхар, гурван хөшөө, уран зохиолын тэнхим, эрхэм дотно багш нартаа очихын хүслэнгээр шат өөд бүдчин барин явахад "удаан”-ыг ээ... Дуулал, Давалгаа, Дугуйлантай ихийн их сурууль минь.
Идэр оюуны ундраа болон салхитай сэлгүүн бодлыг өдлүүлсээр ээ...
Идэр оюуны ундраа болон салхитай сэлгүүн бодлыг өдлүүлсээр ээ...
МУИС-ийн "Утга зохиолын нэгдэл”-ийн гишүүн: Х.Чойдогжамц