Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч,
яруу найрагч Үржингийн ХҮРЭЛБААТАРТАЙ ярилцлаа.
-Монголын
сэтгүүл зүйн "гал тогоо"-н дотроос төр, засгийн эрхэм дээд шагналыг
хүртсэн олон арван хүн байдаг. Тэдний нэг нь та. Энз хүнд хүчир, бас нэр
хүндтэй мэргэжлийг эзэмших нөхцөл шалтгаан юу байв. Энэ талаар
ярилцлагаа эхлэх үү?
-2013 оны гуравдугаар сарын 22-нд
Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх энэ том шагналыг гардан авч байлаа.
Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ойн өдөр зургаан хүнд энэ эрхэм
шагналыг олгосны нэг нь би байсан юм. Их ч бэлгэшээж бодсон. Нөгөө
талаар дээрх шагналыг гардуулж, баяр хүргэсэн хүн нь сэтгүүлч
мэргэжилтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан нь бас л дурсгалтай сайхан
санагдаж байлаа. Мэргэжил нэгтэй гэдэг утгаар нь бэлгэшээж, сэтгүүлч хүн
улсын Ерөнхийлөгч, сайд дарга ч болж болдог юм гэж шавь нар,
оюутнууддаа бахархах, бардамнах сэтгэлээр ярьж хөөрдөг юм.
Сэтгүүлч, сурвалжлагч болох нь миний хар багын л мөрөөдөл байсан. Би Говь-Алтай аймгийнхаа Төгрөг суманд анх сургуульд элссэнээс хойш Завханы төв, Сэлэнгийн Зүүнхараад суралцаж байгаад аравдугаар ангиа хотод төгсч байлаа. Миний аав жирийн л нэг дизель асаадаг моторчин хүн байсан ч аливаад бас өөрийн ухаан, байр суурьтай ханддаг, шинэ юманд тэмүүлдэг байж дээ гэж бодогддог юм. 1950-иад оны үед манай сумын зэргэлдээ Шаргад мал аж ахуйн машинт станц гэж байгуулагдахад тэнд очсон байгаа юм. Дараа нь барилга байшин босгоход зориулж мод бэлтгэхээр Завханы Цагаанхайрхан руу хэсэг хүмүүсийг томилж илгээхэд аав маань явж л байж. Тухайн үед олон хүүхэдтэй айлын ганц хоёр нь л их, дээд сургуульд элсч боловсрол эзэмшдэг жишиг байсан гэдэг. Дээр нь хот хүрээ рүү хүссэн болгоныг явуулахгүй, иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл маш чанга хатуу байсан ч аав маань Сэлэнгээр дамжуулан гэр бүлээ хотод авчирснаар бид бүгд дээд боловсрол эзэмших үүд хаалгыг нээсэн.
-Говь-Алтайгаас Сэлэнгэд шилжиж ирсэн нь хот руу дөхөж байгаа аавын тань ухаан байж дээ, тийм үү?
-Одоо
тийм л болж таарч байна. Аав минь 10 хүүхдийнхээ ирээдүй хойчийг л
бодож, нутгаа орхиод гарсан нь тэр байх. Миний ганц ах хотод ирээд
жолоочийн курст сууж төгсөөд хожим "Саятан жолооч" энэ тэр болж, сайн л
явж байлаа. Намайг нэгдүгээр курст орсны дараа аав минь бурхан болсон
доо, хөөрхий. Үр хүүхдүүдээ дээд боловсролтой болж, сайн сайхан яваасай
гэсэн аав, ээжийнхээ хүсэл сэтгэлийг гүйцэлдүүлж, дүү нараа бүгдийг нь
их, дээд сургууль төгсгөсөн. (Түүний хоолой сааралтаж, хэсэг суусны
дараа тайвшрав бололтой. Сур)
-Та дүү нараа түүчээлээд Багшийн дээд сургуульд суралцсан уу?
-Тэгсэн.
1970-аад оны дунд үе юм даа. Тэр үед МУИС-ийн дэргэдэх утга зохиолын
дугуйлан ноёлох талдаа байсан ч манай УБДС-ийнхан эн тэнцүү идэвхтэй үйл
ажил явуулдаг байлаа. Манай сургуулийн утга зохиолын дугуйланд
Ш.Гүрбазар, Л.Чүлтэмсүрэн (хэл шинжлэлийн доктор), Б.Катуу (эрдэмтэн
судлаач, доктор) нар мөн доод ангид Г.Мэнд-Ооёо, Я.Баатар гээд өнөөгийн
нэрт яруу найрагч, эрдэмтэн судлаачид байсан. Мөн гаднаас буюу Анагаахын
дээдээс Д.Цогт, Л.Мягмарсүрэн, хуулийн дунд сургуулиас Б.Сундуй,
МУИС-иас орчуулагч Ж.Оюунцэцэг гээд залуус манай дугуйланд ирж
суралцдаг байв
шүү дээ. Тэдэн, дотроос би "Эх бүрдийн домог", "Хүний
амь" зэрэг киноны шүүмжийг бичээд гаргачихсан "том амьтан" байлаа.
Гэхдээ яахав, бид шинээр бичсэн шүлэг, яруу найргаа бусдадаа уншиж
сонирхуулаад шүүмжлэл өрнүүлж, санаа оноогоо ярилцаад нэг нэгийгээ
хөглөж хөгжүүлж л явсан даа.
-Сургуулиа төгсөөд хүссэн газраа биш хуваарилсан нутаг оронд л очдог байсан байх. Та ажлын гараагаа хаанаас эхлэв?
-Надад
ажлын гурван ч санал ирсэн байснаас ШУА-ийн дарга Б.Ширэндэв гуайн
хүсэлт яалт ч үгүй жин дарж, Хэл зохиолын хүрээлэнд театр судлаачаар
очсон. Манай хүрээлэнгийн захирал нь доктор ОЛувсанвандан гуай байлаа.
Тэнд ажлын гараагаа эхэлж, гурван жил орчим ажилласны дараа
"Улаанбаатарын мэдээ" сонинд эрхлэгчээр татагдаж очсон. Энэ сонин
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, намын хорооны мэдэлд байсан
болохоор "Үнэн" сонины дараа орох том хэвлэл байлаа. Тэр сониндоо
арваад жил ажилласан. 1990-ээд онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, олон
намын системтэй болсон ч нийслэл "Улаанбаатар" гэх өөрийн сониныг
дэргэдээ байлгаж, би найман жил эрхлэгчээр нь ажиллаж байсан түүхтэй.
-"Улаанбаатар" сонины редакц байрлаж байсан энэ байрыг та
худалдан авч, "Түгээмэл" дээд сургуулийг байгуулсан байх аа. Түүнээс
хойш нэлээд хэл ам болсон санагдаж байна. Энэ талаар товчхон тайлбар
хийж болох уу. Таны ангийн Ш.Гүрбазар найрагчийн хэлдгээр, та
хариулахгүй ч байж болно л доо?
-Болохгүй нь ч юу байх вэ
дээ. 1998 онд энэ байрыг дуудлага худалдаагаар худалдахаар болж, нэг л
орцыг нь бид авсан л даа. "Түгээмэл" нэртэй дээд сургуулиа байгуулаад
360 орчим оюутантай сургалтын үйл ажиллагаагаа явуулж, сайхан жигдэрч
байтал намайг МУНН (Монголын уламжлалын нэгдсэн нам)-ын даргаар үзэл
бодол нэгт нөхөд маань сонгосон. Уг нь манай намаас УИХ-д сонгогдсон
ганц гишүүн О.Дашбалбар бидний хооронд ярьж тохиролцсон зарим нэг яриа
хэлцэл байсан юм. Түүний УИХ-д гүйцэтгэх үүрэг олдсон ганц суудлаа
бид "тэнгэрийн суудал" гэж ярьдаг байлаа.
Яагаад гэхээр тэрээр олонхи, цөөнхийг зааглаж байсан ганц хүн нь. Тэр үед УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар аливаа хуулийг баталдаг байлаа шүү дээ. Тэгэхээр олонхи, цөөнх болчихсон намууд түүнийг яаж зовоож байсан бол гэж би боддог юм. Тийм ч болохоор Балбар надад МУНН-ын даргын ажлаа өгч, өөрөө шинэ нам байгуулснаар бид эвсч дараагийн сонгуульд оролцох гэхчлэн томоохон тактик төлөвлөгөө боловсруулж байсан юм.
-Таныг МУНН-ын дарга болсны дараа О.Дашбалбар агсан нам байгуулсан уу?
-Байгуулсан
шүү дээ. Харамсалтай нь, Балбар удаа ч үгүй тэнгэрт хальж, намынхан нь
тарж бутарсан. Намайг ч улс төрийн намын дарга байж аж ахуй эрхэллээ гэх
маягаар 3-4 жил оролдож, сонин хэвлэлээр янз бүрийн гүтгэлгийн шинжтэй
захиалгат материал нийтлүүлж, "Түгээмэл" дээд сургуулийн үйл ажиллагааг
шахаж хавчиж байлаа. Үнэхээр хэцүү юм билээ. Энэ бүхний эцэст би намын
даргын ажлаа өгсөн. Хэд хэдэн дүүргийн шүүх удаа дараа намайг гэм
буруугүй гэж тодорхойлж, Дээд шүүх цагаатгаснаар хэрэг явдал төгсгөл
болсон. Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгуульд хоёронтоо нэр дэвшиж байсан ч
санал хураалт, тооллогын явцад луйвардаад л нөгөө хүмүүс нь гараад
ирдэг юм билээ. Ийм маш олон жишээг бид хэлж чадна. Наад зах нь
О.Дашбалбар агсныг улс төрийн золиос болгож, хорлосон л гэж бид боддог.
-Бидний яриа гол сэдвээсээ баахан хазайгаад явчихлаа. Тэгэхээр Монголын сэтгүүл зүйн салбарт 50 орчим жил зүтгэсэн таны хөдөлмөр үйл-сийн бахархал юу байдаг вэ?
-Сонины уран бүтээлч хамт олныг удирдах, тухайн редакцын бодлого чиглэлийг тодорхойлж барих нь ерөнхий эрхлэгчийн үндсэн үүрэг байдаг. Гэхдээ хажуугаар нь зүгээр байсангүй, "Ерөнхий эрхлэгчийн зурвас" гэж нэг ном хэвлүүлсэн. Үүнд сониныхоо дугаарт бичиж нийтлүүлсэн 60 мөртэй зурвасуудаа эмхлэн нэгтгэсэн юм. Ерөнхийдөө эргээд харж байхад миний бие нийслэл болон төр засгийн байгууллагууд өөрийн бие даасан сонин хэвлэлтэй байх нь зүйтэй гэсэн бодлого барьж байсан. Одоо ч ийм итгэл үнэмшилтэй байдаг. Дээхнэ Цагдаагийн ерөнхий газрын "Нүгэт, буян", Гаалийн ерөнхий газрын "Алтан босго" зэрэг сонинг санаачилж эрхлэн гаргаж байлаа. "Нүгэл буян" сонины нийтлэл нэг бус удаа шуугиан тарьж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан түүхтэй. Тэр бүхэнд ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Пүрэв генералыг дууддаг байж. Нэг удаа хууль тогтоогчид "Ардын эрх", засаглалынхан "Засгийн газрын мэдээ" сониныхоо нийтлэлийн бодлогыг хариуцдаг бол-чихвол "Нүгэл буян" дээр гарсан нийтлэл, мэдээллийн хариуцлагыг надтай тооцдог болоорой гэж хэлээд амыг нь тагласан гэдэг. Түүнийг УИХ дээр М.Зэнээ гуай сайн хамгаалсан юм билээ. Энэ мэтчилэн сэтгүүл зүйн салбарт хийсэн ажил бий. 1993 онд анх удаа офсет хэвлэлийн үйлдвэрийг оруулж ирсэн. Бас зар мэдээний "Алаг шаазгай", амралт чөлөөт цагийн "Улаанбаатарын үдэш" зэрэг сонинг эрхлэн гаргаж байлаа.
-Та "Болор цом" яруу найргийн наадмын шүүгчээр олон жил
ажилласан. Сүүлийн үед энэ наадамд нэлээд шүүмжлэлтэй хандаж, нэг
шүүмждээ бут авсан байна билээ. Яагаад ийм сэтгэгдэлтэй болчихов?
-"Болор
цом" эхэндээ утга зохиолын том баяр наадам, уншигч зохиолчдыг хооронд
нь учруулдаг сайхан арга хэмжээ байсан. Сүүлийн үед яруу найрагч,
зохиолчид маань зөвхөн алга ташуулдаг, гоё ганган хээнцэр үгээр
хөөцөлдсөн шүлгийг "Болор цом"-д зориулж бичдэг болж. Энэ нь утга
зохиолын хөгжилд чөдөр тушаа болох магад гэж санаа зовниж нэг шүүмж
бичсэн нь тэр. Хэн нэгэн түрүүлэх нь тодорхой боловч шүлэг, яруу найраг
маань сонсогч уншигч олондоо сэтгэлийн таашаал өгч, мэлмий сонорыг нь
мялаах уянга яруу, утга төгөлдөр байх ёстой шүү дээ. Энэ бүхэн нь
алдагдчих вий гэж судлаач, шүүмжлэгчийн хувьд бодож явдаг юм.
-Та сүүлийн үед Японы хайку маягийн шүлэг их бичдэг болсон гэсэн. 3000 гурван мөрт бичсэн гэл үү?
-Монголчуудын
үхрийн махыг үнхэлцэгт нь багтаадаг ахуй амьдралын ухаан ардын аман
зохиол, түүний дотор зүйр цэцэн үг, хэлц үг, ертөнцийн гуравт нэвт
шингэсэн байдаг. Тиймээс энэ ухааныг уламжлуулан хөгжүүлэх санаагаар
гурван мөрт шүлэг бичиж байна. Хоёр сарын хугацаанд 3000 шүлэг бичсэн.
Би Дэлхийн хайкугийн холбооны гишүүнээр бүртгэгдсэн ганц монгол байлаа.
Энэ жилээс хоёр залуу гишүүнчлэлтэй болсон. Цаашдаа энэ үйл ажиллагааг
өргөжүүлэхийн тулд Японы хайкугийн холбооны ерөнхий-лөгчийг Монголдоо
урьсан. Энэ оны гуравдугаар сард ирэх байх.
-Таны уран бүтээлийн үүцийг задалвал их юм бий биз?
-Үгүй
яах вэ дээ, одоо хэвлэлд өгөхөд бэлэн болгочихсон 10-аад ном байна. Бас
миний хөтөлсөн өдрийн тэмдэглэл гэж хэдэн боть болох материал байгаа.
Энэ онд хайку шүлгийн нэг ном гаргах санаа бий.
-Таны гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа ТББ-ын гол зорилго нь юу байна вэ. Нэлээд олон хүн нэгдсэн байдаг юм билээ?
-Ерөнхийдөө
л зохиогчийн эрхийг хамгаалахад үйл ажлаа чиглүүлж, анхаарлаа
хандуулна. 1993 онд баталсан Зохиогчийн эрхийн тухай хуульд дуучин хүн
нийтийн болон зохиолын дууг дуулах бүртээ үг, аяыг зохиосон уран
бүтээлчийг зарлаж хэлэх ёстой гэж заасан байдаг ч үүнийг хэрэгжүүлж
байгаа хүн ховор. Нөгөө дуу нь дуучнаараа овог-лоод л яваад байдаг.
Үүнийг дэлхийн оюуны өмчийг хамгаал-даг байгууллагатай хамтарч цэгцлэх,
хууль дүрмийг хэрэгжүүлдэг болохын төлөө бид ажиллаж эхэлж байна.
Ганцхан дуу ч биш утга зохиол, тайз дэлгэц, хэвлэн нийтлэлийн бүтээл ч
үүнд хамаатай. ЯпонЫ "Хойд нутгийн хавар" гэж нэг сайхан дуу бий. Манайд
ганцхан энэ дуугаар уралдаан зохион байгуулахад үгийг нь бичсэн яруу
найрагч ирж байсан. "Би ганцхан дуу хийсэн нь "Хойд нутгийн хавар"
байгаа юм. Үүгээрээ би амьдарч байна" гэж ярьж байсан юм. Зохиогчийн
эрхийг тэгж хамгаалдаг юм билээ. Бид ийм болохын төлөө чармайж ажиллана.
Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/