|

В.Путин Байгаль нуурын онцгой статусыг санууллаа, Шүрэнгийн УЦС-ын хувь заяа хаашаа вэ

munkhbat 2017/08/10 419 0

В.Путин Байгаль нуурын онцгой статусыг санууллаа, Шүрэнгийн УЦС-ын хувь заяа хаашаа вэ

 

Монголчуудад нэг мөрөөдөл бий. Тэр нь Шүрэнгийн усан цахилгаан станц. Бас Эгийн голын УЦС гэж бий. Эрчим хүчний хангалтаар бусдаас хараат байхгүй байх, цаашдаа импортлогчоос экспортлогч болох  гэсэн монгол хандлагын маань нэг хэсэг нь энэ УЦС-ууд юм. Шүрэнгийн  УЦС бол бүр социализмын үед яригдаж байсан сэдэв. Тэгэхээр лавтайяа 30-40 жил монголчуудын мөрөөдөлд тээгдэж яваа гэж ойлгож болно.  Гэвч хүсэхэд хясах гэж бий.

Харин тэр хясал, тээг саад нь юу вэ. Мэдээж, хөрөнгө мөнгөний асуудал бий. Гэхдээ Дэлхийн банк Шүрэнгийн УЦС-ыг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлчихсэн. Хоёр дахь саад тээг нь хойд хөршийн сануулга. Тэр нь Байгаль нуурын эко системтэй холбогдон яригддаг.  Ерөнхийлөгч В.Путин өмнөх долоо хоногт Байгаль нуурт ирээд тодорхой шийдэл гаргаад буцжээ.

 Шүрэнгийн цахтлгаан станцыг Сэлэнгэ мөрний нэг цутгалан /Нүрэн гэж нэрлэсэн нь буй/ дээр барих юм. Энэ хүрээнд тооцоолж байгаагаар 300 мВт чадалтай байх юм.  Сэлэнгэ мөрөн Байгаль нуурын хамгийн том цутгал учраас оросууд  энэ асуудалд байр сууриа идэвхтэй илэрхийлсээр ирсэн юм. Тэд Байгаль нуурын усны түвшин 11 см-ээр доошилсныг хоёр жилийн өмнө тогтоосон бөгөөд  хэрэв Монгол Улс төлөвлөж буй УЦС баривал нуурын эко системд нөхөж баршгүй аюул нүүрлэнэ гэж болгоомжилж байгаа юм. Байгаль орчиныхоо асуудалд санаа зовсон тэднийг бас буруутгаж боломгүй ч Монгол Улсын эрх ашиг гэж бас бий. Хууль эрх зүйн талаасаа ч тэдэнд бас бариад үзүүлэх баримт бичиг байгаа юм.  Гэхдээ монголчууд өөрсдөө  Оросуудын ийм  хориглолтод орох нөхцөлөө бий болгочихсон юм билээ. Юу гэвэл "шилжилтийн” гэгдэх 90-ээд оны үед хоёр улсын хооронд байгуулсан Усны конвенц гэж байгаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тусгаар улстай байгуулж байсан хил дамжиж урсдаг гол мөрөн усны нөөцийн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийн талаархи конвенцид  манайхан  ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаагүй хэрнээ 1995 онд ОХУ-тай ийм гэрээ байгуулж орхижээ. Чухам энэ конвенцид тэрхүү Сэлэнгэ, түүний цутгал голуудтай холбоотой заалт орсон нь хожмын хөгжлөө чөдөрлөж буй нь энэ ажээ.  

"Энэхүү газар нутаг нь маш өвөрмөгц ховор гэдгийг бид сайн мэддэг. Зөвхөн Орос орны төдий бус хэтрүүлэлгүй хэлэхэд манай гаригийн үнэт өв юм. Байгаль нуур бол бидний бахархал, бас бидний онцгой үүрэг хариуцлага мөн.

ОХУ-ын Байгаль далайн усны нөөц баялгийг хариуцсан холбооны агентлагийн тэргүүн Ольга Колобеец гэгч эмэгтэй Шүрэнгийн цахилгаан станцын төсөлтэй холбогдуулж өгсөн ярилцлагадаа "Бид ОХУ Монгол хоёр улсыг дамжин өнгөрдөг гол мөрнүүд дээр ямар ч байгууламжийг ОХУ-ын оролцоотой, хамтарсан ажлын хэсэг байгуулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судалж байж шийдэх тохиролцоотой” гэж ярьсан нь бий. Тэгэхээр энэ асуудал хоёр талын хамтын шийдвэрээр хэрэгжих эсэх нь тодорхойлогдох учиртай байж мэдэх юм.

Энэ бол асуудлын нэг тал. Нөгөө талаасаа Байгаль нуур нь ЮНЕСКО-гийн байгалийн өв, эмзэг эко системтэй гэдэг утгаараа яаж ч болохгүй анхаарал татдаг байж таарна.

Энэ оны гуравдугаар сард  Буриадад Шүрэнгийн УЦС-ын талаархи сонсгол болж манайхан уг төслийг бүр Улан-Үдээс эхлээд цааш нь оршин суугчдад танилцуулах арга хэмжээг нэлээд халуухан уур амьсгал дунд зохион байгуулсан гэх юм билээ. Харин үр дүн юу болсон нь тодорхойгүй.

Өнгөрсөн оны эхээр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донскойн "Бидний хүчин чармайлтын үр дүнд Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийг царцааж чадлаа” хэмээн мэдэгдэж байсан удаа бий. Тэрбээр  "Одоогийн байдлаар энэ төсөл тийм ч идэвхитэй биш байгаа. Санхүүжилт байхгүй, төслийн хувь заяа цаашдаа яаж эргэхийг монголчууд өөрсдөө ч мэдэхгүй байна. Цаашдаа энэ асуудлаас анхаарлаа салгахгүй” хэмээж байв.  Үнэхээр ч энэ төсөл идэвхгүй байгаа нь үнэн бололтой юм.

МАН-ын  сонгуулийн хөтөлбөр болон Ж.Эрдэнбатын тэргүүлсэн Засгийн газрын 2016-2020 хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Шүрэнгийн УГЦС-ын талаар тухайлсан заалт ороогүй байгаа юм. Харин Эгийн гол болон Ховдын гол дээр УЦС барих тухай хөтөлбөрт тусчээ. Ямартай ч энэ Засгийн газар хойд хөршийнхээ эсэргүүцэлтэй Шүрэнгийн цахилгаан станцын асуудлаар  маргаж байснаас бодитой биелэх боломжтой хоёр ч УЦС-ыг барьж байгуулахыг илүүд үзсэн бололтой.

Ер  нь ОХУ Байгаль нуурын экосистемийн асуудалд анхаарлаа нэмэгдүүлж  байгаа нь анзаарагдаж    байна. Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Буриадад ажлын айлчлал хийж, Байгаль нуурын экологийн нөхцөл байдалд анхаарал хандууллаа.

Ерөнхийлөгч тэнд Байгаль нуур орчмын бүс нутгийг хөгжүүлэх асуудлаар зөвлөгөөн зохион байгуулж дэлгэрэнгүй үг хэлсэн.  Тэрээр энэ зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ Байгаль  нуурын  онцгой статустай болохыг дурдаад  бүс нутгийн экологийн болон нийгэм эдийн засгийн хөгжлийн бодит шийдлийг олохыг даалгасан юм.

Тэрбээр "Энэхүү газар нутаг нь маш өвөрмөгц  ховор гэдгийг бид сайн мэддэг. Зөвхөн Орос орны төдий бус хэтрүүлэлгүй хэлэхэд манай гаригийн үнэт өв юм. Байгаль нуур бол бидний бахархал, бас бидний онцгой үүрэг хариуцлага мөн. Үүнийг хамгаалах нь одоо болоод хойч үеийнхэн, төрийн тэргүүлэх ач холбогдолтой үүрэг” гэдгийг онцлон хэлжээ.

Путины хэлсэн үгнээс харахад Байгаль нуур орчмын нутаг дэвсгэрт явуулж буй хариуцлаггүй үйл ажиллагаа болон зохистой бус үр дагаврыг арилгахад онцгой анхаарна гэжээ.

Тэрбээр "Аливаа хязгаарлалт нь хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлдөг хэдий ч Байгаль нуурт үзүүлж байгаа хүний ачааллыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах ёстой. Ашиг хөөсөн бизнес, "зэрлэг” жуулчид нь экологид нэн хариуцлаггүй хандаж байгааг онцлоод  Байгаль орчмын бүс нутгийн экологид халтай аливаа үйл ажиллагааг хянан шалгаж арга хэмжээ авахыг Ерөнхий прокурортоо үүрэг болгохоо мэдэгдсэн байна.

Түүний энэ үг Шүрэнгийн УЦС-ын хувь заяанд шууд бус ч гэсэн дам утгаараа нөлөөлж л таарах байх.

 

П.Булган

Санал болгох

Сэтгэгдэл

top