Өнөөдөр наймдугаар сарын 14. Одоогоос есөн жилийн өмнөх энэ өдөр Бээжингийн олимпоос монгол хүн анх удаа алтан медаль хүртэж, Монгол Улс дэлхийн түүхэнд бичигдсэн юм. Мөн Монголын жүдочдын өдөр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Бахархам энэ түүхийн эзэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, "Найдвар алддаггүй” Найдангийн Түвшинбаяр, түүний багш, дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох нарт монголчууд энэ өдөр дахин давтан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж ирсэн билээ.
Жүдочдын тэмдэглэлт өдөр энэ жил эгнээнээсээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг төрүүлсэн бас нэгэн баяртай давхцаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг их спорт хийгээд амьдралын ухаанд сургасан багш нь мөн л Ч.Насантогтох дасгалжуулагч ажээ. "Зууны мэдээ” сонин "Амьдралын тойрог” буландаа Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтохыг урьсан юм.
"НАЙМЫН ТООГ БИ БЭЛГЭШЭЭДЭГ”
Нийтлэлийн баатар маань Монголын жүдогийн спортын анхны гэх тодотголтой бахархам амжилтууд,тэр дотроо Олимпийн бүхий л түүх дурсамжтай холбоотой хүн. Бас Бээжин-2008 Олимпийн наадмын өмнө медаль амлаж, ард түмнээ огшоож байсан билээ. Үүнийг уншигчид маань ч сайн санаж байгаа нь лавтай. Түүний төрсөн ах, Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцож, 1968 оны Мехикогийн олимпоос анхны хүрэл медалийг авчирсан хүндтэй бас түүхтэй эрхэм. Энэ тухай дурсамж сөхвөл Ч.Насантогтох дасгалжуулагч "Наймын тоог би их бэлгэшээдэг. 1998 оны олимпод ах маань анхны хүрэл медалийг авч, төрийн дууллаа эгшиглүүлж байсан. Анхны гэж тодотгохын учир нь хамгийн эхний өдөр барилдаж дуусаад медалиа гардсан байдаг. Дараа нь Ж.Мөнхбат аварга, Артаг гуай хоёр медалиа авсан. Тэр үед би дөнгөж аравдугаар ангиа төгсөөд Биеийн тамирын дээд сургуульд ирж сурч байсан. Би ахаасаа хоёр дүү, ахыгаа дагаад барилдаж, ноцолдож ойролцоо өссөн дөө. Бид эхээс наймуулаа. Хамгийн том ах Ч.Батдорж чөлөөт бөхийн УАШТ-нээс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч спортын мастер цолны болзол хангасан үе. Тэр ах маань биднийг бөхийн спорт руу анх оруулсан. Хөдөөний хүүхдүүд малдаа явахын хажуугаар барилдаж, ноцолдож өсдөг. Нэг айлын хүүхдүүд бид тэр л байдлаар өссөн. 2008 оны Олимпийн тухайд их ч хүлээлттэй жил байсан даа. Бас Монголынхоо ард түмнийг баярлуулсан жил. Олимпийн наадмын өмнөхөн TV-9 телевизийн сурвалжлагч н.Гандөш биднийг Нүхтэд бэлтгэл хийж байхад ирээд "Энэ олимпод Монголын жүдочид ямаршуу амжилт гаргах бол” гэж асуухад нь яагаад ч юм бэ санаанд багтаж байсан учраас "Олон жил хүсэн хүлээсэн Олимпийн аварга манай жүдочдоос төрөх байх. Үүнийг би баттай хэлнэ” гэсэн. Тэр үед Х.Цагаанбаатар бэлтгэл сайтай, жиндээ тасархай, дараа нь Н.Түвшинбаяр байсан. Тэр хоёр манай гол найдвар. Гэтэл явахын өмнөхөн Х.Цагаанбаатар маань барилдаж байгаад бэртэл авч, хавиргаа хугалчихдаг юм байна. Дээр нь жин хасч байгааг хэлэх үү, нэлээд ядарсан байдаг. Ингээд найдахад хүнд болсон, мэдүүлэг явчихсан учраас оролцохоос өөр замгүй. Иймэрхүү юм болоод байж байтал бэлтгэл дээр Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй хүмүүс ирлээ. "Бэлтгэл хэр байна” гэхээр нь "Манай Түвшинбаяр аварга болох байх” гэлээ. Яагаад тэгж хэлсэн гэхээр Н.Түвшинбаяр маань Парижийн их дуулгаас 2007 онд хүрэл, 2008 онд мөнгөн медаль аваад байсан юм. Парижийн их дуулга бол дэлхийн жүдочдын чансааг тодорхойлдог том тэмцээн. Тэнд сайн барилдсан хүн Олимпоос гарцаагүй медаль авдаг юм. Дээр нь жингийнхэн дотроо сайн барилддаг болчихсон, манай хүн солгой бол ихэнх бөхчүүд баруун өрөлттэй. Бас нэг зүйл нь өөрөө их зоригтой, ямар нэг юманд зоригтой, шийдэмгий байх сайхан. 2008 онд манайхаас найман тамирчин эрх авсан, эхний барилдаануудад амжилт байдаггүй. Хамгийн сүүлийн өдөр Н.Түвшинбаяр маань барилдаж аварга болсон доо. Үдээс хойшх тэр барилдаанд би Н.Түвшинбаярыг аварга болно гэдэгт итгэлтэй байсан. Казахстаны Асхат Житкеевтэй гурван удаа барилдаж нэг ялагдаж, хоёр удаа ялсан юм. Манай хүн тэмцээний өмнө яарч тэвдээгүй, маш тайван байсан. Дэлхий Монгол Улсыг олимпийн түүхэндээ тэмдэглэчихээд байхад "Аз таарч, азтай л хүн юм” гэж зарим хүн ярьж, бичсэн дээ. Түвшээ маань 2016 оны Олимпоос мөнгөн медаль авч амжилтаа бататгасан. Тэгэхэд хөлөндөө маш хүнд бэртэлтэй барилдсан шүү дээ. Спорт асар их тэвчээр шаарддаг. Хамаг юмыг нь шавхдаг” хэмээн дурслаа.
ДАШТ-Д ОРОЛЦОХ ТАМИРЧДЫНХАА ЗАХЫГ МУШГИЖ СУУНА
Наймдугаар сарын энэ өдрүүдэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд эхэлж байгаагаараа онцлог. Ч.Насантогтох багш Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн албанд ажиллаж байгаа юм. Өмнө нь спортын ганцхан төрлийг хариуцдаг байсан бол одоо хашиж буй энэ алба нь Монголын спортын бүх төрлийг жигд хөгжүүлэх, үүнд өөрийн мэдлэг чадварыг дайчлах, сургахад чиглэж буй юм. Монголд спортын 30 гаруй төрөл хөгжиж байгаа.Энэ сарын 15-наас хойш тамирчид тэмцээн болох улсыг зорих гэж буй юм. Хамгийн эхэнд бөхийн чөлөөт барилдааны ДАШТ энэ сарын 23-нд эхэлнэ. Найман жинд 16 тамирчин оролцох бөгөөд амжилт үзүүлнэ гэдэгт тэрээр итгэлтэй байна гэв. Мөн энэ тэмцээний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын тамирчдын зүтгэлийг үнэлж, Монголын анхны хошой аварга, олимпийн хүрэл, дэлхийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгосон нь бүх спортынхон, тэр дотроо чөлөөт бөхийн тамирчдыг амжилт гаргах хөшүүргийг нээсэн үйл явдал боллоо. Манай тамирчид ч медаль авна гэсэн амлалт үүрэг авсан” хэмээн баяртай байгаагаа ярьж сууна. Манай тамирчдаас энэ жил Г.Мандахнар бэлтгэл сайн байгаа бол эмэгтэйчүүдээс П.Орхон бэлтгэл сайтай, бусад нь ч ер нь гайгүй байгааг тэрээр онцлов. Боксын тамирчид энэ сарын сүүлчээр Германы Ханбург хотод тэмцээнд оролцоно. Дөрвөн тамирчин эрх авч явсан, бэлтгэл сайтай, медаль авчих байх гэж дасгалжуулагчид нь хэлсэн гэв. Жүдо бөхийн тамирчид Будапешт хотноо болох тэмцээнд оролцох бөгөөд тэд үндсэндээ хоёр ДАШТ-нд оролцохыг Ч.Насантогтох дасгалжуулагч тэмдэглэв. Нэг нь хувийн, нөгөө нь багийн ДАШТ болох учраас ийнхүү онцлоод Д.Сумъяа аварга болчих байх, М.Уранцэцэг медалийн тавцанд зогсох найдлага бий. Өнгөрсөн жил баг бүрэлдэхүүнийг буруу сонгосон болов уу, энэ жил сонголт сайн болсон гэж бодож байна. Манай тамирчид оролцсон төрөл бүрээсээ медаль авчих байх гэлээ.
2013 оны сонгуулийн үеэр.
ЖҮДОГИЙН ӨМСГӨЛ ӨМССӨН ХҮН ДЭГ ЖУРМААС ГАЖИХ ЁСГҮЙ
Жүдогийн спортод анх хөл тавьсан Ч.Насантогтох дасгалжуулагчийн замнал 1968 онд аравдугаар анги төгсч, нэг жил Биеийн тамирын дээд сургуульд суралцаад Москвагийн биеийн тамирын дээд сургуулийн жүдо-самбо бөхийн ангид элсэн суралцсанаар эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэрээр энэ салбарт Монголын анхны мэргэжилтэн юм. Иймд 1973 онд түүнийг сургуулиа төгсч ирэнгүүт нь Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон аж. Ийнхүү тэрээр 40 гаруй жил энэ спортын төлөө тасралтгүй зүтгэжээ. Анх ажлын талбарт гарахад нь хэдийгээр манайхан 1972 оны олимпод оролцсон ч Монголд жүдогийн спорт сайн хөгжөөгүй. Татами, өмсгөл дутмаг. Үзэгчид бараг байхгүй, хичээллэгчид ч цөөн. Секцэндээ хүүхдүүдийг оруулах гэхээр үүдэнд нь жаахан сууж байгаад ямар сонин хувцастай юм бэ гэж гайхаж байснаа "Чөлөөт бөх хаана байна, бокс хаана хичээллэж байгаа вэ” гээд яваад өгдөг байж. Тэр үед залуухан дасгалжуулагч "Хэзээ нэгэн цагт үүдэндээ хүүхэд, залуусыг овооруулсан сонирхолтой спортыг хөгжүүлнэ дээ” гэж бодож явсаар 1976 оны олимпийн дараа Германаас дэвжээ оруулж ирж, Японтой холбоо тогтоон өмсгөл авдаг болж, 1980 оны олимп Москва хотноо болоход Ц.Дамдин анхны мөнгөн медаль, Р.Даваадалай хүрэл медаль авснаас хойш хүүхдүүд жүдог сонирхох нь нэмэгдэж, хичээллэгчдийн тоо ч өсч, төр засаг ч анхаарал хандуулж эхэлжээ. Тиймээс Монголд жүдо хөгжихөд том хувь нэмэр оруулсан хоёр шавиараа тэрээр бахархдаг гэв. Өдгөө дэлхийн 210 орноос Жүдо бөхийн холбоонд 207 нь нэгдсэн байдаг бол манай улс тамирчдынхаа амжилтаар зургадугаарт бичигдэж байгаа юм.
1986 он. Шигшээ багийнхан.
ТҮҮНИЙ ШАВЬ НАР ДОТОР ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН ОЛОН БИЙ
Ч.Насантогтох багш олон шавьтай. Амжилт үзүүлсэн нь ч олон бөгөөд 4-5 Хөдөлмөрийн баатар, 40 гаруй гавьяат тамирчин бий. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ ч мөн түүний удирдлагад жүдо бөхөөр хичээллэж байсан, шавь нь. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний шавь болж 15-16 жил удирдлагад нь хичээллэж, тэмцээн, уралдаанд оролцож байсан түүхтэй. 2017 оны сонгуулийн өмнөхөн Ч.Насантогтох багш "Манай хүнд жингийн бөхчүүдийг ард түмэн дутуу үнэлээд сонгож чадаагүй юм. Хөнгөн жингийн тамирчин арай хурдтай, хүчтэй учраас сонгочих болов уу” хэмээн хошигнож хүмүүсийг инээлгэж байсан удаатай. Тэрээр шавийнхаа тухай "Х.Баттулга Яармагийн дэнжид өссөн, харц ардын хүүхэд дээ. Аав нь Халтмаа гэж бөхийн засуул хүн байлаа, 90 гарч наслаад бурхан болсон. Насаараа бөхийн спортын төлөө зүтгэсэн дээ, маш их хөдөлмөрч. Олон ч аваргыг мөрнөөсөө гаргаж, сургаалиа хэлж явсан. Одоо хөгшин нь 70 гаруй насны сайхан хүн бий. Аав нь Баттуул, Баттулга хоёрыгоо бөхийн дэвжээн дээр хөтөлж авчирсан. Хэдэн малтай айл байсан болохоор хоёр хүүгээ хадлан бэлтгэх, гэрээ дулаалах ажилд туслуулна гээд надаас чөлөө аваад явдаг байлаа. Х.Баттулга 52 кг-ын жинд олон жил барилдсан. Тэр үед жинд нь олон мундаг самбочид байсан. 1982 онд Бүргэдээ дэлхийн аварга, Баттулга улсын аварга болж, хэнийг нь дэлхийн аваргад явуулах вэ гэж маргаан гарахад би Бүргэдээг чөлөөт бөх рүүгээ бэлтгэлээ сайн базаа гээд Х.Баттулгыг явуулж байлаа. Тэр тэмцээнээс Баттулга алтан медаль авч, түүнээс хойш олон ч дэлхий, тивийн аваргын тэмцээнээс медаль авсан. Бид багш шавь болж 15-16 жил хамт байсан. Багын сэргэлэн цовоо, хүнд тусархуу, зоримог хүүхэд байлаа. Маш хөдөлмөрч. Тамирчин байхдаа зах зээлийн он жилүүдэд самбо бөхийн куртик оёж өмсөөд, түүнийгээ хийж явах цүнх хүртэл хийчихсэн, бусдадаа зарж мөнгө олоод гүйж явсан. Ер нь тэр үеийнхний хувцасны стилийг дагуулдаг байлаа. Би хувь тавилантай хүн юм аа, миний шавь нараас нэг нь Ерөнхийлөгч, нэг нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна” хэмээн дурсав. "Одоо ч гэсэн та шавьдаа сургааль хэлнэ биз” гэхэд "Та нар 15-16 жил нэг тогоонд хоол идсэн, эвтэй байгаарай гэж захидаг даа, шавь нартаа. Жүдогийн өмсгөл өмссөн хүн дэг журмаас гажих ёсгүй гэж байнга хэлдэг. Одоо ч Ерөнхийлөгч ийм, тийм байна гэхэд би "Ард түмэн чинь ингээд байна шүү” гээд Х.Баттулгадаа шуудхан л хэлчихнэ” хэмээн ярьж байна.
1983 он. Бэлтгэлийн дараа.
ЭРДЭНЭ МЭРГЭН ХУТАГТЫН ҮР САД
Ч.Насантогтох дасгалжуулагч Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул. Аав нь Эрдэнэ мэргэн ноён хутагтын өргөмөл ганц хүү байв. Халхын 13 тамгатай хутагтын үр сад өдгөө Эрдэнэ мэргэн ноён хутагт хэмээн ургийн овог авсан байдаг юм. Аав нь Ноён хутагтын дэргэд өсч, бурханы ном сурсан, нутгийнхандаа Амбаа хэмээн хүндлэгдэж ирсэн номтой хүн байсан гэлцдэг. Одоо ч тус нутгийнхан шүтэж байдаг бөгөөд өнгөрсөн сарын сүүлчээр Ноён хутагтын үр сад "Их тахилгын овоо” –г нутагтаа босгожээ. Ийнхүү түүнтэй ярьж суух зуураа хүүхдүүд нь жүдогоор хичээллэсэн болов уу гэж бодож байлаа. Тэднийх гурван хүү, гурван охинтой. Гэргий нь эдийн засагч мэргэжилтэй. Гэрийн эзнийг их спорт хөөгөөд гэрийн бараа харахгүй явсан он жилүүдэд хүүхдүүдийг хадам ээж нь өсгөж өгсөн гэнэ. Хүүхдүүдээс нэг нь ч жүдо бөхөөр хичээллээгүй. Ач, зээ 14 болсноос жүдочин гарах болов уу. Бэлдэнэ гэсэн бодлыг сэтгэлдээ тээж явна хэмээн хуучиллаа. Ардын багш, Хөдөлмөрийн баатар, дасгалжуулагч Ч.Насантогтохын "Амьдралын тойрог”-оор цухасхан аялахад ийм байна. Монголын их спортод "хүний ном”-той олон тамирчныг бэлдэж ирсэн түүний зүтгэлд монголчуудынхаа өмнөөс бас нэгэн талархалыг дэвшүүлье. Тив, дэлхийн дэвжээнд Монголын минь Төрийн дуулал мөнхөд эгшиглэж байг.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин