|

Манай жудочид 137 орноос VII байрт жагсаж эхэллээ

namuunaa 2015/08/27 1489 202
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны нийслэл Астана хотноо үргэлжилж байна. Өчигдөр манай хоёр жүдоч медалийн тавцанд зогсож чадсанаар гурван өдрийн турш хүлээсний эцэст монголын ард түмэн төрийн далбаагаа Астанад мандахыг харсан юм.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Сумъяа Канадын жүдоч Катерин Пинардтай хүрэл медалийн төлөө барилдаж нэмэлт цагт идэвхи гарган торгуулийн үнэлгээгээр ялснаар 2015 оны Астанагийн дэлхийн аваргын анхны хүрэл медалийг авсан.

Харин эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд манай хоёр жүдоч гавьяат тамирчин С.Ням-Очир, Г.Одбаяр нар хоёул хүрлийн төлөө, гэхдээ өрсөлдөгчид нь хойд, өмнөдийн солонгосчууд байж барилдсанаараа онцлог байлаа.

Г.Одбаяр Өмнөд Солонгосын Ч.Антай барилдаж торгуулийн үнэлгээгээр ялагдаж шагналт тавдугаар байранд орсон бол гавьяат тамирчин С.Ням-Очир Хойд Солонгосын Хон Киук Хеоныг юко үнэлгээгээр ялж медалийн буухиаг үргэлжлүүлсэн.

Ингэснээр манай тамирчин олимп, дэлхийн аваргын хүрэл медальт болж амжилтаа ахиулж байна. Хоёр өдөр медаль хүртэж чадаагүй байсан манай жүдочид гурав дахь өдрийн барилдаанд медалиа ихэрлүүлснээр манай улсын шигшээ баг хоёр хүрэл медаль, гурван шагналт тавдугаар байр, нэг шагналт долдугаар байрын амжилтаар 137 орноос ОХУ-ын шигшээ багийн дараа долдугаарт бичигдэж байна.

Өнөөдөр ДАШТ-ий дөрөв дэх өдөр. Дэлхийн аварга талдаа орж байгаа энэ үед эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанд манай улсын гурван бөх барилдах бөгөөд эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар Астанагийн татамид гарна.

О.Ууганбаатар эхний барилдаанаа Шинэ Зеландын И.Павлиничтэй хийх бөгөөд түүнийг ялвал Канадын Антони Валиос-Портертэй барилдана. Эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа эхний тойрогт гоц мөргөсөн бол Ц.Цэрэннадмид Туркийн К.Бусратай эхний барилдаанаа хийнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top