Энэ сарын16-24-ны хооронд Орхон аймгийн Эрдэнэт хотын ногоон талбайд зохиогдох "Үндэсний Цом” тэмцээний сугалаа татах үйл ажиллагаа өчигдөр орой болж өнгөрлөө. Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон зохиогддог уг тэмцээнд энэ жил 18 баг өрсөлдөхөөр болоод байгаа юм. Ингээд сугалаа татах болоход өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохиогдсон тэмцээнд эхний дөрвөн байранд орж байсан Дорнод, Орхон, Увс, Сүхбаатар аймгийн шигшээ багууд хэсэг толгойлохоор болжээ.
Анх 2008 онд аймгуудын цом нэртэйгээр хөшгөө татаж байсан тус тэмцээн 2013 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдах болж, одоогийн байдлаар 30 сая төгрөгийн шагналын сантай томоохон тэмцээнүүдийн нэг болоод байна. Мөн энэ жилээс "Хүрхрээ Нэгдүгээр Лигийн” тоглогчид клубийнхээ зөвшөөрлөөр "Үндэсний Цом”д оролцох болоод байгаа юм. Энэ нь тус тэмцээний чанар чансааг үлэмж нэмж байгаа нь ойлгомжтой.
Тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш 18:00 цагаас Эрдэнэт хотын ногоон талбайд болно.
Б. Энх- Амгалан