|

Б.Энэбиш: Эрдэнэс Монгол компани улсынхаа хөгжилд асар их хувь нэмэр оруулна гэдэгт би эргэлздэггүй

zulaa 2017/08/24 852 0

Б.Энэбиш: Эрдэнэс Монгол компани улсынхаа хөгжилд асар их хувь нэмэр оруулна гэдэгт би эргэлздэггүй

 

"Эрдэнэс Монгол” ХХК, "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиштэй ярилцав. 

         "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлыг хэдээс хэдэн онд хашсан бэ?

2008 оны 12 дугаар сараас 2011 оны 12 дугаар сарын 31 хүртэл гурван  жилийн хугацаанд гүйцэтгэх захирлаар ажилласан. "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх явцдаа 2011 онд нэг жилийн хугацаанд шинээр үүсгэн байгуулагдсан охин компани "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар давхар хавсран ажилласан.

 

Яг ямар нөхцөл байдалтай ажил хүлээн  авав, уламжлал, шинэчлэл гэж байдаг даа?

 

Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын тухайд гэвэл 2008 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд хоёр голлох намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, хамтран ажиллах мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой, уул уурхайн дэлхийн түвшний том ордууд болох Оюутолгойн алт-зэсийн орд, Тавантолгойн коксжих нүүрсний ордыг ашиглаж эхлэхээр тусгасан байсан. Иймд Оюутолгойн ордыг ашиглаж эхлэхийн тулд Айвенхоу Майнз болон Рио Тинто компанитай хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчийн гэрээ байгуулах, Тавантолгой ордын ашиглалт олборлолтыг яаралтай эхлүүлэх ажил тулсан ийм нөхцөл байдалд би гүйцэтгэх захирлаар ажиллахаар ирж байлаа. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны тухайд гэвэл 2008-2011 он бол Монголын геологи, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт түүхэндээ анх удаа бизнесийн утгаар орж ирж байсан, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ олон улсад өндөр байсан үе байв. 2008-2009 онд хэдийгээр олон улсын санхүүгийн зах зээл хямралтай байсан боловч гадаадын хөрөнгө оруулалтын үр дүнд Монголын эдийн засаг өсч байсан.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр ажиллах, Тавантолгойн олборлолтыг  эхлүүлэх үүрэг  "Эрдэнэс Монгол” компанид шууд ногдож, цаг хугацааны хувьд яаралтай нүсэр их ажил яг эхлэх гэж байсан тэр өдрүүдэд миний Эрдэнэс МГЛ-ын ажлын өдрүүд эхэлсэн юм. "Эрдэнэс Монгол” компани дөнгөж жил гаруйн өмнө байгуулагдсан, 20 орчим ажилтантай, Дипломатын 95 байрны орцны 5 давхарт 2-3 өрөө бүхий  хоёр орон сууцны тоотод багтсан оффистэй байлаа. Компанийн санхүүгийн хувьд анх "Эрдэнэс Монгол” компанийг байгуулаад Сангийн яамнаас олгож байсан төсвийн санхүүжилт дуусч, цаашид төсвөөс биш бие дааж санхүүжиж ажиллах хэрэгтэй  болсон. Нийт ажилтны 90 гаруй хувь нь их ажлыг хамтран эхлүүлэх эрмэлзэл дүүрэн залуучуудаас бүрдсэн байв.

Та өөрийнхөө ажилласан хугацаанд юу хийхийг зорьсон хийгээд Засгийн газрын бодлого юу байв?

 

Оюутолгой, Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглаж эхлэх  тухай удирдамжийг УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан байдаг. Энэ тогтоол батлагдсаны маргааш 12 дугаар сарын 5-ны өдөр миний ажлын анхны өдөр эхэлж байв. Оюутолгой, Тавантолгой төсөл дээр олон улсын зөвлөх шалгаруулах шаардлага  цаг хугацааны хувьд тулсан байсан тул ажлаа эхэлсэн анхны өдрөө ачаалал ихтэй байсаар шөнө 02 цаг өнгөрч байхад гэртээ харьж байснаа би тод санадаг юм. Үүнээс хойш ОТ, ТТ төслүүдийг эхлүүлэхээр "Эрдэнэс Монгол”, "Эрдэнэс Тавантолгой” компанид гүйцэтгэх захирлаар ажилласан миний  ачаалал иймэрхүү байдлаар дөрвөн жил орчим жилийн хугацаанд үргэлжилсэн.

"Эрдэнэс Монгол” компанийн  2009 оны үндсэн ажил бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр ажиллах асуудал байв. Компанийн  ажилтнууд тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Засгийн газрын ажлын хэсгийн ажлын алба- аппарат нь болж ажилласан. Ингэснээр 2009 оны 10 дугаар сард  гэрээ байгуулагдаж миний бие Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурж байлаа. Оюутолгойн гэрээнээс хойш компанийн гол ажил Тавантолгой төсөл дээр төвлөрсөн.

2010 оны 7 сарын 7-ны өдөр Тавантолгой ордыг ашиглаж эхлэх удирдамж бүхий Засгийн газрын тогтоол батлагдсанаар  шулуудаж уурхайн нөр их ажил эхэлж байлаа. 2010 оны 8 сарын 27-ны өдөр Тавантолгойн ордын Цанхийн зүүн талбайд анхны хөрс хуулалтаа эхлүүлснээр 2011 оны зун гэхэд нүүрсээ экспортлох боломжтой болсон. 2011 оны 8 сараас Хятадын "Чалко” компанид нүүрс нийлүүлж эхэлсэн. "Чалко” компаниас 2011-2012 онд нүүрсний урьдчилгаа төлбөр болгон авсан 350 сая ам.долларын дийлэнх хэсгийг Засгийн газрын Хүний хөгжлийн санд оруулж байлаа. Уурхайн ажлын зэрэгцээ 2010 оны сүүлээс 2012 оны хавар хүртэл Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалах (IPO) бэлтгэл ажил хийж байв. Дойче банк, Голдмэн Сакс, БНП Париба, Маквэйри зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын банкууд,  аудитын PWC, уул уурхайн Норвест зэрэг олон зөвлөх компанитай хамтран ажиллаж байсан. Түүнчлэн Таван толгой төсөл бол цогцолбороор хөгжих асуудал тул нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц болон замын төслүүд, нэмэлт санхүүжилт олох зэрэг далайц ихтэй төслүүд дээр компанийн ажилтнууд баг болон хуваагдан  ажиллаж байсан.

Тавантолгой  төсөл, уурхайн ажлыг "Эрдэнэс Монгол” компани эхлүүлж шинээр байгуулсан "Эрдэнэс Тавантолгой” охин компанидаа 2011 оны хавраас ажлаа аажмаар шилжүүлэн өгсөн.

      Санасан зорьсноо гүйцээж чадсан уу, ямар бэрхшээл байв?

Оюутолгой,  Тавантолгой төсөл эхэлсэн явдал нь Монголын эдийн засгийн ойрын 30-50 жилийн төлвийг тодорхойлох зүйл болсон бөгөөд "Эрдэнэс Монгол” компанийн  хамт олон энэ ажлыг амжилттай хариуцаж эхлүүлсэн юм. Миний хувьд бол "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдаж, ОТ, ТТ гэсэн дэлхийн хэмжээний хоёр том төслийг компанийн залуустайгаа хамтран эхлүүлж, ажил үүргийн хувьд гардан хариуцаж байсан цаг завгүй  он жилүүд байсан юм.

Эрдэнэс Таван Толгой компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжаалах (IPO) ажил хэдийгээр "Эрдэнэс Монгол”, "Эрдэнэс Тавантолгой” компанийн түвшинд шахуу хугацаанд 70 орчим хувьтай бэлтгэл ажил нь хангагдаж байсан боловч улстөрчид нэгж хувьцааны үнэлгээг сонгогчдод амалсан мөнгөн дүнтэй уялдуулж тогтоосон, Монголын хууль эрх зүйн орчны бэлэн биш байдал зэргээс болж хойшлогдсон.

2012 оны сүүлээс эхэлсэн уул уурхайн бүтээгдэхүүний уналт, гол нь дотоодын улстөржилт, улстөрчид олигархиудын шунал санаархал, компанийн удирдлагын  алдаанаас үүдэж Тавантолгой төслийн үйл ажиллагаа 2013-2015 онд уналтанд орсон явдал нь тун харамсалтай, хожим сургамжтай зүйл болсон юм. Гэвч нэгэнт эхлүүлсэн уурхай цаашид зөв менежмент, зөв санаа зорилгоор ажиллавал амжилттай байж Монгол улсын хөгжилд асар их хувь нэмэр оруулна гэдэгт би огт эргэлздэггүй.

Ярилцсанд баярлалаа 



Санал болгох

Сэтгэгдэл

top