|

Уучилж болно оо, учруулсан хохирлыг нь төлүүлээч

saikhnaa 2017/09/11 488 0

Уучилж болно оо, учруулсан хохирлыг нь төлүүлээч

 "Саусгоби сэнд” компанийн экс удирдлагуудын хэрэг хоёр, гурван жилийн турш сунжирч байж өнгөрсөн сард татвараас санаатайгаар зугтсан, нуун дарагдуулсан хэргээр шүүх ял оноосон. Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд гурван өдөр шүүж "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон. Ял оноосон цагаас авахуулан Жастин Капла нар гадны хөрөнгө оруулагч гэдгээрээ "далайлгаж” эхэлсэн гэхэд болно. Хамгийн түрүүнд Мянганы сорилтын сангаас манайд өгдөг тусламжийг зогсоохоор мэдэгдлээ гэж хэвлэлээр баахан шуугьцгаасан. Үүний араас зарим нэг улсын Ерөнхийлөгчид нь хүртэл иргэддээ өршөөл үзүүлж өгөхийг хүссэн захидал манай руу удаа дараа явуулсан.

            Энэ бүх хүлээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өчигдөр иатвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлчихлээ. Түүнийг шийдвэрийг монголчууд янз бүрээр л харж байна. Зарим нэг нь бусдын өмнө бөхөлзөж улс орныхоо хуулийг гууль болголоо гэж чичилж байхад нөгөө хэсэг нь олон улсын тавцанд улс орноо харуулсан зөв шийдвэр байлаа гэж байна. Аль нь ч байсан энэ уучлал сайн, муу хоёр талтай. Гэхдээ энэ хэрэг дээр хүссэн ч, эс хүссэн ч сайн талыг нь бодох нь зүйтэй болов уу. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад итгэх итгэл нь улам бүр багасаж байгаа энэ үед нүдээ олсон шийдвэр байлаа. Ирсэн нэгнийг нь барьдаг, хорьдог, саатуулдаг, хилээр гарахыг нь хориглочихдог гээд гадныхан манайхаас ерөнхийдөө дөлж эхэлсэн. Ерөнхийлөгч ч шийдвэр гаргасан даруйдаа "Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу? Монголдоо би хайртай” гэж жиргэсэн байсан. Үүнийг нь хүмүүс бас л янз бүрээр тайлбарлаж харагдсан.

         Ерөнхийлөгчийн шийдвэр одоо зөв ч байсан, буруу ч байсан нэгэнт өнгөрсөн. Капла нарыг ялаас мултлах галт тэрэг хэдийнээ хөдөлчихсөн. Гэхдээ энд нэг зүйл асуултын тэмдэг хэвээр үлдэж байна. Тэр нь юу вэ гэвэл Жастин Капла нарын Монгол Улсад учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг хэн, яаж барагдуулах юм бэ. Жастин Каплагийн уучлалын халаалт болгож манай улсын татвараас зайлсхийсэн зарим иргэдэд уучлал үзүүлсэн. Тэднийг ялынхаа талаас илүүг нь биеэрээ идэлсэн. Мөн улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан учир уучлал үзүүллээ гэж мэдэгдсэн. Харин "Саусгоби сэндс” компанийн удирдлагууд улсад учруулсан хохирлын талаар таг чиг байх юм. Хэдийгээр уучлал үзүүлсэн ч гэсэн хохирлыг нь барагдуулах нь зүйн хэрэг бус уу. Энэ байдлаараа бол мөнгөтэй, гадны хүчирхэг орны иргэн манай улсын газар шороог ухаж баахан ашиг олдог. Тэгсэн мөртлөө улс орны маань хуулийг уландаа гишгиж, хууль бус зүйл хийж татвараас зугтчихаад эцэс сүүлд нь ял шийтгэлгүйгээр өнгөрөх зүйл газар авах вий дээ. Бид уужуу тайван ухаантайгаа харуулж байна гээд хууль зөрчсөн болгоны толгойг энэ маягаар  илээд суугаад байвал нөгөөдүүл нь ял ч үгүй, учруулсан хохирлоо ч барагдуулахгүйгээр цүнхээ түнтийтэл нь чихэж аваад нутаг орон руугаа буцаад байх юм биш биз. Уучилж болно оо. Ядаж учруулсан хохирлыг нь төлүүлээч
 

Санал болгох

Сэтгэгдэл

top