|

“Эрдэнэт” үйлдвэр нийт зардлынхаа 25 хувийг ажиллагсаддаа зориулдаг

saikhnaa 2017/09/14 2482 0

“Эрдэнэт” үйлдвэр нийт зардлынхаа 25 хувийг ажиллагсаддаа зориулдаг

"Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрийн компанийн үнэ цэнэтэй баялагийг уурхайчид гэж үздэг учраас ажиллагсадаа хамгаалж, халамжлах, хөгжүүлэхэд нилээд хөрөнгө зарсаар ирсэн. Тодруулбал "Эрдэнэт” үйлдвэр нийт зардлынхаа 25 хувийг ажиллагсаддаа зориулдаг нь Монголын уул уурхайн компаниудад жишиг болохуйц үзүүлэлт юм. Сүүлийн үед тус үйлдвэрийн удирдлагын зүгээс ажиллагсадынхаа орлогыг бодитоор нэмэгдүүлэх хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Тухайлбал компанийн нийт ажиллагсадын үндсэн цалинг тавдугаар сарын нэгнээс 10 хувиар нэмж, сар бүр олгодог ажлын үр дүнгийн урамшууллын сангийн хэмжээг долдугаар сарын нэгнээс 20 хувиар өсгөсөн. Мөн оны эхний хагас жилийн байдлаар үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг 100 давсан хувиар биелүүлсэн баялаг бүтээгчидээ үндсэн цалингийнх нь 40 хувьд дүйцүүлэн мөнгөн урамшуулал олгосон. Ингэхдээ урамшуулал олгох эрхийг цех, нэгжийн дарга нарт өгсөн нь уурхайчдын ажлын бүтээмж, үр дүнгийн гүйцэтгэлийг шударга тооцох шинэлэг хуваарилалт болсон юм. Түүнчлэн "Эрдэнэт” үйлдвэрийн 15 жилийн ирээдүйг хүн төвтэй хөгжил дэвшлийн хөтөлбөр тодорхойлно хэмээн үзэж ажиллагсадын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн асуудлыг зохистой шийдэхэд анхаарлаа хандуулж буй. Энэ хүрээнд компанийн ажиллагсад саяхан олон улсын оношлогоо, эмчилгээний "Медипас” эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэг шинжилгээнд хамрагдав. Түүнээс гадна ажиллагсадыг орон сууцжуулах хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх зэрэг нийгмийн халамжийн шат дараатай бодлого "Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжиж байна.

М.ОДГЭРЭЛ

Санал болгох

Сэтгэгдэл

top