Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний үеэр МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос "..Таныг аядуу тайван хүн гэдэг. Энэ зан улс төрд зөөлддөггүй юу" гэж асууж байв.
...Би эцэг эхээс заяасан аядуу зөөлөн хүн. Эвдрэлцэж яваа хүмүүсийг эвлүүлчих юмсан гэж боддог. Асуудлыг чанга ярьснаараа шийддэг ч юм биш" гэж хариулж байв.
М .Энхболд энэ сарын 25-нд болох намынхаа Бага хурал дээр МАН-ын даргын албан тушаалаа өгнө. Тэгвэл оронд нь түүнээс ч аядуу зөөлөн хүн очихоор яригдаад эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга болохоор нэр дэвших юм байна.
Н.Энхболдын намтраас өө сэв олно гэж үгүй. Тун цэвэрхэн. Тасралтгүй таван удаа УИХ-д сонгогдсон хүн. Завсар зуурт нь ЗГХЭГ-ын дарга, Гадаад хэргийн сайд байсан. Одоо УИХ-ын гишүүнээс гадна МУЗН-ийн ерөнхийлөгчөөр ажилладаг.
Мөн тэрээр Монгол Улсын төрийг энэ олон жилийн турш түшилцэхдээ яг юу санаачилж, ямар ажил хийж бүтээв гэдэг нь тун тодорхойгүй. Тасралтгүй тав сонгогдохдоо Төв аймгаас л гардаг. Төв аймагтаа юу хийв гэдэг нь бас л бүрхэг. Хөгжил тааруухан нэгэн аймаг нийслэлтэй хил залгаад байж л байдаг. Н.Энхболд гэж ийм л нэг сайхан "аядуу зөөлөн” төрийн түшээ л явдаг юм.
Сая Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унахад Н.Энхболдын оролцоо байсан гэж бас ярих юм билээ. Учир нь байнга л М.Энхболдын худ гэж андуурагддаг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг яг үнэндээ Н.Энхболдын худ гэнэ.
А.Цогцэцэг ажлаа сайн, муу хийсэн тухайд биш Н.Энхболдын худ учраас Засгийн газарт ураг төрлөө ажиллууллаа гэсэн шүүмжлэл их гардаг байсан хэрэг. Тэгээд ч Н.Энхболд л байгаагүй бол тэнд байсан эмнэлгийн даргыг гэв гэнэт сайдаар томилжээ гэвэл Монголд байгаагүй үйл явдал болно биз ээ.
Н.Энхболд ийм л чимээ шуугиан багатай, аядуу зөөлөн ажилладаг хүн. Түүнээс гадна бас нэг аядуу зөөлөн хүн МАН-ын даргад өрсөлдөхөөр Бага хурлаа хүлээж байна гэсэн мэдээ байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин огцорсон Засгийн газрын сайд нарын дэмжлэг, түлхээсээр Бага хурлаасаа нэр дэвшихээр төлөвлөж буй гэх мэдээлэл цацагдаж байна.
Ингэхээр аядуу зөөлөн зан төлөвтэй М.Энхболд даргын оронд хоёрын зэрэг аядуу зөөлөн хүн Ерөнхий сайд МАН -ын дарга болно гэж байх шиг байна. Ийм хүн энэ албан тушаалд тохирох уу гэж асуумаар байгаа юм. МАН бол төрийн эрхийг дангаараа барьж байгаа. Тиймээс МАН-ын дарга хэн байх нь өнөөдрийн Монгол Улсад маш чухал юм. Тэр утгаараа нийгэм маань шийдэмгий, зоригтой Ерөнхий сайд, МАН-ын даргыг л захиалаад байгаа шүү дээ.
П.МАНДАХ, ЗУУНЫ МЭДЭЭ