|

МЭДЭГДЭЛ

saikhnaa 2017/09/21 931 0

Сүүлийн өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаа болон тус компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн талаар гүтгэлгийн шинжтэй ор үндэслэлгүй мэдээлэл зарим телевиз, мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж, үзэгчид, уншигчдыг төөрөгдүүлэх гэж оролдож байгаад харамсч байна.

Энэ нь улс орныхоо өмнө өндөр хариуцлага хүлээж, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, эдийн засаг, санхүүгийн хямралтай байгаа хэцүү цаг үед улсын төсвийг бүрдүүлэхэд голлох үүрэгтэй ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрч хамт олныг дотроос нь хагалан бутаргах, эв эеийг нь алдагдуулах, Ерөнхий захирлаас авч хэрэгжүүлж байгаа мэргэжлийн удирдлагын арга барил, үр дүнг харлуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг улс төржүүлэх, удирдлагын албан тушаалд санаархах зорилгоор зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа гэж харж байна.

Ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлээгүй, Эрдэнэт үйлдвэрийнхэн ажил хаялт, суулт зохион байгуулна, Ерөнхий захирал олон тооны мэргэжлийн бус зөвлөх томилсон, Ерөнхий захирал ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө гэх мэтчилэн шил шилээ дарсан үндэслэлгүй мэдээлэл цацагдлаа.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь Компанийн тухай хууль, компанийн Дүрмийн хүрээнд улс төрөөс ангид үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан бүтцийн дагуу байгуулагдсан Ажлын албанд тодорхой төсөл хариуцсан, өндөр мэргэжлийн, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, ажлын баялаг дадлага туршлагатай ажилтнуудыг томилон ажиллуулж байна. Эдгээр нь "Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд цаг алдалгүй хэрэгжүүлэх томоохон төслүүдийг, тухайлбал Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг удирдаж байгаа бөгөөд цалин нь 2,5 сая төгрөг болно.

Үйлдвэр ажилчдынхаа цалинг 2017 оны тав дугаар сарын 01-нээс 10 хувиар нэмснээр үндсэн цалингийн фонд 6,9 тэрбум төгрөгөөр өссөн, мөн урамшууллын санг долоо дугаар сарын 01-нээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар нэмэгдүүлснээр нийт дүндээ нэг ажилтны сарын бодит орлого 120-450,0 мянган төгрөгөөр өссөн болно. Үүнээс гадна 2017 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр нийт ажилчиддаа 2,7 тэрбум төгрөгийн шагнал урамшууллыг олгосон. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тухай бүрт мэдээлж байсан болно.

Үйлдвэрийн үйл ажиллагаа технологийн горимоороо тогтвортой, тасралтгүй, жигд явагдаж, ажилтнууд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа бөгөөд ажил хаях, суулт зарлах ямарваа хандлага, яригдсан зүйл байхгүй болно. Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа явуулсан 39 жилийн хугацаанд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлагаа умартаж, ажил хаяж, үйлдвэрлэлээ зогсоож байсан түүх байхгүй. Хоногт дунджаар 4,9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байгаа үйлдвэрийг нэг минут ч зогсоох эрх байхгүй гэдгийг мэдэгдэж байна.

Манай компани 2017 оны эхний найман сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр 101,0-154,0 хувиар биелүүлж, улс, орон нутгийн төсөв болон цахилгаан эрчим хүчний төлбөр, төмөр замын тээврийн зардалд нийт 494,6 тэрбум төгрөг төлсөн.

Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь 2016 оны арваннэгдүгээр сараас 4 жилийн хугацаагаар томилогдсон бөгөөд ажлаа өгөх өргөдөл өгсөн гэдэг нь огт худал мэдээлэл юм. Мөн тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх мэдээлэл ч үндэслэлгүй болно.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс энэ мэт элдэв гүтгэлэг, худал мэдээлэлд хүлээцтэй хандаж ирсэн. Цаашид ийм байдал үргэлжилбэл үндэслэлгүй мэдээллийн талаар хууль хяналтын байгууллагад хандахаа албан ёсоор МЭДЭГДЭЖ байна.

Ор үндэслэлгүй энэ мэт гүтгэлэг, худал мэдээлэл нийтэлж, түгээж, олон түмнийг төөрөгдүүлэхээ зогсоож, Эрдэнэт үйлдвэрийн талаарх бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаасавч түгээхийг хэвлэл, мэдээллийн байгууллагуудад УРИАЛЖ байна.

                                            ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top