Хууль, хүчний байгууллагад харьяалагддаг тамирчид манай улсад олон. Тэднийг ямар нэг амжилт гаргахад цэрэг, цагдаагийн цолоор шагнаж, зарим нь бүр генерал болох дөхөж байна. 2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд найм давж, гарьд болсон Ш.Жаргалсайханд цагдаагийн ахмад цол хүртээж байлаа.
2015 онд наадамд түрүүлсэн Э.Оюунболд арсланд мөн л цагдаагийн ахмад цол олгож байсан. Түүнтэй зэрэгцээд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гоцлол дуу дуулаачдын төрөлд тэргүүн байр эзэлсэн Г.Ариунбаатарыг ахмад цолоор шагнасан.
Энэ жилийн наадамд түрүүлсэн улсын арслан Ц.Содномдоржид улсын баярын дараа ШШГЕГ-аас дэд хурандаа цолоор шагнаж, урамшуулсан. Зөвхөн бөхчүүд, дуучид гэлтгүй жүдо, чөлөөтийн тамирчид ч гэсэн цэрэг, цагдаагийн цол авдаг. Өнгөрсөн жил О.Гүндэгмаа баатрыг дэд хурандаа долоор шагнасан. Х.Эрдэнэт-Од дасгалжуулагч ч гэсэн хурандаа цол хүртсэн. Гэх мэтээр дурдаад байвал дуусахгүй.
Энэ мэт жишээг дурдсан учир нь цэргийн цолыг тамирчин, дуучинд өгдгөө болиоч гэж сануулах гэсэн юм. Үндэсний бөхөөр барилдаж байгаа улсын цолтнууд. Их спортоор хичээллэж буй чөлөөт, жүдо, буудлага боксын тамирчид. Цаашлаад дуугаа дуулаад явж байгаа дуучинд цэрэг, цагдаагийн цол ямар хэрэгтэй юм бэ. Цэргийн цол гэдэг цэргийн хүндээ л чухал. Насаараа цэргийн анги хэсэж, ажилла гэсэн газарт ажиллаж байгаа цэргийнхэн хошууч, хурандаа, генерал цолыг чинь зүүдэлж хонож байгаа. Тэд цол нэмэхийн төлөө хэдэн арван жил хөдөлмөрлөж, хөдөө гадаагүй гандан байж зүтгэдэг.
Гэтэл нэг наадамд хэд даваад. Эсвэл дэлхийн тэмцээнд түрүүллээ гээд том цолоор шагнаад байх чинь шударга уу. Хэдхэн жил барилдаж, нэг том амжилт үзүүлээд цол авах. 30 жил цэрэг, цагдаагийн байгууллагад зүтгэж байж том цолын бараа харах хоёр ямар том ялгаатай билээ дээ, энэ чинь. Цаана чинь хурандаа уйлж байна гэнэ. Армийнхан энэ мэтээр цэргийн цолыг тараадагт гомдолтой явдаг юм билээ. Ингээд бичихээр цэрэг, цагдаагийн байгууллагын хажууд байдаг спорт хороодод харьяалагддаг тамирчдын амжилтыг үнэлсэн байхад сүржигнэлээ л гэх байх. Тэдний амжилтыг битгий үнэл гэж байгаа юм биш. Үнэлэх ёстой.
Дэлхийн аваргад түрүүлнэ, Олимпын наадмаас медаль авна гэдэг бол яах аргагүй бахдам амжилт. Ерөөс дэлхийн хэмжээний амжилт гаргаж байгаа хэнийг ч болов зохих хэмжээнд шагнаж, урамшуулах нь зүйн хэрэг. Гэхдээ цэрэг, цагдаагийн цол тараагаад байх нь тийм зохимжтой юм уу. Цол нэмэхээр дагаад цалин мөнгө нэмэгдэж, амьдрал ахуйд хэрэг болдог байх. Өөрөөр бол бөхчүүдэд цолын хэрэг юу байна. Түүний оронд зүгээр л цалинг нь дүйцүүлээд л нэмчхээч дээ. Эсвэл нэг удаа томхон шагнаад, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээнд шийдээд өгчихөд болно.
Тэртэй тэргүй цэрэг, цагдаагийн байгууллагадаа ажиллаад, зүтгээд явахгүй нь тодорхой. Дуугаа дуулна, бөхөө барилдана, бэлтгэлээ л хийнэ. Тийм хүмүүст ахмад байна уу, хурандаа болно уу сонин биш. Цол нь шүү дээ. Түүний оронд амжилт гаргахад нь нөлөөлөх тусламж, бэлтгэлээ хийх тав тухтай заал, ар гэртээ санаа зовохооргүй болох нийгмийн баталгаа л сонин. Харин цэрэг. цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. Шөнөдөө гэмт хэрэгтэй тэмцэж, халуунд халж, хүйтэнд хөрж. Эсвэл хөдөө цэргийн ангид "хадагдаж” хээрээр гэр хийж явдаг хүмүүст тэр цол чинь хэрэгтэй.
Дэд хурандаа байж байгаад хурандаа болох амьдралд нь том өөрчлөлт авчирна. Маш их ач холбогдолтой. Цэргийнхэн гэдэг дэгтэй, сахилга баттай хүмүүс. Дарга хаана очиж ажилла гэнэ, тийшээ л явдаг. Ар гэрийн амьдрал хэцүүднэ. Нэг тийшээ томилогдоод очиход гэр бүлийн хүнд нь ажил олддоггүй. Жаахан бага цолтой бол цалин, урамшуулал дагаад л багасна. Ар гэрээ яаж тэжээх, нийгмийн ,асуудлаа хэрхэн шийдэхээс авхуулаад зовлон ихтэй. Нэг газар очоод олигтой орон гэртэй болчих боломж ч байхгүй. Тун удахгүй нүүх болбол яана гэж санаа зовно.
Ийм албан хаагчид цэргийн байгууллагаар дүүрэн байгаа. Тэд амьдралаа ажилдаа зориулж, зүтгэж явахад нэг годгор охин барилдаад медаль авсныхаа төлөө ахмад, хошууч болоод байвал гомдоно биз дээ. Тийм болохоор цэрэг, цагдаагийн цолыг хаа хамаагүй тараагаад байж яах вэ. Авах ёстой, ач холбогдол өгдөг, тэр цолын төлөө зүтгэж яваа хүмүүст нь л өг.