|

Түүхт Онгоны отрядыг Цэргийн гавъяаны одонгоор шагнав

namuunaa 2015/09/15 2115 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадам, 1945 оны Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус ангийн үе үеийн бие бүрэлдэхүүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Сүхбаатар аймгийн Онгон суман дахь Хилийн дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав.

 

Цэргийн гавьяаны одон гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, Сүхбаатар аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга Ж.Батсуурь тэргүүтэй хүндэт зочид оролцов.

Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Монгол Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит тус анги нь ЗХУ-ын Армийн генерал И.А.Плиевийн удирдлаган дор 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан баатарлаг түүхтэй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цэргийн гавьяаны одон гардуулж хэлсэн үгэндээ "Монгол Улсын дархан хилийг хамгаалах үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, цэргийн тангаргаа нэр төртэй биелүүлж буй хилчид Та бүхний амар мэндийг айлтган, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Баатар Ч.Дугаржавын нэрэмжит Хилийн дугаар анги 1936 онд байгуулагдаж, улсын хилийн 300-аад км хэсгийг хамгаалалтанд авч ажлаа эхэлжээ. Тэр цагаас хойш эх орны дархан хилээ хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Тухайлбал, 1945 оны Чөлөөлөх дайнд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Морьт-механикжуулсан группийн командлагч хурандаа-генерал И.А.Плиев отрядын дарга хурандаа Гомбожавт 8 дугаар сарын 09-ний шөнө багтаж хилийн цаана байгаа дайсны хилийн харуулуудыг устгах тушаалыг өөрийн биеэр өгсөн бөгөөд командлагчийн тушаалыг цагт нь биелүүлсэн бахархам түүхтэй.

1945 оны Чөлөөлөх дайнд оруулсан ахмад үеийнхний хичээл зүтгэл, өргөсөн алтан амь, урсгасан цусны үнэ цэнээр Монгол Улс туурга тусгаар улс гэдгээ тухайн үед дэлхийн бодлогыг тодорхойлж байсан их гүрнүүдээр зөвшөөрүүлж, баталгаажуулж чадсан билээ.

Нэмж хэлэхэд, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч Цахиагийн Элбэгдорж "Монгол Улс – Байнга төвийг сахих” тухай дэлхий нийтэд зарлалаа. Энэ бол Монголчууд бидний 100 жилийн мөрөөдөл юм. Энэ мөрөөдөл ажил хэрэг болох тохиромжтой цаг үе нь өнөөгийн бидний үед тохиож байгаад баяртай байна” гэв.

Зүүн хязгаарын хилийг тохинуулах, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Онгон сумын отрядад Цэргийн гавьяаны одон гардуулах үйл ажиллагаанд дэд хурандаа Х.Гантулга захирагчтай хилийн анги хамт олноос гадна ахмад хилчдийн төлөөлөл, хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн гишүүд, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид оролцож цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсон ангийн байлдааны тугандаа Цэргийн гавьяаны одонгоо ийнхүү хүндэтгэн заллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top