Оюутны үндэсний тэтгэлгийг хавтгайруулан олгох нь буруу гэх шүүмжлэл гарах болсон. Ялангуяа хямрал нүүр тулсан энэ үед цаашид оюутнуудад тэтгэлэг олгох хэрэг байгаа эсэхэд олон нийтийн зүгээс харилцан адилгүй байр суурьтай байна.
Анх олгогдохдоо сурлагын голч ялгахгүй бүх оюутанд тэтгэлэг олгодог байсныг саяхнаас болиулсан билээ. Яг энэ тооцоогоор бол 68.7 тэрбум төгрөг, урамшууллын тэтгэлэгт 9.0 тэрбум төгрөг, нийт 77.7 тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт тусгаад байгаа юм.
Тэгвэл төсвийн тодотголын хүрээнд энэхүү тэтгэлэг авах босгыг өндөрсгөж, төсөвт хэмнэлт хийхээр шийдсэн бөгөөд үндэсний тэтгэлгийг сурлагын амжилттай нь уялдуулах, харин сурлагын өндөр амжилт гаргасан суралцагчдад олгож байгаа урамшууллын тэтгэлгийг хэвээр үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Ингээд үндэсний тэтгэлгийг сурлагын амжилттай нь буюу 3.0 голч дүнгээс дээш суралцсан оюутанд олгохоор тооцсон бөгөөд үүнээс жил 33.7 тэрбум төгрөг хэмнэгдэхээр тооцоо гарсан байна.
Төсөлд төлөвлөснөөр үндэсний тэтгэлэгт хамрагдах суралцагчийн тоо 50206, Урамшууллын тэтгэлэгт хамрагдах суралцагчийн тоо 30861 байх бололтой.