|

24 баримт: Ц.Нямдорж сайд С.Зоригийн хэргийн талаар юу өгүүлж байв

saikhnaa 2017/10/25 1634 0

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг 18 жил оньсого, таамаг мэт явж ирсэн ч шүүхээр эцэслэгдээд буй. Гэсэн ч захиалагч нь тодорхойгүй, хаалттай хаалганы цаана өрнөсөн энэхүү шүүх хурлын шийдвэр, шүүгдэгч нарын болоод уг хэргийг нууцын зэрэглэлээс гаргасан прокурорын мэдээлэл нь өдгөө ч олон нийтийн эргэлзээг төрүүлж, хардлага дагуулаад байгаад юм. Тэгвэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэхүү хэргийн захиалагчийг илрүүлэх ёстой, нууцын зэрэглэлээс гаргаж, ард түмний эргэлзээний зангилааг тайлах учиртай гэдгийг хэлжээ. Тэрбээр сайдын үүрэгт ажлаа авсан даруйдаа ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, "Захиалагчийг нь зарлахгүй юугаа хүлээгээд байгаа юм. Найм, есөн хүний амь нас хохироосон гэж худлаа ярьж байсан хүний мэдүүлгээр л энэ бүх зүйл явлаа. Булганыг яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цагаатга. Хуулийн хүрээнд хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна” гэдгийг хатуухан хэлсэн байна. Түүний энэхүү мэдэгдэл нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн нууцыг задлах нь гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгээд байгаа юм. Тэгвэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайд болохоосоо өмнө буюу энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр мэдээлэл хийж, С.Зоригийн хэргийн талаар юу өгүүлж байсныг 24 баримтаар эргэн сануулж байна.

 

Баримт 1. Энэ хэрэгт холбогдож, голлон ярьж байгаа Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2007 онд найзаа зодож, цагдаад шалгагдаж эхэлжээ. Үүнээс хойш дөрвөн хүний амийг би хохироосон гэж худал мэдүүлэг өгсөн.

 

Баримт 2. Нэг хэрэгт холбогдуулж, өөр хүнийг гүтгэж, жил гаруй хугацаанд хилсээр хоригдож байгаад холбогдолгүй болж, суллагдсан байх юм.

 

Баримт 3. Эхнийх нь Өлзийсайхан гэдэг хүний амийг Эрдэнэбаатар хөнөөсөн гэж хоригдож байхдаа мэдүүлсэн байна. Энэ мэдүүлэгт үндэслэн Эрдэнэбаатар гэдэг хүнийг жил гаруй хугацаанд мөрдсөн байна.

 

Баримт 4. Гэтэл сүүлд нь өөрөө хийсэн гэдэг нь батлагдаад хэрэг хийсэн болон хэргийн эд зүйл нуусан газраа зааж өгч, хэргээ хүлээгээд 2009 онд цаазаар авах ял шийтгүүлсэн байна.

 

Баримт 5. Цаазаар явах ял шийтгүүлтэл уучлаад 25 жил болгон, эцэст нь таслуулсан байгаа юм. Ингэж хоригдож байхдаа би Ганбат гэдэг хүний амийг хөнөөсөн гэж мэдүүлэн, "Та нар надад эргэлт оруулж, хүүхэнтэй уулзуул. Би Ганбатын амийг хөнөөсөн. Самарт явж байхдаа ганц юм хувааж уугаад маргалдаад, зүрхэн тус газарт нь хутгалаад нуусан" гэжээ.

 

Баримт 6. Цагдаа нар шалгасан чинь "Өмгөөлөгчтэй уулзуул, намайг дарамталсан" гэх мэтээр зайлсхийгээд байсан гэдэг. Сүүлд нь Ц.Амгаланбаатарын мэдүүлэг хэрэг явдлаас зөрсөн тул шалгалтыг түдгэлзүүлсэн юм билээ. Ингэж энэ хэргийг хуурамчаар хүлээж, баахан бужигнуулсан байгаа юм.

 

Баримт 7. Түрүүчийн дурддаг Эрдэнэбаатар гэдэг хүн Ц.Амгаланбаатартай найзалдаг байсан цорын ганц найз нь, хойд гудамжинд байдаг байсан залуу. 

 

Баримт 8. 2014 оны гуравдугаар сараас Б.Содномдаржаа руу, долоодугаар сараас хойш Чимгээ рүү мессеж бичиж эхэлжээ.

 

Баримт 9. Ц.Амгаланбаатар гэдэг хүн бол худлаа ярьдаг хүн. Ц.Амгаланбаатар хойд эцгийнхээ хамаатнуудыг гүтгэчихсэн.

 

Баримт 10. Мөн Ц.Амгаланбаатар нь Архангай аймагт хоригдож байхдаа иргэн Г, Т, М гэсэн гурван хүний аминд хүрсэн гэх зүйл яриад энийг нь Эрүүгийн цагдаа нар шалгаж, бас холбогдолгүй гэдгийг нь тогтоосон байдаг.  

 

Баримт 11. Бас нэг зүйл нь,  Ц.Амгаланбаатар 2015 оны тавдугаар сарын 13-нд нас барсан хүний цогцсыг Т.Чимгээгийн хашаанд хаясан байсан. Тэр нь нас бараад зургаан сараас нэг жилийн хугацаа өнгөрсөн гэж шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.

 

Баримт 12. Энэ дагуу цагдаа нар Т.Чимгээгийн охин Өнөрцэцэгийг авч явж, цагдаагийнхан тайлбар авсан. Тэгэхэд охин нь "Ц.Амгаланбаатар ээж рүү маань хэргээ хүлээ" гэж мессиж бичээд байна гэдгийг хэлсэн байгаа юм. 

 

Баримт 13. Ц.Амгаланбаатар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу аймшигтай мессеж бичсэн байдаг.

 

Баримт 14. "9598... гэсэн дугаараас ямар хүн алснаа мэдэж байна уу. Жаагий та хэд том хүн нухснаа мэдэж байна уу. Чи Жаагий хоёр алаа биз дээ. Жаагий гэж Б.Содномдаржааг хэлж байгаа юм. Намайг эргэж ирээд таван сая төгрөг надад өг. Өгөхгүй бол хэргийг чинь гаргалаа. Та хоёр том хүн алчихаад санахгүй байна уу. Шаазан баарны үйлдвэрийн байрыг санахгүй байна уу. Та нар дээшээ ороо биз дээ. Чи Жаагий, Паартай ороо биз дээ. Паар гэж шатаж нас барсан хүнийг хэлж байгаа юм. Би орцонд та нарыг хараад байж байсан биз дээ. Чимгээ чи болсон хэргээ хэлэхгүй бол Дөлгөөнөөг чинь ална шүү" гэжээ. Дөлгөөн нь Чимгээгийн хүү. Энэ мэт бичсэн юм нь аймшигтай гэж жигтэйхэн.

 

Баримт 15. Нийт 102 мессеж явуулсан байх юм. Мөн 2015 тавдугаар сарын 13-ны цогцос хаядаг өдөр нь бас Б.Содномдаржаагаас цагдаа нар тайлбар авч байгаа юм. Яагаад ч өдөр нь тэгж таардаг юм.

 

Баримт 16. Энэ үеэр Б.Содномдаржаа ирсэн мессежийг цагдаа нарт үзүүлсэн байдаг. "Зааны тугал та хоёр С.Зоригийг алсан. Бүгдийг чинь самарна аа гэж бичсэн байна.  Зааны тугал гэдэг нь тэр үеийн цагдаагийн дэд хурандаа байсан хүн. Чи С.Зоригийг яах гэж алсан бэ. Зоригийг алсан хэрэг, шатаасан хэрэгтэй чинь нийлүүлээд дэлгэнэ. С.Зоригийг алсан хутга чинь надад байгаа шүү. Олон жил нуусан нь миний буруу юу. Паарыг эрүүлээр нь шатааж алаа биз дээ чи. Гараад ир. Паарыг алсан шиг чинь шатааж ална аа. Паарыг алсаныг чинь гэрчлэх хүн байгаа шүү. Дөрвөн хүний аминд хүрсэн хэрэгт хамт унана аа” гэх мэт мессеж илгээсэн байна.

 

Баримт 17. Эдгээрийг үзэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмссөн хувцас, байр байшингийнх нь байдал, шөнө нь гэрлээ унтраасан, асаасан зэргийг нь харж байсан юм шиг бичсэн байгаа юм.

 

Баримт 18. Үүнээс хойш юу болов гэхээр, 2015 оны гуравдугаар сарын 21-нд хотод ажилладаг хуулийн байгууллагын нэр бүхий ажилтан Эрдэнэтэд очсон байдаг. Энэ үед Эрдэнэтийн "Дагнита”-ийн өмнө Содномдаржаатай тааралдаж, муудалцан бага зэрэг зодоон болсон юм билээ. Тэр талаар цагдаад мэдэгдээд гуравдугаар сарын 30-нд Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Яг үүнээс таван сарын дараа буюу наймдугаар сарын 31-нд Чимгээ, Содномдаржаа нарыг баривчилсан байна. Яг л энд бичсэнээр хэрэг явдал өрнөсөн байна.

 

Баримт 19. Үүний дараа Чимгээгийн охин Өнөрцэцэг гэдэг хүүхэд нь машинтай явж байгаад Сэлэнгэд аваарт ороод нас барсан. Ээжийгээ баривчлагдсанаас Өнөрцэцэг нь лам хар гэж яваад шөнө замын хажуу руу ороод нас барчихсан гэж нөхөр Бямбасүрэн нь "Өдрийн сонин”-д ярьсан байна лээ.

 

Баримт 20. Чимгээгийн ээж нь 75 настай хүн Дорноговь аймагт байна. Чимгээгийн нөхөр Бямбасүрэн гэж хүн бий. Бямбасүрэнгийн ээж нь Сэсэрмаа гэж хүн байна. Ээжтэй нь би утсаар ярьсан. Надад өргөдөл ирүүлсэн. Охинтойгоо яриач гэж гуйсан. Энэ хэргийг маш нууцын зэрэглэлд авсан. Гэтэл хадгалах хугацаа нь 25 жил.

 

Баримт 21. Төрийн нууцын тухай хуулиар 25 жил хадгалаад, хаана гэж хуулийн заалт байна. Хамгийн гол нь захиалагч. Захилагч нь гэтэл байхгүй. Тэгсэн мөртлөө захиалгаар алсан гээд байдаг. Хэрэв захиалгаар юм бол ямар хөлс авчихаад ийм хэрэг хийсэн юм энэ хүмүүс. Ийм л юм болж байна.

 

Баримт 22. Миний санаа зовж байгаа зүйл бол 1937 оны хэлмэгдүүлэлтийн үнэр байна гэж хардаад байна. Энэ мэдээллийг би та бүхэнд хэлж байгаа нь би хуулийн байгууллагад олон жил хэрэг уншсан хүний хувьд цаад учрыг нь гадарлаад байгаа юм.

 

Баримт 23. Яахаараа урьд нь шоронд таван жил ял эдэлж байсан хүн Чимгээ, Содномдаржаа хоёрын утсыг олчихдог юм. Яагаад шүүх хурал хаалттай болчихдог. Бас яагаад улсын яллагч нар үндэсний телевизээр ороод ярьчихдаг юм. Яагаад өмгөөлөгчид нь үг хэлэх эрх олгодоггүй юм. Яахаараа тэр цогцос тэнд очсон, бас тэр хуулийн байгууллагын ажилтан тэнд очоод маргаан үүсгэсэн байдаг юм. Цаашдаа энэ хэргийн малгайн доор хэдэн хүнийг тамлах юм, бүү мэд.

 

Баримт 24. Хэргийн цорын ганц амьд гэрчийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш, хохирогч биш гээд шүүх хуралд оролцуулаагүй. Тэгсэн хэрнээ Д.Булганы зурсан ам зургаар, Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хүмүүсийг яллаад байдаг. Одоо бүр сүүлд нь бүр мах чанаж идсэн, хамт цай уусан, тамхи татсан гэх яриа гараад байна лээ. Ямартай ч энэ хэргийг хэн гээч хүний яаж хийсэн хэрэг болох нь тодорхой болж байх шиг байна.

 

Эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top