|

Орос орон бүү мөхөөч!

tonshuul 2017/11/16 618 0
 
 Орос орон бүү мөхөөч!
"Тэргүүний гүрэн үү, хоцрогдсон орон уу? Монголын нэрт сэтгүүлч хөрш Орос орныг хэрхэн харж байна вэ?” гэсэн өмнөх үгтэйгээр, сэтгүүлч Ч.Мөнхбаярын Оросод зорчсон сэтгэгдэл дээрээ суурилан оросоор бичсэн "НЕ ВЫМИРАЙ, РОССИЯ!” нийтлэлийг,  Оросын АРД буюу Asian Russia Daily сайт Октябрийн хувьсгалын 100 жилийн ойн өдөр нийтэлсэн нь хойд хөршийн уншигчдын анхаарлыг багагүй татжээ (http://asiarussia.ru/blogs/18186/). Та бүхэнд орчуулан хүргэж байна:
 
Сайн сайхан хөгжих, жинхэнэ их гүрэн болох бүхий боломжтой хэдий ч Орос орон та мөхөж байгааг харж байна. Оросод өдрөөс өдөрт бүх юм улам муудан доройтсоор. Эгэл хүмүүс тань аз жаргалгүй, ирээдүйд итгэх итгэлгүй, аж үйлдвэр хоцрогдсон, шинэ технологийг цэргийн салбарт ч харшгүй, ХАА тань хямралын байдалтай. Оросын нийгэмд тоолж баршгүй сөрөг үзэгдлүүд цэцэглэж, ёсзүйн баримжаа, бүр хүний дүр төрх алдагдаж байна.
 
Та найз нөхөдгүй, учир нь хаа сайгүй дайснуудыг л хайж, бүр Монголыг хүртэл заналт дайснуудынхаа жагсаалтад оруулах дөхөж байсан. Таны цорын ганц "найз” бол Хятад өөрийн дагуул орон БНАСАУ-ын хамт, гэхдээ тэрбээр Оросод өнөөгийн асуудал бэрхшээлүүдээсээ гарахад туслах байтугай, эсрэгээр, байдлыг улам хүндрүүлж байна.
 
Өөрийн амь насныхаа үнээр ар гэртээ мөнгө үлдээхийг чармайж байгаа цөхөрсөн амиа золиослогчдынхоо хүчээр та Асадыг хамгаалах хэрнээ, Алс Дорнодоо хятадын тэлэлтээс хамгаалахгүй байна. Та Крымийг нэгтгэж, БНДАУ, БНЛАУ-ын төлөө тулалдсан хэрнээ, дэлхийн сувд-ариун нуур Байгалыг, далимд нь Буриад, Эрхүү муж, Ар Байгалийн хязгаарыг үдийн зоог болгон Лууд өргөн барьж байна. Хамаг шилдэг бүхнээ та ямагт Хятадад өгч ирсээн.
 
Олон монгол хүний адилаар би үнэн сэтгэлээсээ Орос оронд дотно ханддаг. Зөвлөлт, монголын ард түмнүүд хамтдаа аюумшигт террор, харгислалын золиос болж, хамтдаа дайснуудынхаа эсрэг тулалдаж, хамтдаа тэр үед зөв гэж санагдаж байсан нийгмийг байгуулж, хамтдаа гэрэлт ирээдүйд итгэж байсан. Зөвлөлтийн социализм огт төгс нийгэм биш, гэхдээ дэвшилт феодализм байсан юм. Харин манай орнууд капитализмыг алгасах байтугай, ойр дөхөж ч амжаагүй билээ.
 
Хүүхэд байхдаа би ЗСБНХУ-ын бүх талын нөлөөн дор өсөж, дээдлэн биширч өссөн, үнэндээ бусад гадаад улсын тухай бага мэддэг байлаа. Зөвлөлтийн их сургуульд элсэхэд би танайд хэрхэн хамаг юм нуран унаж буйг, зарим тохиолдолд хамгийн хоцрогдмол социалист улсуудын нэг болох Монголоос ч дор байгааг үзэж алмайран гайхсан. Энэ нь тэргүүний гүрний тухай миний төсөөлөлтэй огт авцалдахгүй байлаа. ХХ зууны эхэнд Монголыг удахгүй газрын зургаас арчигдах орон гэдэг байв, харин Орос хагас капиталист эзэнт гүрэн байлаа. Яаж ингэж хоцрогдож болдог байна аа? 
 
Гэхдээ тэр өөрчлөн байгуулалтын он жилүүд танай орны хамгийн гэгээн гэрэлтэй он жилүүдэд орно. Тэгэхэд хүмүүс тогтолцооныхоо тухай үнэнийг мэдэж, "Шинэ Ертөнц”-ийг нээж, дайснууд гэгдсэн нь дайсан биш, харгис муу нь тэд биш бид болохыг илрүүлж, бүхнийг сайн сайхнаар өөрчлөхийг, соёл иргэншлийн гэр бүлд нэгдэхийг эрмэлзэж байлаа. 
 
Манай орнууд бүх юм нь болж бүтэж байгаа тэр хөгжингүй орнууд шиг болно гэж бодохдоо би аз жаргалтай байдаг байв. Харин барууны улсууд биднийг аврах үүрэггүй, өөрсдийн иргэдээ л халамжилдаг учраас сайхан амьдралтай, сайн орлоготой байдаг гэдгийг бид тэр үед гадарладаггүй байжээ. Даян  дэлхийн үзэл санаатай хамт амьдарч дассан бидний дундаас олон хүн АНУ, түүний холбоотнууд сайн ах нар болоогүйд гомдсон, хорссон.
 
Монгол улс зөвлөлтийн нөлөөнөөс гарангуутаа шууд хятадын нөлөөн дор орсон. Бидэн рүү урилгагүй зочид болох гэнэн маоизм, бээжингийн суртал ухуулга ирж, бид ахин Америкийг хараадаг, зөвлөлтийн үед байсан шигээ орчлонг хар-цагаан өнгөөр хардаг болсон, ялгаа нь гэвэл одоо ертөнцийг Хятадын зарлаагүй захиран тушаалтын дагуу л харж болох төдийд оршиж байгаа. Орос орон аугаа том учир энэ процесс илүү удаан хэмнэлтэйгээр явагдаж ирлээ. Зимбабвегийн хөгжлийн загварыг хэрэгжүүлж ирсэн манай орнууд хоюулаа өнөөдөр ангалд унажээ. 
 
Өнөөдөр Монголд зөвхөн хулгайч урвагчид дарангуйлдаг, мэдээж үе залгамжлан дарладаг, дэлхийн хамгийн шившигтэй нийгэм - клептофеодализм байна. Манайд цэвэр формаль зүйл болсон, нэр төдий тусгаар тогтнол байгаа бөгөөд өөр юу ч үлдсэнгүй. Бүх социалист бүтээн байгуулалт орвонгоороо устгагдсан, бүх байгалийн баялгийг харийнханд бэлэглэсэн, бүхний эзэн нь хятадууд боллоо. Бид бараг л ӨМӨЗО-ы монголчууд шиг амьдарч, Бээжинд таалагдахгүй байж болох нэг ч үгийг олон нийтийн өмнө дуугарч зүрхлэхээ больж байна.
 
Энэ зун манай иргэд БНХАУ-д таалагдаагүй нэр дэвшигчийг ерөнхийлөгчөөр сонгож зүрхэлсэн юм. Дундад улсын засаг шууд эдийн засгийн сөрөг арга хэмжээнүүдээр хариу барьж, золтой л бүслэлтэнд оруулчихсангүй, ийм шийтгэл нь ховор биш энгийн үзэгдэл болоод байна. "Монголын эдийн засаг нэг орон, нэг түүхий эд - нүүрснээс хэт хараат болжээ” гэж тэр нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үеэрээ хэлж байлаа. Оросод нөхцөл байдал ойролцоо байгаа. Хэрэв танайд нийгмийн үйл явцууд одоогийн зүй тогтлоороо явагдсаар байх аваас, удалгүй Орос өнөөгийн Монголоос юугаар ч ялгагдахгүй болно. Оросууд аа, битгий бидэн шиг ХКН-ын боол болооч! Миний шүүмжлэлт үгс хятадын ард түмэнд бус, зөвхөн коммунист мангасуудад хамаарна гэдгийг энэ далимд нэмж хэлмээр байна. 
 
Монголчууд Орос орон хүчтэй, эрүүл байгаасай гэж хүсэж байна. Ихэнхи эх орон нэгтнүүд маань одоо ч Орос тийм байгаа гэж төсөөлдөг бөгөөд, учир нь бид ахин мэдээллийн тусгаарлагдмал байдалд, төмөр хөшигний цаана орсон. Хятадын суртал ухуулга Орос зөв замаар явж байна л гэж ойлгуулдаг.  Ерөөс тийм биш гэдгийг олон монгол хүн анзаарсан, ялангуяа визгүй зорчдог болсны дараа танай орны амьдралыг өөрийн нүдээр харж, зарим тохиолдолд Монголоос ч дор байгааг мэдсэн.  
 
Оросод байхдаа би манай орнууд бие биеэ ямар их санагдуулдаг болохыг гайхаж, заримдаа өөр улсад байгаагаа бараг мартчихдаг. Өөрчлөн байгуулалтын үеэс хойш Оросод бараг юу ч өөрчлөгдөөгүйг гайхдаг. 25 жил танай оронд нэг ч удаа зорчоогүй байснаа, 2015 оны намар очиход намайг цаг хугацаагаар аялахуйн гайхамшигт мэдрэмж эзэмдсээн.
 
Зарим ялгаа буй ч гэлээ, хилийн наана цаана буй бид ах дүүс, ихрүүд. Бид бүхэн золгүй байх, зовох заяатай гэж зураг төөрөг зурагдсан гэж итгэхгүй байна. Зурагдсан байлаа ч бид хувь заяагаа өөрчилж, хамгийн аз жаргалтай хүмүүс болох ёстой. Монгол Орос орнууд жинхэнэ анд нөхөд, холбоотнууд байж, хамтдаа бэрхийг туулж, хамтдаа оргилд хүрч байгаасай гэж монголчууд бид хүсдэг.
 
1987 онд Берлин хотноо Р.Рейган: "Mr. Gorbachev, open this gate. Mr. Gorbachev, tear down this wall!” гэж уриалж билээ. Миний бие энэхүү уриаг бага зэрэг өөрчлөн: "Мистер Путин, ардын засаг, цэцэглэн хөгжихүйн үүд хаалгыг нээгээч! Мистер Путин, уналт, ганцаардлын ханыг нураагаач!” гэж уриалж байна.
 
Оросын ард түмэнд ч уриалж байна!
 
Орос орон бүү мөхөөч! Үнэн сэтгэлээсээ гуйж байна! Орос мөхвөл Монгол мөхнө.
 
 
Ч.Мөнхбаяр

Санал болгох

Сэтгэгдэл

top