|

Хүүхдийн эрхийг таван тэрбумаар хамгаална

saikhnaa 2017/11/23 849 0

Манай улсад хамгаалалт  шаардлагатай 1,120,000  хүүхэд байна гэсэн тоон мэдээлэл бий.

Энэ тоог   Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн  газраас 2010 онд батлуулсан хүүхэд хамгааллыг бэхжүүлэх Үндэсний стратегийг 2011-2015 онд хэрэгжүүлсний үр дүнд гаргасан байна. 2016 онд манай улс анх удаа Хүүхэд хамгааллын болон Хүүхдийн эрхийн тухай хуультай болсон.

Төрөөс хүн амд үзүүлэх  бодлогын баримт бичигт нийгмийн хамгаалал шаардсан нийт хүүхдийн зөвхөн гуравхан хувьд нь хүрч ажиллах тухай дурдсан ажээ. Үндсэн хуульд иргэдээ ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн заалт бий. Тэгвэл үлдсэн 97 хувийг нь хэн хамгаалах вэ? Зорилтот бүлгийн болон хамгаалах шаардлагатай  нийт хүүхдийн гурван хувьд нь хүрч үйлчлэх зорилгоор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүр дөрвөн тэрбум төгрөг төсөвлөдөг байна.

Гэвч  Сангийн яам уг төсвийг батлахдаа  арван хувьд нь тэнцэх хэмжээний төсөв баталсаар иржээ. Тухайлбал, 2017 онд гэхэд  396 сая төгрөг баталсан байна. Энэ мөнгө хүүхэд хамгааллын зардалд хаанаа ч хүрдэггүй гэж  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хэлж байна. Сүүлийн үед нийгмийг цочроосон хэргүүд их гарч  ирэх оны  төсөвт хүүхэд хамгаалах зардлыг нэмж  таван тэрбум болгожээ. 

Ингэснээр хамгаалалт шаардсан нийт хүүхдийн гурван хувийг 3.5 хувь болгон жаахан ч гэсэн  нэмэгдүүлэхээр зорьж  байгаа тухай  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Тамгын  газрын дарга Ш.Чинбат ярьсан юм. Төрөөс хүүхэд хамгаалалтын дөрвөн тэрбумыг хасаж танасаар 396 сая төгрөгийг баталсан хэр нь энэ ажлыг хийх  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилчдын цалин, байр, цахилгаан, дулааны зардалд 1.1 тэрбум төгрөг баталдаг аж.

Гэхдээ энэ мөнгийг Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны багцаас тусгай шилжүүлгээр шилжүүлдэг юм байна. Ажил хийх хүмүүст  мэдээж зардал байх нь зайлшгүй. Гэхдээ хамгаалал хэрэгтэй хүүхдүүдэд очих зардал ийм бага байж болох уу?

НЭГ АЙМАГ, ДҮҮРЭГТ ДУНДЖААР  30-50 САЯ ТӨГРӨГ ХУВААРИЛНА

396 сая төгрөг өгч байсан зардлыг нэлээд олон хүүхэд амь насаа алдан байж таван тэрбум төгрөг болгож нэмэгдүүллээ гэхэд хилсдэхгүй.  Гагцхүү энэ мөнгө хүүхэд хамгаалах халуун цэг дээр ажиллах сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа, хорооны ажилтан  зэрэг хамтарсан багт хуваарилагдаж хамгааллын зардалд зарцуулагдаж чадах уу гэдэгт  олон нийт анхаарлаа хандуулж байна.

Хүүхэд хамгаалах үндсэн үүрэгтэй сургуулийн нийгмийн ажилтан 13 төрлийн аж ахуйн ажил хийсээр хүүхэд хамгаалах ажилд цаг хүрэлцдэггүй тухай  Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан ярьж байсан. Тусламж үзүүлэх зардлаа өөрөөсөө хүртэл гаргах тохиолдол байдаг гэсэн.

Тэгвэл ирэх оны төсөвт хүүхдийн нийгмийн хамгаалалд зориулсан таван тэрбум төгрөгийг хүүхэд хамгаалахад хэрхэн зарцуулах талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн  газрын төсөв хөрөнгө оруулалтын  мэргэжилтэн  Б.Мөнхболороос тодруулахад " Таван тэрбум төгрөгийн зарцуулалтын төлөвлөлт хийж байна. Хамгийн түрүүнд хүүхдийн дуудлагын 108 утасны  төв төсөл хэлбэрээр ажилладаг байсан.

Одоо бие дааж ажиллахад 261.7 сая төгрөг зарцуулна. Мөн Засгийн газрын 2017 оны 231 дүгээр тогтоолоор  хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр байрыг байгуулахаар болсон. Энд өдөр бүр тогтмол 6-11 хүүхэд хамгаалалтад байдаг. Үүнд 411 сая төгрөг төлөвлөж байна. Мөн энэ онд Багахангай дүүрэгт ашиглалтад оруулсан  хараа хяналтгүй хүүхэд хөгжлийн төвийн урсгал зардалд 481 сая төгрөг  зарцуулна гэх мэтээр төлөвлөлтөө хийж байна” гэв.

Аймаг, дүүрэг бүр өөр өөрийн онцлогтой  хүн ам, хамгаалал шаардсан хүүхэд болоод гэр бүлийн тоо харилцан адилгүй байдаг. Одоогоор аймаг болон дүүргүүдээс судалгаа авч эхэлсэн байна. Энэ судалгааг үндэслэн санхүүжилтээ хуваарилах юм байна. 2017 онд нэг аймагт хүүхэд хамгааллын зардалд 2-10 сая төгрөг хуваарилсан бол ирэх онд дунджаар  30-50 сая төгрөг хуваарилах боломжтой болжээ.

Хүн ам ихтэй  Ховд, Увс, Дархан, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай болон  Сонгинохайрхан, Баянгол  дүүрэгт илүү  санхүүжилт хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх хамгааллын зардалд 280 орчим сая төгрөг төлөвлөж байгаа гэв. Энэ жил хамтарсан багийг чадавхжуулах жил болгож зарласан.

Хамтарсан багийн гишүүдэд  хамгаалал шаардсан хүүхдэд үзүүлэх утсаар ярих, шүүхэд нэхэмжлэл гаргах, унааны зардлыг энэ төсвөөс гаргаж  байгаа цаашид ч гаргах юм байна. Харин орон нутагт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраар нь дамжуулж эдгээр төсвийг шилжүүлдэг ажээ.

НЭГ ХҮҮХДИЙН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЗАРДАЛ 74,100 ТӨГРӨГ

2012 онд Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамнаас нэг хүүхдийн нийгэм хамгааллын үйлчилгээнд үзүүлэх жишиг зардлыг 74,100 төгрөг байхаар тооцсон байна. Гэвч нэг сая хүүхдэд зарцуулагдах хэмжээгээр бол жилд 80 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй  болно. Энэ жилийн 396 сая төгрөгийг  зорилтод бүлгийн  кейс үйлчилгээний зардалд зарцуулсан байна.

Улирал бүрт хяналт тавьж хэдэн кейс шийдвэрлэснээр нь тухайн аймаг дүүрэгт шилжүүлдэг болохоор хүүхэд хамгаалалтад хүрч зарцуулагдаж байгаа гэж тус газрын Төсөв хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Б.Мөнхболор хэлсэн. Өөрөөр хэлбэл төсвийн  58.7 хувь энэ үйлчилгээнд зарцуулагдсан аж. Энэ жил  төсвийн тодотголоор 122 сая төгрөг нэмж батлуулснаар Багахангай дүүрэгт Хүүхэд хөгжлийн төвийг барьж ашиглалтад оруулсан аж. Үйл ажиллагаа болон урсгалд зардалд ирэх онд 484 сая төгрөг төсөвлөсөн байна.

Эдийн засгийн өсөлтөөс шалтгаалаад нэг хүүхдийн хамгааллын зардлыг 192 мянган төгрөг болгох боломж байгаа тухай албаны хүн хэлсэн. 2018 онд Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тус агентлагийн бие дааж хэрэгжүүлэх  дөрвөн заалт тусгасан байна.  Хүүхдийн хүмүүжил төлөвшилд үндэсний өв уламжлал, соёл урлагаар дамжуулан эергээр нөлөөлөх бодлогыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлж хүүхдийн осол эндэгдлийн төвшинг хоёр дахин бууруулна гэж заасан.

Мөн харьяалалгүй хүүхдийн бүртгэлийг сайжруулж насанд хүртэл нь хамгаалах амьдралд хөлөө олоход нь туслах бодлогыг хэрэгжүүлнэ гэжээ. Тэгэхээр эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд таван тэрбум төгрөгийг зарцуулах нь тодорхой. "УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн ажлын алба, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа  болон АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос УИХ-ын эмэгтэй гишүүдэд  нөлөөлсний хүчинд таван тэрбум төгрөгийг батлуулсан ” гэж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн  Л.Болормаа хэлсэн. 

Тэрээр цааш нь хэлэхдээ "Таван тэрбум төгрөгийг батлуулахын тулд "Лантуу дохио” ТББ- аас санаачилсан УИХ-ын гишүүдээ "Нүдээ нээ” аян үр дүнгээ өгсөн. Түүнчлэн манай холбооноос энэ асуудалд анхаарал хандуулж дүүрэг бүрт хамтарсан багийг оролцуулсан  хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Уг нь улсын хэмжээнд хүүхэд хамгааллын зардалд бидний тооцсоноор 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай.

Энэ жилийн тухайд 11 тэрбум төгрөгөөр тооцож 2018 оны төсвийн төсөлд оруулсан.Харамсалтай нь таван тэрбум болж талаас илүү нь тайрагдсан. Гэхдээ төсөвгүй шахуу байсан энэ салбарт энэ мөнгө бол том дэвшил. Тиймээс таван тэрбум төгрөг хамгаалал хүссэн хүүхэд гэр бүлд хүрч буй эсэхэд хяналт тавьж ажиллах болно” гэв.  Төрийн ордны Иргэний танхимд маргааш Ерөнхийлөгчийн ивээл дор  хүүхэд хамгаалал сэдвээр хэлэлцүүлэг болох юм байна.

Ц.МЯГМАРБАЯР, ЗУУНЫ МЭДЭЭ

Санал болгох

Сэтгэгдэл

top