|

ГЯЛГАР УУТАН БУДААНЫ ТУХАЙ

saikhnaa 2017/12/20 691 0

ГЯЛГАР УУТАН БУДААНЫ ТУХАЙ

 

Фэйс дээгүүр гялгар уутаар хийсэн будааны тухай бичлэг цөөнгүй бичигдэх болов. Түүний уг үндсийг тодруулах зорилгоор Хятадын сүлжээгээр ортол "Дахин хятад хоол идмээргүй" санагдахаар айхтар зүйл олж уншлаа. Ер нь Хятадын хүнсний аюулгүй байдлын асуудал маш аюултай төвшинд хүрсэн тухай хятадын хэвлэл төдийгүй дэлхийн бусад улс орнууд ихээхэн шуугиж байгаа ажээ.

Японы телевизээр хятадад хэрхин химийн бодис ашиглан хиймэл өндөг хийж байгаа явцын тухай үзүүлж байх юм. Хиймэл өндөгнөөс гадна хиймэл усан үзэм, хиймэл сам хорхойг химийн бодис ашиглан дууриалгаад хийчихэж байгаа хүмүүсийн хувьд хиймэл будаа үйлдвэрлэх шиг амархан хэрэг хаана байх билээ.

Бээжинд зарагдаж байгаа хатаасан цагаан гаанаас нүүрстөрөгчийн давхар исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 25 дахин их байгаа нь амь насанд аюултай болохыг анхааруулсан бичлэг уншив.

Хятад хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар хүн амын 71 хувь нь хүнсний аюулгүй байдлын асуудалд маш их санаа зовниж явдагаа илэрхийлсэн байна. Ер нь сүүлийн үед 300 сая гаруй хүн хортой хүнсний улмаас ямар нэгэн ноцтой өвчлөлд нэрвэгдээд байгаа аж.

Хятадын хиймэл цагаан будаа цагаан будааны эх орон гэгддэг зүүн өмнөд азийн улс орнууд, Энэтхэг болон Нигери улсад хүртэл тархаад байгаа гэнэ шүү. Хиймэл цагаан будааг манайхан дан ганц гялгар уутаар хийдэг хэмээн үздэг нь эндүүрэл аж. Төмс зэрэг хятаддаа хямд төсөрт тооцогддог ногоог химийн тусгай бодисоор найруулан хийдэг тухай хятадын хэвлэлд бичсэн байна. Зян Ю нэрт хоол амтлагчийг хүн болон мал адгуусны үс ашиглан хийдэг нэг хувийн үйлдвэрийн тухай хятадын хэвлэлд бичсэн байх юм. Сүүлийн үед хиймэл дүүпүү гарч ирсэн нь хортой хүнсний бүтээгдхүүний жагсаалтанд бүртгэгджээ.

Манай мэргэжлийн хяналтын байгууллага Хятад хэлтэй хэдэн сайхан залуусыг ажилд аваад ижил төрлийн байгууллагад бүртгэлтэй хятадын хортой хүнсний бүтээгдхүүний жагсаалтыг орчуулж мэдээллийн сандаа оруулаад тэдгээрийг улсын хилээр орж ирэх замыг хаавал дээрсэн.

Гуравхан сая монголчууд бид гурван зуун сая хүний эрүүл мэндэд хор хохирол учруулчихаад байгаа өмнөд хөршийн хүнсний аюулгүй байдлын асуудлаас болгоомжтой байж социализмын үеийн хүнсний эрүүл ахуйн технологи, стандартыг сэргээн хэрэглэж эхлэх юмсан.

Төр засгаас хүнсний үйлдвэрлэлүүдээ татварын хөнгөлөлт эдлүүлэх зэргээр хүчтэй дэмжиж тэдгээрийн бүтээгдхүүнийг өмнөд хөршид гаргах асуудлыг ирэх онд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ерөнхий сайдын айлчлалын үеэр ярьж тохирвол хятадын удирдлага маш нааштай хүлээн авах болно доо. Манай улс Хятадын элит болон чинээлэг давхаргынхны дав даруй хэрэглэдэг хүнсний бүтээгдхүүнийг хангаад байхад л уул уурхай энэ тэр гэлтгүй ард нийтээрээ арабын баячуудаас дутуугүй сайхан амьдраад байх бололцоо дүүрэн байгаа юм. Сүүлийн үед манайхаас бусад оронд түлхүү яригдах болсон "Хямралын менежмент" гэдэг чинь чухам үүнийг хэлээд байгаа хэрэг.

Миний бага байхад уусан ундаа хамар сэтлэх шахам сэнхийгээд, хиам, өндөгний амт үнэр ямар янзтай сайхан байсан юм бэ дээ? Тэр үеийн өндөгний шар нь жинхэнэ шар. Гол руугаа хүрэн шаргалтдаг байсан нь сэтгэлд тодхон байх чив. Одоо харин тэр болгон үгүй болж үгүйлэгдээд байдаг нь ямар учиртай юм бол?

Хятадын хүнсний хямралын асуудлыг Австрали Шинэ Зеландчууд айхтар ашиглаж байгаагаас бид яагаад суралцаж болохгүй гэж?

Эх сурвалж: Хятад хэлний орчуулагч Д.Болдбаатар

Санал болгох

Сэтгэгдэл

top