|

34 аж ахуйн нэгж дөрвөн боомтоор өвс, тэжээл оруулж байна

saikhnaa 2018/01/11 468 0

34 аж ахуйн нэгж дөрвөн боомтоор өвс, тэжээл оруулж байна

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат танилцуулга хийлээ.

 

Тэрбээр танилцуулгадаа, УИХ-аас баталсан мал аж ахуйн салбарын суурь хуулиуд болох Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр 2017 оны 12 дугаар сарын 21-нд хуулиудын хэрэгжилтийг хангах, шилжилтийн үеийн ажлыг шуурхай зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

 

Ажлын хэсэг хоёр хуулийг дагалдан гарах эрх зүйн актын жагсаалт, боловсруулах хугацаа, хариуцах байгууллага, бүтцийн нэгжийг тодорхойлсон. Үүнд: Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд нэр бүхий 3 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлал, төсөл, Засгийн газрын шийдвэрийн 7 төсөл боловсруулан, хэлэлцүүлэх, захиргааны 7 актын төсөл боловсруулж, батлах, захиргааны хэм хэмжээ тогтоох 26 актын төсөл боловсруулж, батлах, бүртгүүлэх, 3 стандарт шинээр болон шинэчлэн боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Мөн Мал, амьтны  эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд, нэр бүхий 4 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлал, төсөл Засгийн газрын шийдвэрийн 14 төсөл боловсруулан, хэлэлцүүлэх, захиргааны болон захиргааны хэм хэмжээ тогтоох 108 актын төсөл боловсруулж, батлах, бүртгүүлэх, 2 стандарт шинээр боловсруулж, батлуулахаар байна. Хуульд заасан дээрх захиргааны хэм хэмжээний актуудыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор боловсруулж дуусгахаар төлөвлөж, Ажлын хэсгийн гишүүд хуваарилан авч, ажиллаж эхлээд байгаагаа онцлов.

 

Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 11 бүлэг үйл ажиллагааны чиглэлээр 86 арга хэмжээг хэрэгжүүлэхээр байна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 6 бүлэг үйл ажиллагааны чиглэлээр 145 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүд сум, дүүргийн, аймаг, нийслэлийн, улсын түвшинд тус тус хийгдэнэ. Үүнд: Агентлаг хоёр салж, Мал эмнэлгийн алба нь агентлагийн статустай, босоо тогтолцоогоор ажиллах бол Үржлийн алба нь яамны бүтцэд ирнэ. Аймагт Хүнс, хөдөө аж ахуйн газраас мөн Мал эмнэлгийн асуудал хариуцсан бүтцийн нэгж бие даан гарна. Суманд Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллаж байгаа Мал эмнэлэг, үржлийн тасгийн нэр өөрчлөгдөж Хөдөө аж ахуйн тасаг болж, чиг үүргийн дагуу ажиллах бөгөөд мал эмнэлгийн тасаг босоо тогтолцооны дагуу байгуулагдан ажиллана. Энэ ажлын хүрээнд бид орон нутгаас мэргэжилтнүүдийн судалгаа, орон нутгийн байгууллагын эд хөрөнгө, түүний ашиглалтын талаарх судалгааг авч байна. Судалгааны дүгнэлтэд үндэслэн бүтэц, зохион байгуулалтын зураглал, тооцоо, эрх зүйн шийдвэрийн төслүүд гарна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат танилцуулгадаа дурдлаа.

 

Мөн тэрбээр, Хуулийг олон нийт, малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжид таниулах, сурталчлах, сургалт, семинар зохион байгуулах ажлыг бүсчлэн болон аймгаар, ажлын төрөл, чиг үүргээр гэх мэтээр хуваарилан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, орон нутагт ажиллах байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн хамгийн гол анхаарч байгаа зүйл бол мал аж ахуйн үйлдвэрлэл явагдаж байгаа анхан шатны нэгж буюу суманд төрийн болоод хувийн хэвшлийн мэргэжлийн нэгжийг зөв зохион байгуулах, тэдэнд үйл ажиллагаагаа явуулах боломж, чадавхийн асуудлыг шийдвэрлэх явдал юм гэж байлаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, А.Сүхбат нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс  Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд тусгагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд төсөвлөгдсөн өвөлжилт хүндэрсэн үед өвс, тэжээл импортолоход зориулсан 40 тэрбум төгрөгийн арга хэмжээний явц, үр дүнгийн талаар илүүтэй тодруулсан юм.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш хариултдаа, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 34 аж ахуйн нэгж дөрвөн боомтоор өвс, тэжээл оруулж ирэх ажлыг гүйцэтгэж байгаа. Одоогоор нийт тэжээлийн 15 хувийг оруулж ирсэн бөгөөд өчигдрөөс ажил эрчимжсэн гэдгийг онцлов.

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ цаашдаа өвс тэжээл бэлтгэхэд дотооддын үйлдвэрлээ дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва энэ асуудалд тооцоо судалгааг сайн хийж, өвс, тэжээл малчдын хотхонд хямд өртгөөр нийлүүлэгдэж байгаа эсэх, эргэн төлөлтөд онцгой анхаарах шаардлагатайг, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун цаашид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аж ахуйн ажилтай хутгалдах бус бодлогын яам байхад анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

 

Үргэлжлүүлэн Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон учир Дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбатыг томилох саналыг Байнгын хорооноос дэвшүүлэв. Дэд хорооны даргыг батлах санал хураалтын үед хуралдаанд оролцсон гишүүдийн зарим нь Засгийн газрын хуралдаан болон гадны төлөөлөгчдийн уулзалтад оролцсон тул хуралдааныг түр  хойшлуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох

Сэтгэгдэл

top