|

Тэд их унших юм. Харин бид их ярих юм

saikhnaa 2018/01/15 605 0
Би мундаг хүн биш л дээ. Жирийн л нэг уншигч. Японд сургуульд сурч байгаа нэгэн оюутан. Япон хүнийг хараад байхад Монгол хүнээс өөр зүйл их байдаг. Тэд их унших юм. Харин бид их ярих юм. Нийтийн тээвэрт, цэцэрлэгт хүрээлэнд, ажлынхаа завсарлагаанаар, очерлож зогсож байхдаа Япон хүмүүс дандаа ном уншиж байгаа харагддаг. Айл бүр номын сантай.

Тэд их унших юм. Харин бид их ярих юм

Саяхан Харука Мураками гээд хүнийг Нобелд нэр дэвшихэд түүний номын борлуулалт огцом өсөөд бараг хүн бүр л дахиж аваад байгаа бололтой. Харин Нобелын 2017 оны шагнал хүртсэн Казүо Ишигүрогын уншигчид бүүр тэсрэлт хийсэн гэнэ. Казүо Ишигүро нь Япон хүн болов ч Англид 10 наснаасаа хойш амьдарсан болхоор ихэнхи бүтээл нь Англи хэлээр эхлэн хэвлэгдсэн гэх юм билээ. Одоо харин Япон хэлээр гараад тэсрэлт маягтай болж байгаа юм байхаа. Ийм мундаг зохиолч нартай ард түмэн чинь уншихгүй гээд яах билээдээ.


Харин Монголчууд бид чинь нэг нь нэг ном хэвлүүлэхэд худалдаж аваад уншчих бололцоотой нь цөөхөн бөгөөд бололцоотой нь яг ном аваад уншихгүй нүүр ном дээрээс хүмүүсийн цуурхал сонсоо л, тэрэндээ итгээд муулаад эсвэл сайлаад яваад байх жишээтэй. Ер нь цагаан толгой сурснаасаа хойш нэг бүтэн ном уншаагүй залуучууд 50-аас дээш хувийг эзлэх байх шүү. Манай Монголын зохиолчид муу гэсэн юм биш шүү. Тэд зүгээр л боловсрол, боломж нь арай л болоогүй байгаа юм шиг санагдаад байгаа юм. Хөөрхий нэг ном жил тойрон болж байж биччихээд тэрийгээ хэвлүүлээд гаргахаар хамгийн ихдээ 10,000 хувь л зарагдах жишээтэй. 1000 хувь ч зарагдахгүй байгаа ном маш олон. Тэр ч яахав хүнд тоогдохгүй юмыг номонд тооцоход хэцүү л дээ. Харин зохиолчид маань эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадахгүй болохоор яаж ч чанартай зохиол бичиж боловсрох билээ дээ. Ном бичнэ гэдэг нь маш их цаг хугацаа зарцуулдаг ажил юм шиг байгаа юм.


Гэхдээ манай зохиолчид Англи хэлээр сайн болчихвол өөрсдийнхөө номыг Англи хэлээр гаргаад Америк, Африк, Ази, Европ, Австрали даяаар түгээнэ. 1 сая хувь ном борлуулахад л эдийн засгийн эрх чөлөөнд хүрчихнэ гэж би бодож явдаг юм. Энэ нь ч боломжтой зүйл. Саяхан шинээр гарсан "Жаран цагаан хонь” романы эхний дэвтэр болох "Ногоон нүдэн лам” зохиол нь Франц хэлээр хэвлэгдэн гарсан нь сайхан мэдээ болж байгаа билээ. Бас залуу зохиолч А.Пүрэвмаагын "Сахиусан тэнгэр” ном нь Амазон худалдааны сайт дээр Англи хэлээр зарагдаад эхэлсэн. Энэ мэтчилэн шинэ залуучууд ажиллаад байвал дэлхийд унших гэсэн хүмүүс олон байдаг бололтой. Миний танил нэгэн Энэтхэг залуу байдаг юм. Тэр надад хэлэхдээ: Энэтхэгт номыг хамгийн эхний туршилтын хэвлэх хувь нь 25,000-30,000 ширхэг. Эндээс харахад ямар ч сэдэвтэй байсан 25,000-30,000 хувь зарагддаг гэж би ойлгоод байгаа юм. Миний нэг хэлэх гэсэн санаа нь энэ. Харин уншигчийн хувьд бид бүгдээрээ Монгол, Англи хэлээр чөлөөтэй уншдаг болчихвол дэлхийн соёл боловсролтой танилцаад, хөл мөр зэрэгцүүлээд жинхэнэ утгаараа Монгол хүмүүс минь өөрсдийнхөө учир утгаа ойлгох мэт санагдана. Одоогоор болвоос дөрвөн уулынхаа дундахыг дэлхийн төв гээд ойлгосон хүмүүс их байна. Мухар сүсэгт хэт итгэмтгий. Ламаар хийморийн сан тавиулаал, шинийн 15ны дотор нэг сонин Түвд хэлээр ном гэртээ уншуулаал, үзмэрч, бөө, ламаас ирээдүйгээ асуугаад л, зөн билгэтэн ч гэх шиг. Нэг л бишээ.

Ном их уншиж, ухаан чинь хурдан задрах болтугай миний Монголчуудаа.

Шалихгүй уншигч Э.Түмэнжин.

(Нэгэнт намайг шүүмжилж доромжлохыг мэдэж байгаа тул өөрийгөө шалихгүй уншигч гэж бичлээ)
 
 — with Tumenjin Enkhbat.

Санал болгох

Сэтгэгдэл

top