|

Ц.Уранчимэг: 2030 он гэхэд бидэнд дахин нэг дэлхий хэрэгтэй болно

munkhod 2015/06/11 992 0

Х.МОНГОЛХАТАН

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Уранчимэгтэй ярилцлаа.

-Удахгүй болох Ногоон хөгжлийг дэмжих, ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийг Монгол Улсадхэрэгжүүлэх үндэсний семинарын талаар мэдээлэл өгөөч?

-Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн долоо хоногийг манай яамнаас зарлаад "Олон улсын ногоон хөгжлийг дэмжих, ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх нь” үндэсний семинарыг энэ сарын 15-19-ний хооронд зохион байгуулах гэж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл гэсэн байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан анхны орон Монгол Улс болсон юм.

Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол зэрэг нь дэлхий оршин тогтноход эрсдэл учруулж байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Өнөөгийн хэрэглээний экологийн ул мөрийг тооцож үзсэн олон улсын эрдэмтдийн судалгаагаар бид яг өнөөдрийн хэрэглээгээрээ явах юм бол 2030 он гэхэд хүн төрөлхтөнд дахин нэг дэлхий хэрэгтэй болно гэжээ.

Тиймээс иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл хэрэглээнийхээ хэв маягийг өөрчилж, илүү байгальд ээлтэй ногоон хэв загварт шилжих, улс орон бүр тогтвортой хөгжих ногоон хөгжлийн хандлагыг бий болгооч гэж дэлхий нийтээрээ уриалж байгаа юм.

-Манай улс ногоон хөгжлийн хандлага бий болгоход хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Монгол Улс 2014 оны зургадугаар сарын 13-нд 43 дугаар тогтоолоор Ногоон хөгжлийн бодлогоо баталсан. Энэ бол маш том алхам. Одоо үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг Засгийн газраар батлуулахаар ажлын хэсэг ажиллаж байна.  Ногоон хөгжлийн бодлогоо УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх болсноор Монгол Улс олон улсын дэмжлэгийг авсан хамгийн анхны орон болсон.

Өнгөрсөн жил бид ногоон хөгжлийн төлөөх түншлэл долоо хоногоо хийж, анхны хурлаараа таван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тогтсон. Харин энэ жилийн хуралд 2014-2015 онд хэрэгжүүлж байгаа төслийнхөө дунд хугацааны тайланг хэлэлцэж, цаашид ямар чиглэлээр ажиллах үндсэн бодлогоо гаргана. Үндэсний семинар маань таван салбар зөв­лөлийн уулзалттай, өн­­дөр төвшний хэ­лэл­­­цүүлгээр үргэлжилнэ.

Ногоон хөгжлийн бодлого гэдэг зөвхөн нэг яамных бус Монгол Улсын үндэсний тулгуур бодлогын нэг юм. Тиймээс бүх салбар яам, агентлаг хамтран ажиллаж байж, Монгол Улс ногоон бодлогыг хэрэгжүүлж, ногоон хэв загварыг бий болгоно.

-Ногоон бодлогыг хэрэгжүүлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

-Энэ хурлаар эдийн засгийн Т21 загварчлалыг Сангийн яамтай хамтран хийж, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын үнэлгээг гаргах юм. Мөн Статистикийн үндэсний хороотой хамтраад ногоон хөгжлийн үзүүлэлт, ногоон ажлын байрыг тодорхойлно. Ногоон барилгын хөгжил төсөл хэрэгжүүлж, эхний ээлжинд одоо байгаа сургууль, цэцэрлэгийн барилга дээр үнэлгээ хийж жишиг ногоон барилга болгох юм. Бид гаднаа мод, цэцэг тарьсан бол ногоон барилга гэсэн өрөөсгөл ойлголтоосоо салах хэрэгтэй. Үнэндээ эрчим хүч, нарны дулааныг ашигладаг, усны хэмнэлттэй, дулааны ал­даг­далгүй байх нь ногоон барилгын гол үзүүлэлт юм.

Ногоон бодлогод тогтвортой худалдан авалт ч орно. Энэ нь байгаль орчинд ээлтэй зүйлс хэрэглэх, худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн маань байгаль орчинд ээлтэй шинэ технологи байх, эргэж ашиглаж болох зүйлсийг худалдаж авах юм. Ядаж л бидний худалдан авч байгаа цаас "эко” гэсэн тэмдэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх бодлогыг оруулж ирэх юм.

-Бодлогын төвшинд олон асуудал шийдэж байгаа ч иргэдэд хүргэх мэдээлэл дутмаг байх шиг ажиглагдахюм?

-Харин иргэдийнхээ ногоон эдийн засгийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөхгүй бол бодлого маань хөрсөн дээр буухгүй, цаасан хэлбэртэй яваад байна. Бид эхний ээлжинд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид болон хэвлэл мэдээллийнхэнд зориулан гарын авлага хийж байна. Бүх хүнд зориулан хэсэгчилсэн сургалтууд зохион байгуулна. Ногоон хөгжил гэхээр мод тарих гэж сэтгэхээс илүүтэй хүн бүр өнөөдрийн хэрэглээндээ анхаарч усаа хэмнэж, хог хаягдлаа багасгах зэргээр маш энгийн зүйлсээс ногоон хөгжил эхэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр цахилгааны мөнгө, усны төлбөр их гарч байна гэж бухимдахын оронд хэрхэн хэмнэхээ бодох ёстой. Ерөөсөө бидний энгийн хэрэглээнээс эхлэх ногоон хөгжил бол ирээдүйн эх дэлхийн хүн бүрийн сайн сайхны төлөөх үйл юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top