|

О.Баасанхүү: БИ МАХН-ын гишүүн биш бол миний нэрээр авсан 228 сая төгрөгөө буцааж өг!

saikhnaa 2018/01/22 635 0

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр тэтгэвэрийн насыг наашлуулах асуудлаар тогтоолын төсөл УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаагаа хэлэв. Хуулийн хүрээнд тогтоолын төсөл  өргөн барихад Хуульзүйн яамаар дэмжигдсэн байх ёстой бөгөөд О.Баасанхүү гишүүний санаачилсан төслийг яам хүлээн авахгүй байгаа тул олон нийтийн гарын үсэг цуглуулж, УИХ-д өргөн барихаар болжээ.

Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүн 60 насандаа, эмэгтэй хүн 55 насандаа тэтгэвэрт гардаг болох тогтоолын төслийг боловсруулж, 19 мянган хүний гарын үсэг цуглуулсан гэв. Уг төслийг нь УИХ хүлээн авч, хэлэлцэхгүй бол Цагаан сарын баярын дараагаас жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдлээ.

Түүнчлэн МАХН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг нь Дээд шүүх хүлээн аваагүй асуудлаар тайлбар хийлээ.

"Улсын Дээд шүүхийн тогтоолыг бичгээр аваад, нарийн танилцаж үзнэ. Бичиг баримт нэмж бүрдүүлэх, баталгаа нэмж шаардах асуудлууд байхыг үгүйсгэхгүй. Тогтоолтой танилцаад, хүсэлтээ дахин өгнө. Намайг МАХН-ын эгэл жирийн гишүүд даргаараа сонгосон. Намын гишүүдийн санал, шийдвэрийг шүүх байгууллага үнэн, буруу гэж дүгнэдэггүй юм.

МАХН-ынхан намайг намаасаа хөөлөө гэж найм дахь удаагаа мэдэгдэж байна. Хэрэв би МАХН-ын гишүүн биш юм бол надад 228 сая төгрөгийг буцаан төлөх ёстой. Учир нь УИХ-д байгаа суудлынхаа тоогоор жил бүр 10 сая төгрөг, гишүүдийн мөнгө болгож 114 сая төгрөгийг МАХН авсан. Энэ мөнгийг МАХН-д олгож болохгүй гэсэн албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн ч Сангийн яам мөнгийг нь МАХН-нд өгчихсөн байна лээ.

Хэрэв би МАХН-ын гишүүн биш юм бол хоёр жилийн 228 сая төгрөгөө буцаан авч, Орхон аймгийн иргэддээ зориулах байсан юм. Бадарчин баярлах болоогүй. Асуудалд үе шаттайгаар хандана. Захиргааны хэргийн шүүхэд ч хандана. Намын гишүүн байх эсэх нь тухайн иргэний эрхийн асуудал болохоос хэн нэгэн оруулдаг, хөөдөг үйл явдал биш” гэлээ.

http://time.mn/n/mcs

Санал болгох

Сэтгэгдэл

top