|

Хангай, тал хээрийн бүсийн 14 сум цагаан зудтай байна

saikhnaa 2018/01/26 429 0

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй Шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх,гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөхөөр орон нутагт ажиллаж байна.

 

Хангай, тал хээрийн бүсийн 14 сум цагаан зудтай байна

Шуурхай бүлэг өчигдөр Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулав. Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдын мэдээлснээр, тус аймагт 16087 малчин өрхөд нийт 5.7 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 2017 оны аравдугаар сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэл нийт нутгийг хамарсан цас 20-24 удаа орж, арваннэгдүгээр сарын 4-нд нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар бороо орж, 5-6-нд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас бэлчээр мөстөж, цасанд битүү дарагдан мал бэлчихэд хүндрэл үүссэн байна.

 

Одоогийн байдлаар хангай, тал хээрийн бүсийн 14 сум цагаан зудтай, говийн бүсийн 5 сумын нутгаар оторчид малтайгаа олноор нүүдэллэснээр туурайн зуд болох эрсдэл үүсч, 13 сумын 12.1 мянган мал хорогджээ.

 

Нийт нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 25-45см, хунгарласан газар, гуу жалгандаа 90-150 см байна.

 

Улсын төсвийн тодотголоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр 432 сая төгрөгийн санхүүжилтээс сум бүрт 15.9 сая төгрөг буюу нийт 302.1 сая төгрөг олгож, үлдэгдэл 121 сая төгрөгөөр аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулжээ.

 

Аймгийн Онцгой комиссоос ихэнх сумдаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцийн өвсийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, аймгийн Онцгой байдлын газрын шуурхай албаны автомашины паркийг шинэчлэх, Өлзийт, Есөнзүйл сумдын  ЗДТГ-т автомашин шаардлагатай байгааг шийдвэрлэж өгөх, иргэн, аж ахуй нэгжийн худалдан борлуулж байгаа өвсийг малчдад ноосны урамшуулалаар урьдчилан зээлээр олгох саналыг Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэгттавилаа.

 

Зарим аймагт цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт өвс тэжээл хүргэх зорилгоор улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 8000тн өвсийг үнэгүй, 6500тн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчид, иргэдэд хуваарилах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ дагуу Өвөрхангай аймагт 570 тн өвсийг үнэгүй, 550 тн тэжээлийг  50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлээд байв.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин Өвөрхангай аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцохоосоо өмнө тус аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын Засаг дарга нартай уулзаж нөхцөл байдлыг тодруулж, малчин өрхүүдээр орж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр өвөлжилт хүндэрсэн, цаашид хүндрэх төлөвтэй байгааг харгалзан нэмж 320 тонн өвс үнэгүй, 300 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ.Ийнхүү Өвөрхангай аймагт нийтдээ 820 тн өвс үнэгүй, 800 тн тэжээл  50 хувийн хөнгөлөлтэй үнээр олгож, энэхүү тусламжийн эхний цувааг хүлээлгэн өглөө.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин өвс, тэжээлийг малтай бүх өрхөд хавтгайруулан тараалгүй, өвөлжилт хүндэрсэн 8 сумын малчдад хүргэх, ялангуяа цасанд боогдон холбоо тасарсан айл өрхөд заавал очих, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургуульдаа явж чадахааргүй нөхцөлд орсон хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулахыг үүрэг болголоо. Өвөрхангай аймгийн отроор өвөлжиж байгаа 4092 хүний дотор нярай хүүхэд 5, жирэмсэн эх 29, өндөр настан 63 байгаа юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top