2015 онд YouGov хэмээх олон улсын зах зээлийн судалгааны байгууллагаас дэлхийн одоогийн нөхцөл байдлын талаар судалгаа явуулжээ. Гайхалтай нь тус судалгаанд оролцогсдын 71 хувь нь дэлхий дахины нөхцөл байдал улам дордож байгаа хэмээн үзсэн бол ердөө 5-хан хувь нь л нөхцөл байдал сайжирч байгаа хэмээн хариулсан байна.
La Stampa хэмээх нэгэн сонинд Ромын Пап Фрэнцис ярилцлага өгөхдөө мөн л нөхцөл байдлын талаар тун бараан төсөөлөлтэй байгаа тухайгаа ярьсан байна. Энэ талаар тэрбээр: Туйлын (абсолют) утгаараа дэлхий дахинд буй эд баялаг нэмэгдсэн боловч ядуурал, тэгш бус байдал харин ч улам бүр өссөн байна хэмээн хэлжээ.
Дээрхи хоёр баримт хоёулаа Жохан Норбергийн Хөгжил, дэвшил: Ирээдүйн зүг өөдрөгөөр харах 10 шалтгаан хэмээх номонд дурдагдсан байна. Шведийн эдийн засагч, Като институтийн ахлах судлаач Норберг өөрийн энэхүү Хөгжил, дэвшил хэмээх номондоо XVIII зууны хожуу үеэс эхэлсэн Аж үйлдвэрийн хувьсгалаас үүдэлтэй даяарчлал нь 1990-ээд оноос хойш улам бүр эрчимжиж, ингэснээрээ дэлхийн амьжиргааны түвшин улам бүр муудаж байгаа хэмээх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хий хоосон домог мэт ойлголтын үнэн нүүр царайг илчлэхийг оролдсон байна.
Норберг хүмүүсийн энэ талаар баримталдаг, тогтсон ойлголтууд нь бодит факттай нийцэхгүй, эсхүл түүнийг мушгин гуйвуулсан байдгийг харуулахын тулд их хэмжээний дата мэдээллийг дэлгэсэн байна. Өнөөгийн дэлхий дахины амьжиргааны түвшинг судлахын тулд ямар ч судалгааны арга ашигласан байснаас үл хамаараад яг одоогийн байдлаар дэлхий нь урьд өмнөх бүх цаг үеэс илүүтэй (Ядуурал, Хүнс тэжээлийн дутагдал, Хүчирхийлэл, Наслалт ) амьдрахад хамгийн таатай газар болж хувирсан ажээ.
Ядуурал ба Хүнс тэжээлийн дутагдал
Өлсөхийн зовлон бол хүн төрөлхтний түүхээс салгаад хаяхын аргагүй зэрэгцэн оршсоор ирсэн үзэгдэл билээ. Хүнс, тэжээлийн дутагдал (өлсгөлөн) нь Homo Sapiens бий болсон цагаас эхлэн хүмүүсийн олонхийн хувьд гол асуудал болсоор ирсэн архаг хууч юм. Энэ нөхцөл байдал XIX зуунд явагдсан Аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд өөрчлөгдсөнд бид талархууштай. Аж үйлдвэрийн хувьсгал явагдсанаар дэлхийн хүн амын амьжиргаа нийт массаараа сайжирсан бөгөөд энэ тухай хэдэн зууны өмнө бол төсөөлөх ч аргагүй байсан.
Гэвч XX зууныг хүртэл хүнс, тэжээлийн дутагдал тэгтлээ их хэмжээгээр буураагүй юм. 1947 оноос 2015 оныг хүртэл цаг үед хүнс тэжээлийн дутагдалтай нүүр тулсаар буй хүн амын хувь хэмжээ 50 хувиас 13 хувь хүртэл бүхэл бүтэн 37 хувиар буурсан байна. 1950-аад оноос хойш дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдсэн гээд бодохоор дээрх өлсгөлөнд автагдсан хүн амын эзлэх хувь буурсан үзүүлэлт нь үнэхээр гайхалтай аж. Норбергийн цохон тэмдэглэснээр энэхүү бууралтад хамгийн их нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол XIX болон XX зуунд бий болсон ХАА-н гаралтай бүтээгдэхүүний огцом өсөлт ажээ.
Ядуурал хэрхэн буурсан талаар ярих юм бол мөн их сонирхолтой дүр зургийг бид харах болно. 1990-ээд онд Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд Амьжиргааны туйлын ядуу түвшин (extreme poverty) буюу өдрийн 1.90 ам доллараас (худалдан авах чадварыг үнэлэн тооцсоноор) доош орлогоор амь зууж буй хүмүүсийн дэлхийн нийт хүн амд эзлэх хувь хэмжээ тэр цагаас хойш 40 хувиас 10 хувь руу буужээ.
Гэсэн хэдий ч статистик болон процент, хувь хэмжээ нь биднийг буруу мэдээлэлд хөтлөх явдал олонтаа. Эцсийн эцэст ядууралд автсан хүмүүсийн хувь хэмжээ эрс буурсан факт нь бүхнийг дэлгэж харуулахгүй, харин туйлын утгаараа дэлхийн хүн ам 1990 оноос хойш хоёр тэрбумаар нэмэгдсэн гэдгийг харгалзаж үзэх юм бол хэт ядуу амьдарч буй хүн нэг бүрийн тоо маш их хэмжээгээр багассан байна. Яг үнэндээ юу болсон бэ гэвэл хүн амын их хэмжээний өсөлтийг үл тооцон амьжиргааны туйлын ядуу нөхцөл байдлаас гарч чадсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдийн тоо 1.25 тэрбумд хүрсэн байна. Мэдээж ядуурал ийнхүү буурсанд Хятад гүрэн их гавьяатай. Өнгөрсөн 35 жилд Азийн улс орнууд ядуурлын хэмжээг 90 хувиас 10 хувьд хүртэл бууруулж чадсан үзүүлэлттэй аж.
Бичиг үсэгт тайлагдсан байдал болон дундаж наслалт
Хүмүүсийн дундаж наслалт ихээр нэмэгдэж, бичиг үсэг үл мэдэх явдал багассан нь өнгөрсөн зуун жилийн томоохон амжилт юм. 1900-2015 оны хугацаанд дэлхийн нийт бичиг үсэгт тайлагдагсдын хувь хэмжээ 21-86 хувьд хүрсэн байна. Зуун жилээс ялимгүй их хугацаанд бүхэл бүтэн 300 хувиар нэмэгдсэн аж. Эмэгтэйчүүдийн бичиг үсэгт тайлагдсан байдлыг эрчүүдтэй харьцуулах харьцаа үнэмлэхүй ихээр нэмэгджээ. Энэхүү харьцаа нь 1970 онд 59 хувь байсан бол 2010 онд 91 хувь болон нэмэгдсэн байна.
Хүмүүсийн амьдрах хугацаа нэмэгдсэн байдлыг харах юм бол бид хүн төрөлхтний ирээдүйг тун гэгээлгээр харах нэг үндэслэл болж байна. Өнгөрсөн 1900 онд очих аваас хүн төрөлхтний дундаж наслалт 31 байж. Яг өнөөгийн байдлаар дундаж наслалт 71 болон өссөн байна. Ноберг амьдрах хугацааг ихэсгэсэн гол гол үзүүлэлтүүдэд эрүүл ахуйг сахих явдал, цэвэр усны хангамж болон эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжирсан зэргийг тооцжээ.
Хүчирхийлэл
Өнөө үеийн нийгэмд хүчирхийлэл хэр зэрэг байгаа талаар ярихаар хүмүүс ихэвчлэн өөрсдийгөө хамгийн их хүчирхийлэлтэй цаг, үед амьдарч байна хэмээн тооцдог. Мэдээллийн урсгал тун хялбар, байнга л террорист халдлага, дайн, дүрвэгсэдийн талаар мэдээлэл сонсогдож, Ойрхи-Дорнодод амиа алдагдсадын тоо болон жендэрт суурилсан хүчирхийллийн хувь хэмжээг бодоод үзэхээр өнгөрсөн зуунуудад хүчирхийлэл ердөө багасаагүй мэт санагдахаас өөр аргагүй. Гэвч дата мэдээлэл тэс өөрийг өгүүлж байна.
Европт бусдын гарт амиа алдагдсадын тоо XVII зуунд 100 мянган хүн тутамд 11 хувь байсан бол XVIII зуунд 3 хувь болон буурчээ. Өнөө цагт энэ тоо 1 хувь хүрэхгүй байгаа. 1950-аад онд улс хоорондын дайны улмаас жилдээ 86 гаруй мянган хүн амиа алдаж байсан бол өнөө цагт улс хоорондын дайны улмаас амиа алдаж буй хүн 3000 хүрэхгүй байна.
Сонин сонсогдох хэдий ч үнэндээ XX зуун бол хүний түүхэн дэх хамгийн их хүчирхийлэлд автсан зуун биш байжээ. XIII зуунд Монголчуудын довтолгоо гэхэд л дангаараа 40 гаруй сая хүний аминд хүрсэн байна. Энэ нь тухайн үедээ дэлхийн нийт хүн амын найм хуваасны нэгтэй тэнцэж байжээ. Норбергийн хэлснээр XVII зуунд Хятадын Мин улсын уналтын үед явагдсан дайнд амиа алдагдсад нь тухайн үеийн дэлхий дахины хүн амд ноогдох хувь хэмжээний хувьд Дэлхийн Хоёрдугаар дайнтай тэнцэж байсан бөгөөд III -V зууны үед Ромын эзэнт гүрэн задарсантай дүйх үйл явдал болсон байна.
Ер нь түүхэн хөгжил цэцэглэлт бүрийн цаад шалтгаан бүр харилцан адилгүй. Хөдөө аж ахуйн эдийн засаг бий болсон ( Анчин, түүвэрчин байдлаар амь зогоодог байсан үе хүний түүхэн дэх хамгийн хүчирхийлэлт үе), капитализм бий болсон хийгээд ёс суртахууны индивидуализм болон гуманизм бий болсон нь л дээрх хөгжил дэвшил бүрийн үндсэн шалтгаан байсан ажээ.
Шударга ёс (justice) болон байгаль орчин
Дэлхий дахинд хүмүүсийн эрх чөлөөний байдал улам бүр сайжирсаар байна. Freedom House байгууллагын гаргасан эрх чөлөөний индексээр эрх чөлөөт улсуудын (иргэдийн улс төрийн эрх чөлөө баталгаажсан) тоо улам бүр нэмэгджээ. Эдгээр улсуудын хүн амын эзлэх хувь 1973 онд 29 хувийг эзэлж байсан бол 2017 оны байдлаар 45 хувьд хүрч нэмэгджээ. Эрх чөлөөгүй гэгдэж буй улсуудын нийт хүн амд эзлэх хувь 46-гаас 26 хувьд хүрсэн байна.
Эмэгтэйчүүд болон цөөнхийн эрх улам бүр сайжирсан бөгөөд дэлхийн 190 оронд эмэгтэйчүүдийн сонгуулийн эрх баталгаажиж, ижил хүйстний харилцаа 113 оронд хууль ёсных болсон байна.
Хүүхдийн хөдөлмөр эрхлэх явдал эрс багассан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй, чөлөөт худалдааг эрхэмлэдэг улсуудад бараг байхгүй болсон. Вьетнамд 1990 онд насанд хүрээгүй хүмүүст эзлэх хөдөлмөр эрхэлж буй хүний тоо 40 хувь байсан бол 2006 онд 10 хувь болтлоо багасчээ. 1950-2015 онд гэр бүлийн амьжиргааг тогтвортой байлгахын тулд хөдөлмөрлөдөг хүүхдүүдийн хувь хэмжээ 25 хувиас 10 хувь болон багассан байна.
Мөн л байгаль орчны талаарх тогтсон ойлголтын эсрэг сайн мэдээ багагүй байна. Байгаль орчиндоо хандах хандлагын индексээр, ихэнх улс орнууд өөрсдийн байгаль орчиндоо хэрхэн ханддаг хандлагаа (оноогоор хэмждэг) илүү ихээр сайжруулсан байна. 1970-аад оноос хойш далайд газрын тос асгах явдал 99 хувиар багасч, дэлхийн нийт нутаг дэвсгэрт буй ой модыг устгах явдал 1990 онд 0.18 хувь байсан бол 2015 оны байдлаар 0.01 хувьд хүрэхтэй үгүйтэй болжээ.
Асуудал бас байсаар л…
Жейн Жэкоб нэгэн удаа "Ядууралд шалтгаан гээд байх юм угаасаа байхгүй. Харин хөгжил, цэцэглэлтэд л шалтгаан бий” хэмээсэн удаатай. Жохан Норбергийн Хөгжил, дэвшил номонд дэлхийн амьжиргааны түвшин улам бүр сайжирч байгааг бидэнд харуулахын тулд цуглуулсан дата мэдээллүүд бидэнд чөлөөт зах зээл болон даяарчлалын үр шим улс орнуудад урьд өмнө хэзээ ч огт байгаагүй гайхамшгуудыг бий болгосныг илтгэж байна.
Гэвч бидний өмнө маш олон шийдэгдээгүй сорилтууд байсаар байгаа нь үнэн. Бүхэл бүтэн 700 гаруй сая хүн ядуурлын хүлээснээс ангижраагүй байгаа явдал, цаг уурын өөрчлөлт болон улс төрийн бодлогын дампуурал хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн тогтвортой байдлыг үгүй хийсээр байгаа, Доод Африкийн (sub-saharan Africa) улсуудын хүн амын дундаж наслалт Европын хүн амаас 30 хувиар бага байгаа, мөн маш олон төр засгийн газрууд хүний эрх, эрх чөлөөг огт хүндэтгэдэггүй зэрэг цаашдаа зайлшгүй шийдэх ёстой, шийдэхийн төлөө тэмцэх ёстой маш олон асуудлууд байсаар л байна.
Хэрэв улс төр, эдийн засгийн зөв жор хэрэглэвэл баримтууд бидэнд хүн төрөлхтний ирээдүйг цаашдаа өөдрөгөөр төсөөлөх бололцоог хангалттай олгож буй ажээ.