|

Тэтгэврийн насыг сонголттой болгов

saikhnaa 2018/02/03 667 0

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Тэтгэврийн насыг сонголттой болгов

 

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс тус банкны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.долларын, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.

 

Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, нийтдээ 9 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Тухайлбал, уг зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэл болон хөдөө орон нутагт 24 сургууль, хүүхдийн 16 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, шинээр 2 сургууль, 8 цэцэрлэгийн барилга барьж гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн тоог бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Мөн энэхүү зээлийн санхүүжилтээр хэд хэдэн аймагт нарны, салхины болон нар-салхины хосолсон станц барих, гүний халаалтын систем суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх, төсөв, санхүү, татварын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, нийслэлийн Сэлбэ, Баянхошуунд дэд төвүүд байгуулах замаар хотын дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, 5 аймгийн төвд цэвэрлэх байгууламжийг лабораторийн хамт барих, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн цогц үйлчилгээг төвлөрүүлэх зорилгоор Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Архангай, Дорноговь аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цогцолбор барих, Улаанбаатар хотод инкубатор төв байгуулах зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх аж. Түүнчлэн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээс 130 сая ам.долларыг нь улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах юм байна.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн үзжээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин хуулийг баталлаа.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан. Уг хуулийн төслөөр эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах эрхийг нээлттэй болгож байгаа юм. Мөн жил бүр тэтгэвэрт гарах насыг 6 сараар нэмдэг байсныг гурван сар болгон өөрчилжээ. 

 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

 

Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх горимын саналыг дэмжсэн учир хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top