|

ЭХИЙН ЗҮҮД

saikhnaa 2018/02/12 2008 0

ЭХИЙН ЗҮҮД

 

Эхийн зүүдэнд хүү иржээ. Эх, голын хөвөөнд өглөөний тунгалаг нарнаар суух юм. Хүү нь тэнгэрийн өнгөт цэнхэр тэрлэгтэйгээ загас шиг чимээгүй хөвж ирэхэд цэцэглэж цацагласан шар дурдан бүс нь сэлүүр шиг намирч харагдана. Нарны тунгалаг цацраг нялхынх шигээ намилзсан хонгорхон халимгийг нь гэрэлтүүлж, хүү нь харин толгойгоо уснаас ер гаргахгүй аж.
-Миний хүү хүрэн морио яачихаав?
-Лусын хааны унаа болсон шүү дээ.
-Миний хүү морь малд эргүйхэн хүн болоод төрчихгүй яав даа? Тэгсэн бол...
-Монгол хүн чинь хэзээ байхдаа адуу малаас айж байлаа. Багадаа аавын халтар мориноос унаж гараа гэмтээгээд хотод очиж эмчлүүлэхэд та мөн ч их шаналсан даа. Энэ зун сумын "Адуучин" тэмцээнээр хүүгээ ташуур шүүрэхийг хараа биз дээ? 
-Хүүгээрээ их бахархаж байсаан. Сүүлд зурагтаар гарахыг чинь харах л хэцүү юм билээ. Хаа холын говиос эмнэг шахуу адуу авчирч усан тэлмэн жороотой болно гээгүй бол миний үр "байж” л байх байсан даа...
-Хүү нь одоо ч тантайгаа хамт байна.
-Загас болчоод уу?
-Загас болоогүй ээ. Хүү нь танд хүн хэвээр л харагдаж байгаа биз дээ?
-Ээж нь зүүдлээд л байх шиг байх юм. 
-Ээж ээ, амьдрал угаасаа зүүд шүү дээ. 
-Цэнгэл ах нь зүүдэндээ Хар хясаан дээр зогсож байтал хоёр голын уулзар нийлэх хэсэгт саахалтын чинээ урт, луун толгойтой, алтан хайрст могой нүд ирмэх зуур үзэгдээд өнгөрсөн гэдэг сэн.
-Тэр чинь лусын хаан морилж явж л дээ. За, ээж ээ, хүү нь явъя даа. 
Хүү голын урсгал уруудан хөвөхдөө баруун гараараа нэгэн захидал ч гэмээр юм уу цаас эхэд атгуулаад одов. Гар нь усны мандлаас цухуйл уу, цухуйгаагүй бил үү анзаарсангүй. Эх хүүгээ харвал нууранд эндэхдээ өмссөн байсан урт түрийтэй хар гутлаа усан дотор ч майжгануулан одох нь загасны сүүл ч гэмээр. Хүү нь багын л сонин хүүхэд байж билээ. Загнаж зэмлүүлэн гэмших үедээ загасных шиг дуугай нүд гаргачихаад чимээгүй мэлмэрч байдаг сан. Эх хүүгийнхээ атгуулсан захидлыг дэлгэвэл "Хайрт ээж минь та намайг хар багаас минь л хайрандаа өлгийдөж ирснийг хүү нь сайн мэднэ. Арван есөн нас хүрсэн өдөр минь надаас болж аавтай ам мурийсныг чинь санаж байна. Нас биед хүрсэн хүүгээ ямар ч аав ажил амьдралын замд үдэх гэж санах нь орчлонгийн жам. Адуу мал, азарга хүртэл үр төлөө хасаж хөөж байдаг биз дээ. Тэр битгий хэл гадаадын жигтэйхэн ёс суртахуунч хүмүүс хүртэл арван зургаа хүрүүт л үр хүүхдээ гэрээсээ хөөдөг гэж зөндөө л уншиж байсан. Хүү нь та хоёрынхоо хайранд хүн боллоо. Тиймээс л би алс явахаар шийдсэн дээ. Хөдөө гарч мал маллана гэхэд та хоёр дургүйцсэн шүү дээ. Хөвсгөл явж ажилд орохоосоо өмнө тандаа жимс түүж өгөхөөр найзуудтайгаа Биндэрьяа Хөх нуур руу явсан. Бид нуурын Хэцүү хясаагаар яваагүй ээ. Та минь зурагчин болохоор багаасаа л хүүгийнхээ зургийг авах дуртай байсан даа. Зураг их даруулахаар нас богиносдог гэж худлаа шүү. Тэр өдөр нуурын хөвөөнд очоод жороо хүрэн морьтойгоо сайхан зураг авахуулбал таныгаа баярлах байх, алсад одсон хүүгээ санахдаа үе үе харж үнсэж байг л гэж бодсон. Нуурын хөвөө харлаад нэг л мэдэхэд би усны гүн рүү умбахдаа мориныхоо уран согоо чихийг харж, дэлнээс нь зуурснаа санаж байна. Амьсгал түгжрэх шиг болж дээшээ харахад тэнгэр ямар гүн цэлмэг цэнхэрхэн харагдсан гээ. Надаас үүсэх хөөрхөн цагаан бөмбөлгүүд тэр л гүн цэнхэрлигтэй нийлэхээр хөөрч байгаа нь хүүхдийн баяраар хөөргөдөг байсан үлээсэн шаарууд шиг минь санагдсан. Биеийг минь нуураас гаргасны дараа та намайг үнсээ л, уйлаа л байсан. Тэнд ороход би даараагүй, бас өвдөөгүй. Харин таныхаа нулимсыг тэсэхэд л надад даанч хэцүү байсан. Даарах, өвдөх, шаналах чинь энэ хүний л хорвоогийн мэдрэмж юм шүү. Баяртай, Ээж ээ. Хүү нь тэнд сайн байгаа. Таны хүү мөнхөд залуу хэвээр үлдэнэ гэдэг сайхан биз дээ” гэсэн байхыг уншаад эх сэрлээ. 
Гучин найман насны гутаг суугаагүй нүднээс нь халуун нулимс мэлмэрч хацар шанааг нь норгон урсчээ. Сэрээд харвал, өөрт нь уйлснаа мэдэгдэхгүй гэж байшингийн сүүдэрт уяатай Зоостоо хоол өгөх нэрийдлээр нохойтойгоо ярьж сэтгэлээ тайтгаруулдаг хань нь нам гүмхэн унтана. Хоймрын шүүгээн дээр асаасан зулын шаргал гэрэл дулаахан өнгөөр туяарч хүүгийнх нь зураг мишээх шиг санагдлаа. Эх намуухан санаа алдангаа "Би тэгтлээ зүүдлээд байдаггүй л хүн дээ. Хүүг минь Аврахынхан нуураас гаргаж ирснээс хойш ч зүүдлээгүй” хэмээн бодмоглон өндийхдөө "Өө, өнөөдөр чинь есөн сарын арван долоон. Дөчин есөн хоног нь шүү дээ. Хүү минь төрлөө олох нь. Хар нулимс урсгалаа гээд хүүгээ босгоод ирэх биш. Буян үйлдэх юм байна шүү” гэж өөртөө л сонстохоор зөөлөн шивнэлээ.
2017.10.11-нд 
Л.Батцэнгэл 
("Өдрийн сонин"-ы 2017.10.18-ны лхагва гарагийн №224(5791)-д хэвлэгдэв.)

Санал болгох

Сэтгэгдэл

top