Дайчилгааны эдийн засаг
Монголын ихэнхи сэхээтэн, түүний дотор эдийн засагчид "дайчилгааны эдийн засаг” гэдгийг одоо болтол огт ярьдаггүй, мэддэггүй. Ерөнхийдөө бол социалист баримжаатай сэхээтнүүд хатуу төвлөрөл, чанд төлөвлөлтөд найддаг бол либерал чиглэлийнхэн зах зээлийн "үл үзэгдэх гар”, гадаад хөрөнгө оруулалтад найддаг. Тэд үүнээс цааш үл сонирхох бөгөөд аль ч эдийн засаг өөрийн "хувь заяагаар” хөгждөг мэт санаж эл асуудлыг сүүлийн 20 гаруй жил огт сонирхоогүй. Гэвч Монгол сэхээтний мэдэхгүй, мэдэхийг хүсээгүй түүхэн болон олон улсын практикаас үзэхэд аль ч эдийн засаг заавал "дайчилгааны” үе шатыг туулдаг ажээ. Энэ тухай товч өгүүлсү.
Эдийн засгийн "хоёр” зүй тогтол
Аль ч, түүний дотор өнөөгийн бүх эдийн засаг эхэндээ "тайван” буюу өөрийн хөгжлийн замаар өсч хөгждөг. Энэ хөгжлийн явцад эсвэл системийн тэлэлт, эсвэл хөгжлийн явц хурдсах буюу удаашрах; эсвэл төр засгийн буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болж "хурцдалын горимд” буюу аюултай нөхцөл байдалд ажиллах болдог. Энэ хоёр зүй тогтлын "тайван замыг” нь ихэд судалсан, харин аюултай нөхцөл байдлыг нь муу судалсан авч сүүлийн үед үүнийг шинжлэх ухаан ихэд анхаарах болжээ
Нөгөө талаас дэлхийн аль ч үеийн аль ч эдийн засаг цаг ямагт өрсөлдөөн дунд байдаг болохоор хөгжлөөрөө эхэнд яваа нь өөрийн байр суурийг хадгалах гэж, хоцорч яааа нь түүнийг гүйцэх гэж чармайх нь бас л зүй тогтол аж. Эндээс дэлхийн аль улс өөрийн эдийн засгийг дайчлах зүй ёсны, жам ёсны шаардлага үүсдэг байна.
Эдийн засгийн тайван хөгжлийн явцад ч гэсэн дэлхийн аль ч улс гүрэн эдийн засгийн тэргүүлэх (приоритет) чиглэлээ тодорхойлж, түүнийгээ хангах гэж зүтгэдэг, тэмцдэг. Энэ нь тухайн эдийн засаг, нийгмийг хүссэн түвшиндээ хөгжүүлэхэд хэрэг болохоос гадна хурцдалын болон аюултай горимд тэсч үлдэх”, "амиа аврах” гол хэрэгсэл болдог аж. Энэ утгаараа дайчилгааны эдийн засаг түүхийн аль ч үед байсаар иржээ. Ялангуяа хоцорч буй эдийн засаг бусдыг гүйцэж түрүүлэхийн тулд эдийн засгаа бүр ч илүү дайчилдаг байна. Энэ бол түгээмэл зүй тогтол юм.
Мөн дайн байлдааны үед бол эдийн засгийг дайчлах ажлыг улс бүр хийдэг. Энэ ч гэсэн зүй тогтол юм.
Бяцхан түүх
Дайчилгааны эдийн засгийг бүр сүүлд ХХ зуунд үүссэн гэж олон хүн боддог боловч түүхийн тавцанд дэвшин гарч ирсэн улс гүрэн бүр дайчилгааны эдийн засагт суурилж амжилт ялалтаа олдог байсныг түүхийн хуудас хөдөлбөргүй харуулдаг.
Ухаандаа Хүннү, Монгол зэрэг улсууд дэлхийн тавцанд цойлон гарч ирэхдээ өөрийн цомхон нөөц бололцоог дээд зэргээр шавхан дайчилж, түүндээ гадаад болон бусад ресурсыг дайчлан ашиглаж чадсаныг эдийн засгийн утгаар нь "дайчилгааны” гэж нэрлэхээс өөр аргагүй. Монголын ХХ зууны социалист бүтээн байгуулалтыг дайчилгааны эдийн засгийн нэг төрөл гэж үзэж бүрнээ болно. Мөн ийм зүйлийг бусад том гүрнүүдийн хувьд хэлж болно.
Харин Европт бол 1618-1648 онуудын гучин жилийн дайны үеэр дайн явуулах голланд арга, цэргийн үйлдвэрлэлийн технологийг байлдагч бүх талууд идэвхтэй импортолж авснаар дайчилгааны эдийн засаг түгээмэл зүйл болжээ. XYII-XYIII зууны үеийн Швец, Прусс, Орос зэрэг Европын "хагас хүрээ” улсууд цэргийн болон технологийн мэргэжилтнүүдийг хөлсөлж "цэргийн хувьсгал” буюу эдийн засгийн шинэчлэлээ хэрэгжүүлжээ. Яагаад гэвэл эдгээр гүрнүүд Баруун Европоос хоцрохгүйн тулд юуны түрүүнд цэргийн боломж, цэргийн технологио түрүүлж хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Энэ нь яваандаа бусад холимог болон тусгай салбарууд руу нөлөөлж яваандаа тухайн эдийн засгийн хүч чадал, хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг аж.
XYII зууны эхний хагаст буюу I Петрын шинэчлэлийн үед Оросын бүтээсэн том үйлдвэрүүдийн олонхи нь цэргийн зориулалтын төмөр, зэвсэглэл, дарь, усан онгоцны далбаа, цэмбэ зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Мөн хатуу албан татварын хуулиар цэрэг армийг бүрдүүлэх болов.
Эдийн засгийг дайчлах нь дэлхийн I дайны үеэс ердийн үзэгдэл болж, бүх улс гүрнүүд түүнийг ашиглах болжээ. Дэлхийн I дайны үед Германд улс орны аж үйлдвэрийн түүхий эдийг хянах цэргийн түүхий эдийн хэлтэс байгуулагдав. Гинденбургийн гэж алдаршсан хөтөлбөрийн дагуу бусад салбарын ажилчдыг цэргийн аж үйлдвэрийн мэдэлд шилжүүлж, тэдний оронд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бусад салбарт албадан ажиллуулж, ажлын цагийг ихээхэн нэмэх болсноос гадна хүнсний гол бүтээгдэхүүний хуваарилалтад норм тогтоох болжээ. Энэ нь яваандаа түгээмэл үзэгдэл болон хувирчээ.
Дайчилгааны эдийн засаг үүсэх нөхцлүүд
Дайчилгааны эдийн засгийг социалист, тэр тусмаа Оросын үзэгдэл гэх ихэд тархсан үзэл ямар ч үндэслэлгүй. Үнэндээ бол "дайчилгааны эдийн засаг” хэмээх нэр томъёог Кейнсийн үзлийн төлөөлөгч, нэрт эдийн засагч Сеймур Харрис: "Инфляци ба Америкийн штатуудын инфляцийн эсрэг бодлого” номондоо анх хэрэглэсэн юм. Хэдийгээр өөрийнх нь эдийн засаг дайчилгааны шинжтэй байсан ч гэсэн энэ нэр томъёог ЗХУ-д бүр сүүлд 1950-иад онд хэрэглэх болжээ.
Эхлээд "дайчилгааны эдийн засаг” хэмээх тодорхойлолт, түүний хувилбаруудыг авч үзье.
Нэг. Дайчилгааны эдийн засаг гэдэг бол бүхэллэг систем болсон улс орны оршихуйд учирсан аюул заналыг сөрөн зогсохын тулд ашигладаг, түүндээ бүх нөөцөө төвлөрүүлсэн эдийн засаг.
Хоёр. Улс орны хөгжлийн зохистой хөгжлийг зөрчин, бусад салбарт хохиролтойгоор бүхий л нөөц бололцоогоо нэг буюу хэдхэн чиглэлд төвлөрүүлдэг эдийн засгийн харилцааны хэв шинж.
Гурав. Өөртөө байгаа үйлдвэрлэлийн нөөцийг дээд зэргээр бүрэн дүүрэн ашиглахыг эрмэлзсэн эдийн засгийн үйл ажиллагаа.
Дөрөв. Онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор үүссэн хямралын эсрэг эдийн засаг.
Дээрх тодорхойлолтуудаас үзэхэд дайчилгааны эдийн засаг үүсэх нь түгээмэл үзэгдэл аж. Олон улсын практикаас үзэхэд эдийн засгийг дараах нөхцлүүдэд дайчилдаг байна. Үүнд:
Нэг. Дайны болон дайны өмнөх, дараах сэргээн босголтын үе.
Энэ нь хэн бүхэнд ойлгомжтой, дэндүү олон жишээ баримттай. Японы Мейжигийн үе, Орос дахь И.Сталины аж үйлдвэржүүлэх бодлого зэрэг үүний тов тодорхой жишээ юм.
Хоёр. Ужгирсан хямрал, түүний хор уршгийг арилгах үе. 1932 оны АНУ-ын Их Хямрал, түүнийг даван туулах гэсэн Т.Рузвельтийн ”эдийн засгийн шинэ бодлого” үүний сонгодог жишээ болно. Мөн дэлхийн I дайны хор уршгийг арилгах, цэргийн тэргүүлэх гүрэн болох гэсэн Герман улсын дайчилгаа үүний тод жишээ болно.
Гурав. Хөгжлөөрөө бусдыг гүйцэж, улмаар түрүүлэх шаардлага гарсан үе. Манай социалист эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт нь олон зууны хоцрогдлыг даван туулж, гүйцэх стратегид удаан хугацаанд захирагдаж байсан гэж дүгнэж болно. Мөн энэ нь буруу биш, харин ч хамгийн зөв зам, шийдэл байсан юм. Энэ тухай удахгүй дэлгэрүүлж ярина.
Дөрөв. Улс орон бүхэллэг системт байдлаар хөгжихөд аюул учирсан үе буюу системийн нуралт, сүйрлийн үе. Үүний жишээнд одоо бидний туулж буй системийн хямрал болон системйн сүйрлийн үеийг хамааруулан, хамаатуулан үзэх бүрэн бөгөөд хангалттай үндэслэл бидэнд байна.
Ийнхүү дайчилгааны эдийн засаг үүсэх 4 үндсэн нөхцлөөс "ужгирсан хямрал”-ыг давах, "гүйцэж түрүүлэх”, "системийн нуралт, сүйрлийн” гэсэн 3 нөхцөл нь өнөөгийн Монголын нөхцөлд яг таарч байна.
Эндээс Монголын эдийн засгийг дайчилгааны байдалд оруулах зайлшгүй шаардлага байгаа юу ? гэсэн зарчмын ихээхэн том асуулт, асуудал үүснэ. Миний баттай ойлгож, бас бат итгэж байгаагаар Монголд эдийн засгаа дайчлах жам ёсны, зүй ёсны шаардлага байгаа гэж үзэж байна.
Бид яагаад чаддаггүй вэ ?
Манай сэхээтнүүд, ялангуяа эдийн засагчдыг дайчилгааны эдийн засгийг огт мэддэггүй, дуулаагүй гэж үзэж болохгүй юм. Тэдний үндсэн алдаа бол дайчилгааны эдийн засгийг хэт төвлөрсөн, дарангуйлалд маш ойрхон, зөвхөн социализмын арга мэт үзэж, үүндээ хатуу итгэсэнд байгаа юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ дайчилгааны эдийн засаг нэн түгээмэл үзэгдэл, практик бөгөөд үүнийг ухаалаг хэрэгжүүлсэн улс цойлон гарч ирдэг байна.
Энэ атгаг үзлээс болж Монгол Улс ихээхэн боломж, үнэт цаг хугацаа алдаж, эдүгээ хачин тэнэг байдалд орсныг нотлох үй түмэн жишээ надад байна. Энд Үндэсний хөгжлийн үзэл баримтлал (хэд хэдэн удаа шинэчилсэн), Мянганы хөгжлийн зорилт (бас л хэд хэдэн удаа шинчилсэн) зэрэг стратегийн баримт бичиг боловсруулахад гардаг зовлон, түүнээс үүдсэн алдааг яривал илүү ойлгомжтой болно гэж бодож байна.
Эхлээд тэргүүлэх чиглэлийг тодорхойлох гэж бөөн юм болно. Сүүл хэрд алсын хараа гэх болсон нь нэр томъёоны чамирхлаас өөр зүйл биш. Яахав усан тэнэгүүд биш болохоороо анхандаа тэргүүлэх чиглэлийг аль болох цөөн оруулахыг хичээдэг л юм. Энэ тэргүүлэх чиглэлүүдэд голдуу мал аж ахуй, уул уурхай, мөн дэд бүтэц голдуу ордог юм. Энд би эдгээр баримт бичгүүд монголын хөрсөнд буусан эсэх, хэр зэрэг тооцоо судалгаатай хийсэн зэрэг чанарын асуудлыг огт хөндөөгүйгөө онцлон дурдаж байна.
Үүнийг хэлэлцэх явцад жинхнээсээ "монгол зовлон” гарч ирнэ. Барилга чинь хаа байна ?, Тээврийг ор тас мартдаг чинь яаж байгаам ?, "Та нар аялал жуулчлалгүй XXI зуунд амьдраад үзээрэй л дээ” гэхчлэн нэхнэ, заналхийлнэ, сүрдүүлнэ. Энэ болгоныг буюу салбар болгоны зорилтыг тэргүүлэх чиглэлд нэмж оруулсаар байтал тухайн баримт бичгийн зорилтот, бүхэллэг, алсыг харсан шинж оргүй болж, зүгээр л эдийн засгийн бүх салбаруудаа жигд, тэнцвэртэй, хамгийн гол нь "нэгэн зэрэг” хөгжүүлэх "мөрөөдлийн жагсаалт” болон хувирна.
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж замнахад бүр ч их аюултай үзэгдэл үүсдэг. Ухаандаа уул уурхайг тэргүүлэх чиглэл болголоо гэхэд үүний далбаан дор Монгол орны газрын дорх бүх баялаг, ордыг нэгэн зэрэг ухах зарах чөтгөр шүглэсэн санаа гарч ирдэг. Ингэж нэгэн зэрэг, нэг амьсгаагаар бүх баялгаа шавхан цөлмөх бодлогыг Монголын төр засаг сүүлийн 20 шахам жил хэрэгжүүлж байна. Үүний үр дүн, хор уршиг хүн бүхэнд тодорхой. Монголын төр засаг хойч үеэ ч бодох чадал, тэнхээгүй адгийн байдалд нэгэн оржээ.
Эдийн засгийн ямар ч тооцоогоор Монгол Улс стратегийн гэгдэх 15 ордынхоо ердөө л 3-4-ийг ашиглахад л хөгжин дэвжих бүрэн боломжтой. Иймээс Монгол орны баялгийг өм цөм зарах гэсэн шуналтнууд бол үндэстний эсрэг гэмт хэрэгтнүүд мөн.
Дэлхийн том жижиг аль ч улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл 2-3-аас хэзээ ч хэтэрдэгүй байхад Монголын эдийн засгийн тэргүүлэх чиглэл заримдаа 8, заримдаа 11, түүнээс дээш болтол олширдог нь яав ч эрүүл саруул, хэвийн үзэгдэл биш. Миний хэлснийг тухайн баримт бичгийг уншаад шалгаж үзсэн ч болно.
Энд тэргүүлэх чиглэлийн оронд бүхий нөөц бололцоо, ресурсээ эдийн засгийн бүх салбаруудад "эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” зарчмаар хуваан өгөх тэнэглэл үйлчилдэг. Онцлон дурдахад бүх ресурсээ эдийн засгийн бүх салбартаа тэгш, жигд, тэнцүү хуваан олгодог практик дэлхийн аль ч улсад байдаггүй. Харин эдийн засагт хангалттай хуримтлал үүссэн тохиолдолд "орхиж үлдээсэн” бусад салбараа түлхүү анхаардаг явдал бий.
Өөр нэг жишээ. Манай стратегийн хөгжилд төвийн буюу Улаанбаатарын бүсээс гадна баруун, зүүн хоёр талдаа хоёр ч хөгжлийн төв байгуулах эдийн засгийн бодит шаардлага бий. Үүнийг үгүйсгэдэг хүн цөөхөн. Гэвч хөгжлийн төвийг хаана барих, алинаас нь хэлэх болохоор "цэвэр монгол хэрүүл” гарцаагүй эхэлнэ. Чухамхүү эл нөхцөл байдлыг ойлгоогүйн улмаас Н.Энхбаярын "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” нуран унасан юм. Учир юу хэмээвээс баруун, зүүн талын бүх аймгууд бүсийн төв болно гэж зэрэг зэрэг дайрцгаадаг. Аймгуудын хүчтэй шахалтад автсан төр засаг бас л "эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйн” тулд баруун, зүүн талын хэдэн аймгуудад "бүсийн тулгуур төв” гэсэн цол хайрлажээ. Энэ нь дээд зэргийн тэнэглэл юм. Ер нь бол "тулгуур төв” гэсэн ойлголт монгол хэлэнд байтугай дэлхийн эдийн засагт байхгүйгээр үүнийг нотолж болно. Нөгөө талаас нийслэл, дүүрэг, хороо болон аймаг, сум, баг гэсэн 3 шатад тогтолцоогоо ажиллуулж чадахгүй хэвтэж, бүс гэсэн 4 шатат тогтолцоо руу орох оролдлого нь дэндүү гэнэн бөгөөд тэнэг үйлдэл юм. Дараагийн хөгийн хэрүүл нь хөгжлийн төв буюу бүсийн төв нь тухайлсан газар нутгийн "яг төвд” нь байх ёстой гэсэн аймгуудын тэнэглэл юм. Үнэндээ бол "төвийг нь яг голд нь байлгах” асуудал бол геометрийн асуудал болохоос яав ч эдийн засгийн асуудал биш юм. Хөгжлийг баруун талаасаа эхэлнэ гэвэл зүүн тал нь "гомдоно”, зүүн талаасаа эхлэнэ гэвэл "баруун тал” нь гомдоно. Хоёуланг нь "зэрэг хөгжүүлэх” гэхээр улсын нөөц бололцоо хязгаарлагдмал. Цээжний бангаар хийдэг ийм тэнэглэлийн улмаас эцсийн дүндээ бүс гэсэн ойлголт хурдан морины бүсийн уралдааны бүс болон хувирсан хачирхалтай байдалд бид орсон юм.
Одоохондоо дээрх жишээ хангалттай гэж бодож байна. Хамгийн их зовлонтой бөгөөд гачлантай нь бид эдийн засгаа хөгжүүлэх тэргүүлэх чиглэлээ одоо болтол тодорхойлж чадаагүй, ийм оролдлого бүр хэрүүл хачин тэнэг хэрүүл тэмцэл дунд замхран, завхран алга болдогт байгаа юм.
Нийгмийн дайчилгаа: АНУ-ын жишээ
Эдийн засгийн дайчилгааны нөгөө тал, салшгүй нэг хэсэг бол нийгмийн дайчилгаа (социальный) юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн дайчилгаа хийхийн тулд нийгмийн буюу тодруулбал ажиллах хүчний дайчилгаа зайлшгүй хийдэг. 1932 онд эхэлсэн Их Хямралын үеэр АНУ-д нийгмийн дайчилгаа амжилтай хийсэн жишээг авч үзье. Энд би Т.Рузвельтийн "эдийн засгийн шинэ бодлого”-оор банк, санхүү, үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар авсан арга хэмжээг огт хөндөлгүйгээр зөвхөн ажиллах хүчээ хэрхэн дайчилсан талаар товч өгүүлнэ.
Их хямралаас гарахын тулд Т.Рузвельтийн санаачлагаар 1935 онд АНУ-д "Нийгмийн ажлыг удирдах газар” гэсэн бие даасан агентлаг байгуулсан ба энэ нь 1943 он хүртэл ажиллажээ. Энэ агентлаг АНУ-ын олон сая ажилгүйчүүдийг нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэхээр зохион байгуулсан юм. Нийгэмд тустай хөдөлмөр гэдэг нь барилга, зам, далан, нисэх буудал зэрэг нийтийн байгууламжууд юм.
Энэ аргыг Т.Рузвельт Оросын Гулаг, германы хөдөлмөрийн лагеруудаас санаа авч, өөрийн нөхцөлд тохируулан хэрэглэсэн гэж ярьдаг.
Үнэндээ бол АНУ аж үйлдвэрийн бусад салбарын мэргэжилтэй ажилчдаа цэрэг дайны холбогдолтой гол гол салбарууддаа төвлөрүүлж, тэдний оронд ажилгүйчүүд болон эмэгтэйчүүдийг бусад салбарт ажиллуулж эдийн засгаа бүрэн ачаалж, хамгийн үр ашигтайгаар ашиглаж чаджээ.
Америкчуудын зарим нь сайн дураараа ажиллаж, заримд нь албадлага хэрэглэн ажилуулжээ. Зарим тохиолдолд эхнэр, нөхөр хоёрыг салгаж, өөр өөр газар ажиллуулсан явдал ч бий. Ер нь бол өдөрт 1 долларын цалинтай, 3 удаагийн хоолтойгоор ажиллуулж байсан юм. Энэ нь ажилгүйдэл, өлсгөлөнгийн үед нэлээд таатай боломж гэсэн үг юм. Тэдний цалинг өөрт нь өгөлгүй хуримтлалын фондод хадгалж байжээ. Хожим дайны дараа хуримтуулсан мөнгөөрөө олон гэр бүл амьдралаа сайжруулжээ.
Энэхүү хөдөлмөрийн лагеруудад 4 сая хүн ажилласан гэж албан ёсны статистик хэлдэг ч үнэн хэрэг дээрээ 8-10 хүнийг олон жилээр хөдөлсөрийн лагеруудад ажиллуулж байсан гэж судлаачид үздэг.
Дэлхийн II дайны үед АНУ хамгийн хүчирхэг, хамгийн баян улс болж чадсаны нэг "нууц” нь энэ юм. Бусад орнуудад эдийн засгийн болон нийгмийн дайчилгаа хийж, амжилт олсон орчин үеийн жишээ ном хэвлэл, нетэд хангалттай бий.
Эндээс эдийн засгийн болон нийгмийн дайчилгааг зөвхөн харгис, фашист, коммунист дэглэм хэрэглэдэг гэж гэж ноён Э.Бат-Үүл дүгнэж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын "цэргээр зам бариулна” гэсэн агуулга, мөн чанар, хандлагаараа манай өнөөгийн бодит байдлыг сайтар харгалзсан, маш зөв санаа гэж би үзэж байна. Харин нэр томъёоны хувьд арай хатуудуулсан, түс тас хэлсэн тал бий л байх.
Эдийн засгийг ямар ч ажил хөдөлмөр хийхгүй, хамтын зохион байгуулалт, сахилга батгүйгээр зөвхөн гадаад хөрөнгө оруулалтаар хөгжүүлнэ гэж үзэх болсон ардчилалд нялхарч, эрхэлж, тэнэгэрсэн өнөөгийн бэртэгчин, арчаагүй, хөгийн сэтгэлгээтнүүд сахилга бат, хариуцлага, зохион байгуулалт гэсэн гуравхан зүйлээс үхтлээ айж орилж чарлах нь мэдээж хэрэг.
Эдийн засгийг дайчилна гэдэг бол бусад салбарыг ор тас мартаж, хаяна гэсэн үг биш, мөн зах зээлийн механизмыг огт үл хэрэглэнэ гэсэн хэрэг биш гэдэг нь дэндүү ойлгомжтой. Дэлхий дахинаа эсвэл эдийн засгаа тас дайчилдаг, эсвэл дан ганц зах зээлийн механизмаар хөгжүүлдэг "цэвэр” хөгжил хаа ч байгаагүй. Ер нь бол дайчилгааны эдийн засагт зах зээлийн механизм, үүний эсрэгээр чөлөөт эдийн засагт дайчилгааны элемент ямар нэг байдлаар заавал байдаг аж. Харин алийг нь ямар хэмжээнд байлгаж, ямар үр дүнд хүрэхийг тухайн улс өөрөө мэддэг.
Манай улс төр, эдийн засаг, нийгэм хурц хямралд орсон уу ? Орсон. Манай нийгмийн систем сүйрлийн үеийн төлөв байдал ажиглагдаж байгаа юу ? Байгаа, тэр ч байтугай хэл амаа ололцож, бие биенээ ойлгохоо больсон. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд учрах аюул занал байгаа юу ? Байхаар барах уу, аюул занал нэн ноцтой түвшинд хүрсэн.
Хэрэв дээрх үндэслэлүүдийг зөвшөөрч байгаа ахул манай эдийн засаг, нийгмийг дайчилгааны горимд оруулах үзэл баримтлал яаралтай боловсруулж, энэ чиглэлд ажиллаж үйлдэж эхлэх нь бодит бөгөөд түүхэн зайлшгүй юм. Бүхий л оюун санаа, бие сэтгэлээ нэг хүн мэт хөвчлөн дайчилж чадсан тэр үндэстэн сэргэн мандаж чаддаг юм.
Харин үүнийг яаж эхлэх, яаж хийх нь дараагийн ярианы сэдэв болно. Энэ яриа удахгүй болно гэдэгт итгэлтэй байна.
Судлаач Х.Д.Ганхуяг