|

“Хэргийг илрүүлчихлээ гээд уурлаад бачимдаад байгаа хүмүүс байна”

saikhnaa 2018/02/22 804 0

Монголын нийгэм С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн ЗАХИАЛАГЧ-ийг илрүүлэхийг шаардаж, хүлээж байгаа. Тэгж гэмээнэ энэ хэргийн ээдрээ бүрэн тайлагдана. Эргэлзээ тайлагдаж үлдэх нь үнэн билээ. Тэгвэл Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат энэ хэрэгтэй холбоотой ярилцлага  "Өдрийн сонин”-д  өгчээ.

Тэрээр "Сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор өрнөж байгаа үйл явдлууд, улс төрийн бүлэглэлүүд маш идэвхитэй реакц, хариу үйлдэл үзүүлж байгаа нь хэргийг шалгаж дуусах үр дүн рүү дөхүүлж байж магадгүй. Энэ хэргийг хууль хяналтынхан илрүүлээд шийдвэрлэж байгаа нь зарим хүнд тааламжгүй байх шиг байна. Гэм буруутай нь тогтоогдож, хорих ялаар шийтгүүлсэн гурван хүний ар гэрийнхэн ойр дотны хүнээ өмөөрч, хэлмэгдүүлж байна гэж ярих нь зүй ёсны асуудал.

Гэр бүлийн хэн нэгнийгээ гэмт хэрэг үйлдээд ял сонсоход эсэргүүцдэггүй, сэтгэл тайван үлддэг нэг ч хүн байдаггүй. Үүнийг буруутгах аргагүй юм. Монголын ард түмэн энэ хэргийг илрээсэй гэж олон жил хүлээсэн. Үе үеийн төр барьж байсан улстөрчид энэ хэргийг илрүүлэх ёстой гэж ярьж ирсэн биз дээ. Гэтэл одоо хэргийг илрүүлчихлээ гээд уурлаад бачимдаад байгаа хүмүүс байна. Мэдээж хууль хяналтын байгууллага энэ хэрэг дээр ямар нэгэн алдаа завхрал гаргаж, зарим зүйлийг дутуу орхичих вий гэж шахаж шаардаж байгаа нь зүйтэй юм.

Харин нөгөө талаараа энэ хэргийг цааш нь явуулмааргүй, үргэлжлүүлэн шалгуулмааргүй байгаа өндөр зохион байгуулалттай маш холоос захиалгатай, их хүчтэй сонирхлын бүлэглэл байгаа нь мэдрэгдэж байгааг хэлчихье” гэсэн байна.

За мөн эхэнд өгүүлсэнчлэн хэргийн захиалагч гэдэг нийгмийн анхаарлыг татсан асуудлаар "-Би хууль зүйн талаас нь энэ асуудлыг тайлбарлая. Гурван хүнтэй холбоотой асуудлыг тусгаарлалгүй, захиалагчтай нь хамт шийтгэх ёстой гэсэн асуудал яригдаад байгаа. Энэ нь зөв буруу гээд маргаан үүсээд байна. Өмнө нь ийм захиалагчтай хэргийг Монголд хэрхэн шийдэж байсан юм бэ.

Дэлхий нийтэд ийм асуудлыг хэрхэн шийддэг юм бэ. Гурван хүн хүний амь нас хөнөөчихсөн үйлдлийг шалгаад дуусахад тэрний цаана болсон олон асуудлыг илрүүлэхэд саад болох уу, үгүй юү гэсэн хууль зүйн асуудал байгаа. Олон хүн захиалагчийн асуудлыг шийдвэрлээгүй байж гүйцэтгэгчийн хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж яриад байна. Аль хуулийг барьж, ямар хууль зүйн үндэслэлээр ийм дүгнэлт хийж яриад, бусдад ойлгуулаад байгаа вэ гэдэг нь өөрөө эргэлзээтэй асуудал.

Дэлхий нийтийн туршлагыг харах юм бол захиалагчийг олохын тулд гүйцэтгэгч нарт холбогдох хэргийг нь түрүүлээд шүүхээр шийддэг тохиолдол дэлхийгээр дүүрэн байна. Захиалагчийг нь өнөөдрийг хүртэл олоогүй, хэрэг мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлж байгаа олон хэрэг бий. Саяхан манай хойд хөршид нэгэн улстөрчийг хөнөөсөн хэргийн гэмт хэрэгтнүүдийг бариад л хэргийг шийдвэрлэчихсэн. Хэргийн захиалагчийг одоо хүртэл олоогүй байна. Зарим хүн "Захиалагчийг нь олоогүй юм бол энэ гурван хүнийг суллаж тавь” гэсэн. Суллаж болно.

Хэргийг шалгах хугацаа хоногтой. Энэ хүмүүс хэрэг хэрхэн үйлдсэн гэдэг нь ил тодорхой болчихлоо. Гэхдээ энэ хэргийг захиалсан хүнтэй, бусад зохион байгуулсан хүнтэй холбоотой асуудлыг шалгах хүртэл хууль зүйн хувьд ямар арга, боломж байдаг вэ гэдгийг хүмүүс мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байх шиг. Хүмүүсийн яриад байгаагаар бид гэмт этгээдийг "Чи хэрэг хийсэн шүү. Гэхдээ гэртээ очоод байж бай. Хэргийн захиалагчийг олох хүртлээ чамайг эрх чөлөөтэй амьдруулах болно” гээд явуулах юм уу.

Хуульд тийм зүйл заалт огт байхгүй шүү дээ. Өнөөдөр С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч хэн бэ гэсэн эцсийн хариултад ажлын хэсгийнхэн хариулж арай дуусаагүй байна. Өнөөдөр ч гэсэн энэ хэргийн мөрдөлт үргэлжилж байгаа. Бид эхний ээлжинд энэ гурван хүн энэ хэргийг үйлдсэн юм байна гэдгийг тогтоочихсон. Энэ гурван хүн хэргийн захиалагчаа мэдэхгүй ч байж магадгүй. Голын дамжуулагчаас цаашаа гарахгүй ч байж мэднэ. Бид үүнийг шалгаж байна” гэж байр сууриа илэрхийлжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top