Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.
Нэг тэрбум ам.доллар. Ийм хэмжээний мөнгө их үү, бага уу гэдэг нь тун харьцангуй ойлголт байх. Сүүлийн үеийн хэдэн жишээнээс харвал "Нэг тэрбум ам.доллар” болМонголд бараг л хөгжлийн түлхүүр мэт юмсанж. Нэг тэрбум ам.доллараар Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсыг дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болгох аж. Гэтэл тохуурхах мэт нэг давхцал таарсан нь Оросын тал манай нефть импортлогч нэр бүхий компанид өнгөрсөноны арваннэгдүгээр сард "Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг эзэмших” санал тавьсан албан бичиг ирүүлжээ. Үнийн дүнг тооцоод үзвэл бас л "Нэг тэрбум ам.доллар” орчим юмсанж. Учрыг лавлаваас 2017 оны есдүгээр сарын 6-7-нд Владисвостокт болсон "Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр манай Ерөнхийлөгчтэй санал солилцсоны үргэлжлэл гэх. Мэргэжлийн хүмүүсээс үг унагах гэхээр их л дургүйцэх аж. Учир нь дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болох их үйлсийн эсэргүү болмооргүй байна гэдэг юм байна. Тэдний ярьж байгаагаар бол өөрийн үйлдвэртэй болох нь сайн мэдээ мөн боловч дотоодоо хангатлаа ихээхэн зардал гаргана, түүхий эдээр дутаж түмний шившиг болох магадлалтай. Хамгийн халтай нь өнөөдөр нефть бүтээгдэхүүн нийлүүлж байгаа "ах нар”-ынхаа дургүйцлийг төрүүлнэ гэцгээж байна. Жишээ нь саяхан "Роснефть”-ийн төлөөллийг урьчихаад өмнөх өдөр нь "Алтанширээтэд /нөөцгүй газар/ газрын тосын үйлдвэрээ барихаар шийдвэрлэлээ” гээд гайхамшигтай мэдэгдэл хийчихээр яаж үнээ буулгах тохиролцоонд хүрэх вэ дээ.
Тухайн үед буюу 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр, урд хөршийн төв хэвлэлд гарсан нийтлэлд Энэтхэгээс Монгол Улсад олгох нэг тэрбум ам.долларын тусламжийг "хахууль” хэмээн тодорхойлсон байв. Түүнчлэн Монгол Улс олон хүчин зүйлийн улмаас үүссэн санхүүгийн хүндрэлийг даван туулахын тулд Нью-Делигээс санхүүгийн тусламж, улс төрийн дэмжлэг хүссэн нь цаашид хоёр талын харилцааг улам хүндрүүлэх бөгөөд "улс төрийн бодлогогүй алхам” байх болно хэмээн бичсэн байв. Товчхондоо "Энэтхэгээс нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Далай ламыг Улаанбаатарт айлчлуулахын тулд "хахууль” маягаар Монголд олгохоор зөвшөөрсөн” гэхчлэн бичиж Далай ламыг Монголд айлчилсны дараах үеийн уур амьсгалыг авчирсан. Ийм паянтай нэг тэрбум ам.долларыг аль болох ашигтайхан зарцуулах хүнд үүргийг Засгийн газар хүлээсэн.
Дараагийн нэг тэрбум ам.долларын "хүч” гэвэл "Тавантолгой цахилгаан станц” гэдэг төсөл. Энэ төслийг хэрэгжүүлэхэд мөн л "нэг тэрбум ам.доллар” хэрэгтэй. Хэрэвзээ "Рио Тинто” батлан даалт гаргаж өгөөд Тавантолгой цахилгаан станцад үйлдвэрлэсэн эрчим хүчийг тухай бүрт нь төлбөрийг нь маргаангүй, саадгүй шилжүүлж байна гэдгээ баталчихвал гадны банкуудаас зээл аваад "Тавантолгой” гэдэг цахилгаан станцтай болох юм даг уу даа. Сайхан л хэрэг. Гэхдээ "дээс томоод найзыгаа татаж гаргана” гэдэг шиг бие биеэсээ шалтгаалсан адармаатай энэ зам хэрэв саадтай тулгарвал "Стандарт” банкинд Эрдэнэт үйлдвэрээ барьцаалчихсан дуулиант хэргээс ер ялгараад байх юмгүй эрсдэлтэй. Тэр тусмаа эрсдэлд учрахад нь "Рио Тинто” элдэв хохирол барагдуулах нь юу л бол. Дээр нь Засгийн газар, эсвэл MCS, Марубени нар одоогоор хариуцлага хүлээх эсэх талаар тодорхой ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа.
Хятадын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж гэж бас бий. Гэхдээ энэ нь 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсаны дагуу 2016 оны гуравдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулахад зарцуулагдахаар болж байв аа. БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад айлчлахдаа хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нэг тэрбум ам.долларын зээл олгох боломжтой гэж мэдэгдээд түүнээс нэг жилийн дараа гэхэд талууд бүрэн ойлголцож, зээлийн асуудлыг шийдэж байв. Энэ нь мөн л "Хятадын талаас нь эрчим хүчний салбарт энэ зээлийг ашиглах боломж олгож байна” гэсэн пайзтайгаар Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ашиглах гэж тухай шийдвэр байв. Тухайн үед "Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулбал үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 220 кВт-ын хоёр хэлхээ бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлэх бүрэн боломжтой гэдэг нь ТЭЗҮ-д тусгагдсан. Эгийн голоос-Эрдэнэт хооронд 72.3 км урт цахилгаан дамжуулах шугам, 71.9 км автозам барьж байгуулах аж. Төслийг 2020 он гэхэд ашиглалтад оруулснаар 10-15 жилд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн баяртай мэдээг дуулгаж билээ.
Энэ мэтчлэн "Нэг тэрбум ам.доллар” л байвал тулгамдсан асуудал болгон маань цэгцрэх, шийдвэрлэх тухай дуулддаг ч сонгуулиас сонгуулийн хооронд хэвээрээ л байх аж. Гэтэл БНХАУ манай Засгийн газарт "Утаанаасаа салахад нь зориулж” 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод өөрсдөө Азийн хөгжлийн банкнаас "Утаанаасаа салах гэсэн юм аа” гээд 300 сая ам.доллар зээлчих юм. Үр дүнд нь манайх утаатай хэвээрээ, Бээжин утаанаасаа салчихсан. Ингэжүр дүнтэй зарцуулдаг бол "нэг тэрбум ам.доллартай л бол хөгжинө” гэсэн хөгжилтэй фантазаасаа салж арай ажил хэрэгч болохсон. "Арван процентийн” гэж нэгнээ хочилдог шигээ "Тэрбум ам.долларын” өртгөөр хөгждөг улс гэдэг хоч зүүж, айлчлалын сурагаар урьсан улс маань "ганцхан тэрбум ам.доллар” бэлдчихээд дууддаг болох вий дээ.