Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагууд Энэтхэг улсын "Фортис Хоспиталс” групптэй хамтран ажиллахаар болж, санамж бичигт гарын үсэг зурав. "Фортис Хоспиталс” групп нь Ази тив дэх эмнэлгийн хамгийн том сүлжээ байгууллага бөгөөд нийтдээ 61 салбар эмнэлгийг эгнээндээ нэгтгэдэг гэнэ.
Үүний 54 нь Энэтхэгт, үлдсэн нь бусад улс оронд байрладаг гэж тус группын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дрю Шарма хэллээ. Эдгээр эмнэлгүүд нь бүх төрлийн эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд элэг, зүрх, бөөр, уушиг, нойр булчирхай зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарыг өндөр түвшинд хийдгээрээ ихээхэн алдаршжээ.
Талууд ийнхүү санамж бичигт гарын үсэг зурснаар үндсэн 3 чиглэлд хамтран ажиллахаар болж байна. Тухайлбал, Орхон аймагт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад ажиллуулах, тус улсын өндөр мэргэжлийн эмч нарыг орон нутагтаа ажиллуулах, Монгол Улсад эмчлэгдэхгүй өвчтөнүүдийг Энэтхэгт эмчлүүлэх боломжоор хангах ажээ.
Тэр дундаа эмнэлэг хоорондын хамтын ажиллагаанд голлон анхаарна гэдэгт талуудын байр суурь нэгдсэн байна. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр БОЭТ-ын захирал Б.Батсүх хэлэхдээ "Манай эмнэлэг 2007 оноос гадаад харилцаагаа өргөжүүлж эхэлсэн. Одоогоор АНУ, ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг олон улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Дээр дурдсан үеэс манай эмнэлгийн үйл ажиллагаа европ стандартад шилжсэн. Тийм учраас хамтын ажиллагааны хүрээнд ирэх эмч мэргэжилтнүүдийг ажиллах бүх боломж нөхцөлөөр хангана” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Орон нутгийн засаг захиргаанаас бүхий л бодлого, үйл ажиллагаагаа хүний хөгжилд чиглүүлж байгаа аж. Үүний хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалтыг жил бүр тогтмол нэмэгдүүлж байгаа гэнэ. Өнгөрсөн онд орон нутгийн төсвөөс эрүүл мэндийн салбарт 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2018 онд "Эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 140 сая төгрөгийг төсөвлөөд байгаа ажээ.