|

Хүн энэ хорвоод нүцгэн ирээд баян болоод буцдаг юм

tonshuul 2018/03/01 802 0
 

Хүн энэ хорвоод нүцгэн ирээд баян болоод буцдаг юм

 

Үргэлжлэл.
Мөнх доод Тэсгэнд өвөлжиж буй Яа Ламахынд очиж хэл дуулгах, алтан савыг нь нээлгэхээр явах яршиг төвөг учирч, үзүүрсгэн дээлнийхээ гадуур хүхэм хөдрөөд, өвдөг хайрч даарна гэж хормойгоо сураар тавшуургадан (хормойгоо хүйтэн салхинаас цэнэж хоёр өвдгөндөө хумьж боох) боож, ёстой л үхлийн оронд явах гэж байгаа юм шиг бөөн ажил болон янцаглах зуураа
- Тэр гайтай хутгыг нь хамт оршуулчихвал яадаг юм! Сүнс нь чөтгөр шулмас болж мэс бариад босоод ирвэл яах юм! Үлдсэн мань мэтдээ гай хөө болж сүйд хийх ч юм бил үү? Хамгийн сүүлд хийж байсан ажил нь тэр болохоор энэ хутгандаа сүнс нь хоргодоод түйвээчихвэл яана! гэж хэлтэл туяа татсан царайлаг, нүд шүд тэгш Наран-Ай бүсгүйн төрх үргэн давхийж энхэр хонгор зангаа гээн сормуус нь сэрвэлзэхүй булингартай ус шиг шар ногоон нүдээр нөхөр нь хяламхийж

- Тэгвэл тэр зэв сорморыг нь...!гэтэл Наран Ай үгний нь үзүүрийг шүүрч аван өлгөж бүр ч цээрлэв бололтой 
- Чи залхууралгүй яваад өгөөч! Яраглаа лам ах юу гэнэ, түүгээр нь болно биз? хэмээн янших янз үзүүлэн шавдуулав. 
- Хн!...хутга барьчихаад үхэж л байдаг! Чи наад чацганы үүрээ дуугүй болгооч! гэж Мөнхийг хүү рүүгээ хялалзан тэсгэлгүй дахин унтууцахад энэ сумдаа л царайлаг нуруулаг ухаалаг, үзэсгэлэнтэй баясгалантай гэгдэн таних танихгүй бүгдэд шагшигддаг сувай согоо шиг гоолиг, сунагар улиас шиг чилгэр сайхан эхнэр нь кинонд гардаг жүжигчин хүүхэн шиг царай нь хувьсхийн
- Хцс! Дүндээ та хоёроос л болж байгаа юм. Ная гарсан ганц бие хөгшнөөр хутгыг нь ирлүүлж л байдаг. Хэзээ ямар амьтан өвгөдийг хутга шөвгөнд хүргэж байлаа. Ийм л юмнаас цэнэж цээрлэдэг байсан байлгүй яав гэж. Лаглайгаад суугаад байхаар яваач гэм, үд болчихлоо. Дургүй байгаа бол Дүндээг өөрийг нь яв гэхгүй юу. Ер нь Яа ламах энэ жил чамайг үхдэл хүүрийн газар бүү яв! гэсэн биз? Тэр чинь иймэрхүү юманд хамаагүй бүү хутгалд! гэсэн үг гэж чихнээс нь ахин хонх уяад хүүгээ өвөр дээрээ авав. Мөнх шөвгөр хөх нүүрнийхээ чийхарсан хөлсийг шувтран ханцуйгаараа шудрангаа
- Хэл нь татмар минь наад амаа хамхиатхаач. Аяга цай ч төвшин уулгачихгүй ямар зовлонтой юм бэ? Танайхан хэзээ миний үгийг хүн гэж тоож байсан юм! гээд ямаан омог гарган огло харайн бослоо. Хар багаасаа эхийнхээ толгой дээр гарч өрх толгойлсон аавын цээж, бутач ганц хүү болоод ч тэр үү хадам ах нараасаа нүд далд бол байгаа царайнаас нь гарамгүй дээрэлхүү ямаан омог эхнэртээ гарган дарж байх санаатай. Даанч тийм боломжгүйгээс хоёр хадам ахаа дотроо битүүхэн зүхэж явдаг нэгэн аж. Ямартаа Дүнсгэр ах нь Уруу царайт гэж, Онгорой нь болохоор Ахиад ямөнх гэж доош нь хийж байхав дээ! Амнаас нь өөдтэй үг гарахгүй, ёрын гэдэг нь. Чи юундаа зовоод байгаа юм..гээд эхнэр нь сав суулгаа хангир жингэр цацлан үглэтэл Ахиад Мөнх

- Дүндээ тэр муу чонын хоолоо харамлаад...миний зээрд үрээ нүдэнд нь илүү үзэгдсэн юм байлгүй. Ерөөс Дүндээгийн санаа айхтрыг мэдэхгүй биш. Хүүхэд хуурч байгаа юм шиг " Хөл нь хөнгөн юм чи, өөрийнхөө унаагаар яв" гээд байгаа юмаа...гэж явах унаагаа голов уу, ерөөс хол явахаас залхуурав уу? бугшсан бөөн бухимдлаа нууж эс чадан үглэснээ овоо эр хүн шиг жавхалзан ухасхийн гараад явчихлаа. Наран Ай сайхан төрсөн ч нутаг орчныхоо энэ бөглүд зохицсон хөдөөхи зантай бүсгүй авай. Ямартаа л Сэнгэнүүр Зоригоо "Шорооноос ургамгүй сарнай, Манайханд төрөмгүй Наран Ай" гэж тохуурхаж байхав дээ. Сав саяхан зүв зүгээр алхаж амьдарч явсан азай буурал нагац нь Наран Айгийн санаанаас гарахгүй, яг амьсгал хураасан мөчид нь үнхэлцгээ хагалчих шахан айснаа санахаас бие нь зарсхийх шиг болоод одоо ч бүрэн тайвширч чадаагүй аж. Уйлагнаж урвайгаад байгаа хүүхдээ бүүвэйлж аснаа хөхөө гаргав. Хүү нь мээмээ үмхээд ээжийгээ аргадах гэсэн үү, баацгар гараараа илэн ховдоглон хөхсөөр. Эх нь цухалдсан зангаа хүүхэддээ гарган
- Өдий болсон юм байж одоо ч мээмнээсээ гарахгүй шүү! гэж үглэн өмнөө байгаа аягатай зэлгээн зөөг цайг авч хэд балгаснаа
- За болиоч гэм! Гарч хонио бэлчээх юмсан. Адиа ганц хусран, ширгэх нь дөхсөн хэдхэн үнээндээ түүртэн дөнгөж сая л шувтарч дуусна лээ. Тэгээд туучихгүй шүү, ганц миний л хувь юм шиг! гэж ганцаараа ч гэх үү, хүүтэйгээ ч гэх үү хэрэлдсээр хөхөө булаан авч хүүгээ газар буулган гал хөс рүү орчихно гэж орны хөлнөөс уяатай бүсээр бүслэхүыгээр нь хам хум торгоочихоод гоолиг бие үзэсгэлэнд нь өнгөжсөн хуучин ягаан дээлийнхээ энгэр заамыг товчлонгоо гараад явчихлаа. Хүү нь бүр сурчихсан янзтай хагархай өмднийхөө завсраар боожгийгоо цухуйлган хулдаасан дээр шожигнуулан зогсоогоороо шээсээр үлдэв.

Наран Айг гэрээс гарангуут өрх нь бүтээлгээстэй Жанжаагийн гэр нүдэнд нь тусч " Нээрээ энэ зөнөг нохой өчигдөржин хий боргож шөнө улиад байсан. Би ч ойрдоо хий цухалдаад дэрэн дээр толгой тавив уу үгүй юу хар дарж давхийгээд, нэг л хачин байсан..." хэмээн эргэцүүлсээр Оюун Адиагаа сонсог гэж зориуд Чш! Чш! Хөж гэм! Хүүе хаа! гэж зандарч хашгичин хүний өөрийн хэдэн үхрээ хумьж туусаар холдов. Ямар элэнцгээ хийх гэж хутга мэс ирлэж байв аа..гэх айдсаас салахгүй энэ тэр хий юм хардан цээрлэж явсаар сүүхийх асга хадны нөмөр хадан хошуу өнгөрөөн хэдэн алтан харгана шаваг цоохортсон өндөр жалганы үхэр чулууд бараадуулчихаад буцлаа. Өвгөний үрчлээт нүүр, шингэн ямаан сахал, өндгөн цагаан толгой, эмээл дээрээ азарган чоно дүүрээд ирдэг баяртай инээмсэглэл ануухан (Нас хижээлсүү ч бие тэнхээтэй үе) төрх нь харагдаад " Улаан туг" гэх хараал нь хүртэл энэ хэдэн хүрэн хадан дотроос сонсогдох шиг болоод байлаа. Ингээд үхсэн хүн бодоод байвал сүнс сүүдэр нь нөхцчихөж магадгүй гэж сэжиглэн Түй!...Түй! хэмээн гурвантаа шившин шүлэмдээд гэрээдээ харав. Дүндээгийн тооноор аргалын утаа бургин баагиж газар алгадан даялсаар атал өвгөний гэр өрх нь бүтээлгээстэй, өөрийн нь гэр эзгүй оргин яндан нь зэвэр дааө нэг л гундуу санагдав. Наран Ай хурдхан гэртээ орж утаа гаргаж галаа түлье гэж адган алхаагаа түргэсгэлээ.

Түүний хөдлөх гишгэх нь жавхаалаг мөртлөө цэмцгэр, өмссөн дээл нь гандаж онгосон ч цаанаа л нэг дасал болон зохисон уяхан туяхаа ажуу. Энэ үед түүний төрсөн ах Дүнсгэр Дүндээ гэртээ юу ч юм бодон сахлаа базан дүмбийж сууснаа нимгэн дэвтэр таллан хувааж давхарлан нийлүүлээд үдээсээр нь утас хэрж зузаалсан тэмдэглэлийн дэвтэр, үзүүрлэсэн тал харандаатай гаргаж "Жанжаа 12 сарын 3 нас барав" гэж хэв гаргац муутай ч хэрдээ хичээн бичсэнээ ихэд нямбайлан эвхэж далд хийгээд хормой орооцолдохгүй гэж социйлизмын үед ажлын хбвцсанд өгдөг байсан эгнээ хаваастай хөвөнтэй ногоон хүрэм өмсөн гэрээсээ гарч байлаа. Ер аь энэ хүрмийг хотон дотрох ажилд хөдрөх дуртай юмсанж. Үхрээ гилчихээд ирж яваа алхаа гишгээ яаруухан атлаа намбалаг хээнцэр Наран Айг хальт харснаа дээрээс нь нурах шахан сүүхийх хойт уул чиглэн зайж хэжсээр нуруугаа байдгаар нь бөгтийлгөөд өгсөж эхлэв. Нас нь хижээлсэж яваа хүн гэсэндээ " Юутай ч өвгөний тахидаг овоог сэргээчихье" гэж ах захын ухаан гарган аахилж уухилан, хөглөрсөн хад чулуу чөлөөчлөн авирч зүтгэж байгаа нь энэ аж. "Чонон Жанжаа гэдэг хүн Дүнсгэр Дэмидээр ясаа бариулах учиртай юм байлгүй.

Сайны зөн үү, муугийн ёр уу...нулимс хүртэл гарч байх юм. Энэ өгөр циймэр эхийгээ өнгөрөхөд нойт даан чийгтээгүй юм даг..." гэж гайхшралд ээрэгдэн " Хүн энэ хорвоод нүцгэн ирээд баян болоод буцдаг юм. Энэ хөх толгой дотор мөн ч их юм байна, хөсөр хаягдахаас нь өмнө аваач улаан тугнууд минь!" гээд халчихаараа баахан юм ярих гэдэг Жанжаадаа харуусан гашуудсаар. Би гэж " Дүнсгэр" хоч, бүрсгэр царай хоёртоо таарсан амьтан..." Энэ бид хоёрын мэддэг юм ч" ...гэсэн шүү юм бодоод хамартаа шар шороо чихээд мангайж сууж. Надаас өөр сийрэгхэн хүн хүн байсан бол их л юм дуулах байсан даа. Намын үүрийн хуралд сар бүр бүтэн хоёр гурван өдрөөр сууж хамаг ажлаа алдаж байхаар өвгөний үгийг жилдээ ганц чагнаж суусан бол одоо иймэрхүү цаг тулгарах үед ёстой манлайллаа биелүүлж, зааж зааварлаж суухгүй юу...!
 
Үргэлжлэл бий.
Түүхч.Гүн ухаанч.Бэсүд.Н.Нагаанбуу агсаны "Алтайн тэнгэр" романаас

Санал болгох

Сэтгэгдэл

top