|

ӨВГӨД /богино өгүүллэг/

saikhnaa 2016/12/19 2242 0

ӨВГӨД  /богино өгүүллэг/

 

Энэ бүхнийг чухам хаанаас нь, юунаас ч эхлэхээ мэдэхгүй болох үе амьдралд зөндөө. Огт эхлүүлэхгүй орхичихмоор зүйл ч бишгүй байдаг. Хаврын сүүл зуны эхэн сарын зааг юмсан. Бороо ганц нэг дусаад Нямсүрэн ахын шүлэг шиг борог өвс норсон сайхан цаг билээ.
Ээжийгээ сувиллын газар хүргээд буцах үед дайгдаж хот орохоор ойр насны гурван өвгөн арын суудал дээр зэрэгцэн суулаа. Булган захтай дээл өмссөн бүдүүн шар өвгөн" -Би ингэж ч чихцэлдэж явах хүн биш. Муусайн хүүхдүүдээ дуудаж төвөг болоод яахав гэж санасан юм. Түүнээс биш ч ..." гээд их л хямсаргаар жирэлзэн өнгөрөн уул толгодын харав. "Энэ халуунд юунд үс ноостой юм өмссөн юм бол" гэж зэрвэс бодоод өнгөрөв.
Голд нь сууж яваа нүдний шилтэй туранхай бор өвгөн харваас насаараа багш хийсэн нь андашгүй нүдээрээ нөгөөхөө хараад дэмий л санаа алдлаа. Тэд хоорондоо бараг л юм ярьсангүй. Урьд цагт бол өвгөд хуучлах гэдэг сайхан зүйл байж билээ. Би ч тийм горьдлогоор тэднийг машиндаа суулгасан юм. Зам зуур сонин сайхан ихийг сонсоно гэж баярлаж явсан минь талаар болов. Зүүн талд суух өвгөн үе үе гараа гозолзуулаад л "мөн сайхан хөндий юм, аа. Мөн их юм ургана даа. Залуусан бол хагалаад ногоо тарьвал..." гэж ирээд шүүрс алдана. Ийм нэг гурван өөр хүн ахмадын амралтын газраас хот орохоор надтай зам нийлсэн билээ.
Утаа униар дундаас жижигхэн саарал хот минь өндийж харагдав. Өвгөд эхнээсээ зам зуур цувран буулаа. Эцэст нь насаараа багш хийсэн мэдэгдэхээр нүдтэй өвгөн ганцаар үлдэв.
-Хүүхээ, миний энэ дэргэд суудаг шар насаараа нэг жижиг дарга хийсэн юм. Харин сүүлийн үед сайн хүүгийнхээ муу аргаар олсон мөнгөнд цадаад ийм хачин болчихоод байгаа юм. Хөөрхий эцэстээ үйл буйг мэддэггүй амьтан гэснээ " -харин энэ чааваас Амгалангийн ногоон Дүүмээ гэдгийн ганц хүү байгаа юм. Цагтаа баян луухааны хүүхэд гэж адлагдаж явсаар ийм болчихсон юм. Насаараа л ногоо тарьсан даа. Би ч яахав дээ...."
-Харин та багш хийж байсан уу? гэхэд минь мөрөө хавчаад "Үгүй, ээ" гэв. Харваас багш байсан гэмээр төрхийг нь хараад итгэж ядан байтал " Би ч яахав дээ насаараа шоронгийн хянагч хийсэн хүн. За хүүхээ, ингэсхийгээд бууна" гэлээ. Өвгөн "баярлалаа хүүхээ" гэж толгой дохиод "миний аав их том лам хүн байсан юм. Баригдаад явахынхаа өмнө ээжид хүүгээ төрөөд ухаан суух цагт хэлээрэй гэж ганцхан үг захисан юм гэнэлээ. Хүү төрөхийг мэдэж байсан байгаа юм.
-"Ганцхан үг" хэмээн намайг гайхан харахад насаараа багш хийсэн хүний нүдээр тэнгэрийн байдлыг ажигласнаа "Тийм, ээ" гэв.
Их л сониучирхан "Юу гэж хэлсан юм бол..." гэж лавлав. Өвгөн багшдаа асуугдаж байгаа хүүхэд шиг хүзүү шилээ маажаад "БУЙД Л БҮҮ ИТГЭ ГЭСЭН ЮМ ГЭНЭЛЭЭ" гээд цааш одов.
"Манай гурав ч дээ шинэ цагийн хуучлах ч юмгүй худлаа лоозон цээжилсэн хувьсгаалч өвгөд дөө, хөөрхий" гэж бодож явсан минь хэдхэн хормын өмнө байлаа. "Буйд бүү итгэ гэнээ" гэж өөртөө хэлээд түлхүүрээ эргүүллээ.

2016-12-10

П. Батхуяг

Purevkhuu Bathuyag

Санал болгох

Сэтгэгдэл

top