БИ Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсан 1990 оны цагаан морин жил эрийн цээнд хүрч өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг АМЬ БИЕЭ ҮЛ ХАЙРЛАН батлан хамгаална гэж эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангарагаа чанга дуугаар өргөн Монгол Улсынхаа зэвсэгт хүчинтэйгээ амь амьдралаа холбож, Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага түрэмгийллээс хамгаалах үндсэн чиг үүргийг байлдагчаас удирдагч хүртлээ 25 жил тасралтгүй гүйцэтгэж эх орондоо ХАРИЙН ДАЙСНЫГ алхуулахгүйн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэлээ.
ГЭТЭЛ эргээд хартал харийнхан бидэн рүү зэвсэг барьсан цэргүүд биш, зальжин инээсэн луйварчидаа илгээн зоосонд дуртай ДОТООДЫН ДАЙСНУУДААР халхавч барин нэвтэрч элэг зүрхнээсээ хайрлан хамгаалж байсан эх орны минь газар нутгийг тал талаас нь онгичин уудалж хамаг үнэтэй байгалийн баялагийг маань ховх сорон авах хомхой сэтгэл агуулан улсыг маань зэвсгийн хүчээр биш дааж давшгүй өрөнд оруулан мөнгөний хүчээр эзлэн авахыг санаархаж байгааг би анзаарав. Бидний өвөг дээдэс МИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ гэж энэ газар шорооны төлөө амь хайргүй тэмцэн бидэнд бүрэн бүтэн улс эх орон, газар нутаг хүлээлгэн өгсөн дөө. Тэдний халуун амь, бүлээн цус энэ газар шороонд шингээстэй бий.
БИ байгалийн үнэтэй баялаг газрын тосныхоо золиос болж харийнханы хууран мэхлэлтийн гайгаар Саддам Хуссейн хэмээх удирдагчаа алга хийчэхвэл бүгд тэгш эрхтэйгээр хувааж авах юм гэсэн гэнэн мөрөөдөлдөө хөтлөгдсөнөөр шашин нэгт ахан дүүс хоорондоо эцэс төгсгөлгүй дайтаж эмх замбараагүй улс болон хувирч эзэнгүй болсон улсаа лалын улс бүлэглэл хэмээх дэлхий дахины заналт дайсаны үүр болгочихоод байгаа Ирак Улсад 2003 онд 8 сар үүрэг гүйцэтгэсэн цэрэг хүн. БИ байгалийн бас нэгэн үнэт баялаг алмаз очир эрдэнээсээ харийнханы турхиралтын золиос болж 11 жил хоорондоо алалдан байлдсаны дараа 6 сая иргэнийхээ 1 сая иргэний амийг золиод онгойсон хар нүхтэй үлдсэн Африкийн хамгийн ядуу Сьерра Леон улсад 2006 онд 7 сар үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч.
БИ эх орноо яавч ийм замаар явуулахыг хүсэхгүй байна. Биднийг хооронд нь алалдан тэмцэлдүүлэхээр харийнхан чимээгүйхэн нэвтэрч хооронд яс хаян, турхирч байна. Бослого, хүчирхийлэлд нэгнийгээ битгий уриалаарай. Бид ХӨХ ТОЛБОТОЙ МОНГОЛ АХАН ДҮҮС, хүнд цагийг ч, хямралыг ч, өрийг ч, цаашлаад хөгжлийг ч нэг санаа зорилгоор хамтдаа туулаад гарах ёстой. БИД ЧАДНА.
Одоо би эх орноо харийн дайснаас биш ДОТООДЫН ДАЙСНААС хамгаалахаар шийдэж цэргийн албаа нэр төртэйгээр хүлээлгэн өгч улс төр хэмээх өөрийн үл мэдэх орон зайд нэвтрэн үүнийг зогсоох эрх мэдэл олж авахын төлөө ариун дайнд мордож байна. Би зэвсгээр биш үг хэлээрээ, үзэл бодлоороо, үйлс бүтээлээрээ харуулна.
Генерал Б.Баярмагнай