Улаанбаатар /МОНЦАМЭ/. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Монгол туургатны утга зохиол, урлаг анатологи” үзэсгэлэнг гаргав.
Монгол туургатныг урлаг уран бүтээлийг нийтэд дэлгэх, харилцан туршлага солилцох зорилготой уг үзэсгэлэнг "Спэйс энтэртаймент”-ын хамт олон энэ жил анх удаа зохион байгуулж буй юм. Үзэсгэлэнд Монгол, Тува, Өвөрмонгол, Халимаг, Буриадын уран бүтээлчид бүтээлээрээ оролцож харилцан туршлага солилцож байна.
Өвөрмонголын зохиолчдын эвлэлийн тэргүүлэгч Төвдалайн Энххад: "Монгол туургатны уран бүтээлчид харилцан туршлага солилцох, хамтран уран бүтээл туурвих, Монгол туургатны уран зохиолыг дэлхий нийтэд хүргэхэд түлхэц болохуйц уулзалт болж байна. Өвөрмонголоос цөөн тооны уран бүтээлчид ирсэн ч цаашдаа эл үзэсгэлэн, уулзалтыг жил бүр уламжлал болговол оролцогсдын тоо нэмэгдэх нь гарцаагүй. Өнөөдрийн уулзалт үзэсгэлэн нь Монгол, Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриадын уран бүтээлчдийг нэгтгэх, хамтын ажиллагааг өрнүүлэх боломжийг нээж буйгаараа онцлогой” гэв.
Энэ удаагийн уулзалт үзэсгэлэнд сонгодог урлагаас бусад бүх төрлийн уран бүтээлчдийг хамруулахаар зорьсон байна. Гэвч утга зохиол, яруу найраг, уран зураг, гар урлалын чиглэлийн хүмүүс түлхүү оролцож байгаа аж.
О.Мөнхжаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг