Орхон/МОНЦАМЭ/ Цаг агаар дулаарснаас Баян-Өндөр сумын Эрдэнэ, Яргуйт, Их-Залуу, Уртынгол багийн нутаг дэвсгэрт хур цасны шар ус түрж ороод байна. Үүний улмаас 30 орчим айлын хашаа, гэр, байшин, эд хөрөнгө усанд автжээ.
Тиймээс аймгийн Онцгой байдлын газар, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сум зэрэг байгууллагууд хамтран айлуудын эд хогшлыг нүүлгэн шилжүүлэх, гэр, байшингаас усыг шавхах зэрэг тусламжийг үзүүлж байна. Мөн эдгээр байгууллагууд хамтран үерийн дөрвөн км сувгийг цэвэрлэжээ. Усанд автсан айлуудын зарим нь зөвшөөрөлгүй газарт буусан гэж мэргэжлийн байгууллагууд онцлон хэлж байна. Цаашид нөхцөл байдал хүндэрч болзошгүй гэнэ. Учир нь өвөлжин орсон цасны дөнгөж гуравны нэг нь хайлаад байна гэж аймгийн ОБГ-ын дарга хэллээ. Иймд аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал уг ажилд Эрдэнэт үйлдвэрээс техникийн тусламж авах, далан, шуудуу гаргах, гудамжинд асгах хайрга, дайрга, шороо бэлдэх, Хот тохижуулах газар цас цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх зэрэг үүргийг өглөө.
Гэхдээ иргэд ч аливаа эрсдэлд бэлэн байж хашаа, байшингаа тойруулаад суваг, шуудуу ухах, шороо, хайрга бэлдэх хэрэгтэй гэдгийг хүчний байгууллагынхан ч хэлж байлаа.
Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 532 сая төгрөгийн хөрөнгөөр Шанд, Даваат багт нийт 320м, Говил багт 682 м үерийн далан шинээр барьж ашиглалтад оруулсан. Мөн Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 багийн нутаг дэвсгэрт байрлах 66.8 км үерийн усны далан суваг, байгалийн жалга судгийн хог хаягдлыг цэвэрлэх, авто машин болон явган хүний гарцын хэсэгт бөглөрсөн хоолойг нээх болон долоон км суваг шинээр татах, хуучин таван км сувгийг сэргээх ажлыг хийж гүйцэтгэсэн ажээ.

Б.Оюун-Эрдэнэ