Шархадны эцэст охидыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяагийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо. Нийслэлийн давж заалдах шатны шүүх түүний гомдлыг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна хэмээн үзэж, 25 жилийн ялыг хэвээр үлдээсэн байна.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүх хуралдаанаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 435 тоот шийтгэх тогтоолтой Б.Идэрзаяад холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Шүүхээс Анхан шатны шүүхийн 435 тоот шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286-р зүйлийн заалтыг хангаж байна гэж үзэв. Учир нь Б.Идэрзаяагийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, шүүх түүний учруулсан гэм хохиролд тохирсон ял оногдуулсан гэж үзсэн. Гэхдээ шийтгэх тогтоолд дараахь өөрчлөлтүүдийг орууллаа.
Анхан шатны шүүхээс Б.Идэрзаяаг гэмт буруутайд тооцохдоо хоёр ба түүнээс дээш олон хүнийг санаатай алсан гэснийг хоёр хүнийг санаатай алсан гэж засав. Мөн ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсний таван жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ангид гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн.
Шүүхийн энэхүү шийдвэрийг Б.Идэрзаяагийн өмгөөлөгч Ш.Бадмаараг болон төрсөн эгч болох Б.Золзаяа нар хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаагаа илэрийлсэн юм. Улмаар "Энэ хэргийн үнэн мөнийг олтолоо явна. Дээд шүүхэд дахин гомдол гаргана. Тиймээс үнэн зөв нь олдоно гэж итгэж байна” гэв. Мөн хоёр бүсгүйн толгойг тасалсан жинхэнэ хэрэгтний мэдээллийг 50 сая төгрөгөөр зарна гэх хүн утасдах болсон талаарх шинэ баримт дэлгэсэн байна.
Энэхүү шүүх хуралд Б.Идэрзаяа өөрөө биечлэн оролцох хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна.