Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр ийн мэдэгдэв. Анх сонгогдсон цагаасаа шахуу АТГ-ын дарга ажлаа хийж чадахгүй байна гэсэн мессеж шидсэн Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлт /2018.04.05/-нд "АТГ-ын даргыг солих ёстой” гэж мэдэгдсэн. Үүнээс өмнө ч АТГ-ын даргыг сольж тэмцэгч Г.Баасанг томилох ёстой гэсэн давлагаа сошиалаар дэгдэж байсан.
Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайт president.mn-ээр долоо хоногийн дотор санал асуулга явуулж хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-д өргөн барина гэлээ. Түүний хэлснээр бол санал асуулга өнөөдөр 15.00 цагт эхлэх бөгөөд иргэд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг санал болгоно гэнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлснээр бол долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-нд АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн сайтын санал асуулгаар тодруулах нь.
Дашрамд сануулахад:
21.2.1.Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;
- 21.2.2.Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.
АТГ-ын дарга Х.Энхжаргалыг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшүүлсний дагуу 2016 оны долдугаар сарын 8-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувийн саналаар томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа 6 жил. Харин З.Энхболдын хэвлэлийн бага хурлын үеэр
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчдын үзэж буйгаар АТГ-ын дарга, дэд даргын үүрэгт хугацаа дууссан гэж хэлсэн байна.
А.Ану
https://www.infomongol.mn/content/read/157811.htm