|

“Тавантолгой” парламентын босго давах уу

namuunaa 2015/06/15 762 0

Шийдлийн Засгийн газар "дээрээс ирсэн тушаал”-ын дагуу гарын үсэг зурах төдийд хөрөнгө оруулалт хийгдэхээр байсан "Тавантолгой”-н гэрээний төслийг парламентад өргөн барьсан. Засгийн газраас шуурхай хэлэлцүүлж өгөх горимын саналтайгаар өргөн баригдсан Тавантолгойн гэрээний төсөл өргөн баригдсанаасаа хойш "парламентын босго” давалгүй сар гаран буюу таван 7 хоногийг үдлээ.

 

УИХ-ын даргын захирамжаар парламентад хэлэлцүүлэхээс өмнө "Тавантолгой”-н гэрээний төслийг хянан дүгнэлт гаргах Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг байгуулахтай зэрэгцэн УИХ-ын гишүүдийн зүгээс "Эхлээд төслийн хэлэлцэх эсэхийг шийдчихвэл ямар вэ” гэсэн санал гарч байлаа. Нэгэнтээ УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд уг ажлын хэсгийг байгуулах захирамж гарган, албан бичигт гарын үсэг зурж, алх цохисон болохоор гишүүдийн хувьд эсэргүүцэх алхам нь хязгаарлагдмал.

 

Хаврын чуулган эхэлсний дараах УИХ-ын даргын хамгийн анхны захирамж нь "Тавантолгой”-н гэрээний төслийг хянаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах асуудал байсан биз ээ. Эдүгээ хаврын чуулган хаалтаа хийхэд хагас сарын хугацаа л үлдлээ. Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан бүрийн эхэнд гишүүд, тэр дундаа МАН-ын бүлгийн зүгээс "Тавантолгой”-н гэрээний төслийг хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас шаардаж, "цаг хугацаа алдсан энэ тохиолдолд Засгийн газар дараагийн хувилбараа гаргаж ир” хэмээн шахаж ирсэн. Тэр байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл "Тавантолгойн гэрээний төслийг улстөрчдийн хоол болгочихгүйхэн, хэлэлцэн шийдвэрлээд явах ёстой” гэдэг өөрийн байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь хаврын чуулганы хугацаанд энэ гэрээний төслийг УИХ-ын даргын зүгээс парламентын босго давуулж, хэлэлцүүлэлгүй хугацаа хожиж чадлаа.

 

"Манайх парламентын засаглалтай орон. Гэтэл төрийн гурван өндөрлөгөөс хамгийн эрх мэдэлгүй, төсөвгүй нь УИХ-ын дарга” гэж ирээд толгой сэгсрэн, спикерээр томилогдсон хүмүүсийг өрөвдөх, басамжлахын завсар хэлэх нэгэн байдаг. Тэгвэл УИХ-ын дарга алх цохиж, захирамж гаргахын төдийд хэн нэгний байтугай гүйцэтгэх засаглалын шийдвэрт нөлөөлж, "хориг тавьж” чаддаг, өндөр эрх мэдэлтэйг З.Энхболд харуулж чадлаа.

 

Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн "Тавантолгойн гэрээний төсөлд эргэж харах, нягтлах зүйл их байна. Хуулийн зөрчилтэй зүйл ч харагдаж байна” хэмээн мэдэгдэж, Засгийн газраас холбогдох бичиг баримтыг шаардаж байгаагаа эхэн хэсэгтээ сүр хүчтэйхэн ярьж хэлж байлаа. Харин Засгийн газрын зүгээс ажлын хэсгийн шаардсан бүх баримт бичгийг өгснөө дуулгаж, хувийн компани хоорондын гэрээ дотоод нууцад хамаарах учир компаниудаас л асуух хэрэгтэйг онцолж байсан юм. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "УИХ-ын ажлын хэсэг Засгийн газар болон гэрээнд оролцож байгаа компаниудаас Тавантолгойн орд газрын ашиглалтын талаар асуулга хүргүүлж байгаа. Засгийн газраас гэрээний хувилбар болон бусад бичиг баримтыг бүгдийг гаргаж өгч байгаа. Бид хүссэн бүх материалыг нь гарган өгсөн. Зарим гишүүн компани хооронд байгуулсан гэрээг гаргаж өгөхийг хүссэн. Компани хооронд байгуулсан гэрээг бид өгөх боломжгүй. Тухайн компанитай нь шууд харьцах нь зөв. "Тавантолгой”-той холбоотой тогтоолын төсөл 5 зүйлтэй. Тэр тогтоолтой холбоотой бүх материалыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Одоо ажлын хэсэг шийдвэрээ гаргах бүрэн боломжтой байгаа. Зөвхөн ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн бүр "Тавантолгой”-н талаар мэдлэгтэй болох хэмжээний урт хугацаа өнгөрлөө. "Тавантолгой”-н гэрээний төслийн англи эхийг 10 хоногийн өмнө өгсөн. Ер нь ажлын хэсгээс шаардаж байгаа бүх материалыг өгсөн. Нууц юм гэж байхгүй. Монгол шиг нуух юмгүй, ил тод улс дэлхий дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Бүх зүйлээ шаардаад, ил гаргаад тавьсан” хэмээн учирлаж байсан.

 

Харин ЗГХЭГ-ын даргын хэлсэн зүйлд ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг хариу мэдэгдэл хийсэнгүй. Тэр ч бүү хэл, нэгдсэн хуралдаан дээр суух нь ховордсон бололтой. Нэгдсэн хуралдаан бүрийн эхэнд "Тавантолгой”-н гэрээг гишүүд шаарддаг "уламжлал” энэ хаврын чуулганаар тогтов. Энэ дагуу гишүүн Ё.Отгонбаяр уламжлалт асуултаа тавихад спикер "Эрдэнэчимэг хаана байна” хэмээн хайсан юм даг. Харамсалтай нь Л.Эрдэнэчимэг гишүүн чуулганы танхимд байсангүй, бултаж зугтсан уу, спикерийг эвгүй байдалд оруулчихсан. Гишүүн Ё.Отгонбаяр ч гашуун үг шидэхээ мартсангүй,  "Чуулганаар хэлэлцэх асуудлыг Л.Эрдэнэчимэг мэддэг болчихсон юм уу” хэмээн спикерийг мад тавина лээ.

 

Нэгэнтээ "Тавантолгой”-н гэрээний төслийг хянах ажлын хэсэг дүгнэлтээ парламентад танилцуулахгүй "усанд хаясан чулуу шиг” чимээгүй болж, энэ хэрээр улс орны эдийн засгийн асуудал ч шийдэгдэхгүй хойшиллоо. Парламент "Тавантолгой”-н гэрээний төслийг хэлэлцэх, үгүйг шийдвэрлэхээс дараагийн алхамдаа орох хүлээлт Засгийн газарт үүсээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа билээ. 

 

Засгийн газарт төдийгүй нийгэмд хүлээлт үүсгээд байгаа "Тавантолгой”-н төсөл энэ долоо хоногоос парламентаар хэлэлцэгдэж магадгүй нь. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг "Тавантолгой”-н гэрээний төслийг хэлэлцэх юм билээ. Ямартай ч "Тавантолгой”-г үргэлжлүүлэн хэлэлцээд явах уу, Засгийн газарт буцаах уу гэдэг шийдэл энэ долоо хоногт гарах биз.

Санал болгох

Сэтгэгдэл

top