|

Өрхийн төсвийг "тойрсон" их мөнгөний сураг

saikhnaa 2018/05/07 694 0

Эдийн засгийн өсөлтийг айл өрх хэзээ мэдрэх вэ гэж эрх баригчдад иргэд өдөр бүр асууж, сануулсаар байна.  Шинэ парламент бүрдсэн 2016 оноос хойш  жил бүр эдийн засгийн өсөлттэй гарсаар, өнгөрсөн онд 5.1 хувь хүрсэнийг эрх баригчид үг хэлэх бүртээ дурддаг. Айл, өрхийн төсвийг тойрсон эдийн засгийн өсөлт улайссан байсан улсын гадаад валютын нөөцийг 3 тэрбум ам.долларт хүргэснээр нотлогдож  байгаа. Хэдийгээр томоохон мега төслүүдийг эрх  хөдөлгөөгүй байгаа ч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, валютын нөөц нэмэгдсэн.  Томоохон бүтээн байгуулалт өнгөрсөн хоёр жилд өрнөөгүй ч гадаадын зээлт тусламжаар хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурж, ёслолын ажиллагаа эхлүүлсэн.

 

2017онд Монгол Улсын  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд 118 арга хэмжээ төлөвлөж, 79.3 хувьтай биелжээ.  Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд 5.3 их наяд төгрөг төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. Энэ нь зорилго, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн нөөц дутагдсантай холбоотой гэнэ. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд ЖДҮ-ийг дэмжиж, эдийн засгаа тэлэх шаардлагатай гэж эдийн засагчид үздэг.  ЖДҮ-ийн санд 49.5 тэрбум төгрөгийг төсөвлөж,  165 аж ахуй нэгж зээл авсан байна. Өнгөрсөн онд  хөдөө аж ахуйн салбарт 2.3 хувиар, уул уурхайн олборлолт 6.9 хувиар буурч,  аж үйлдвэр, барилга 11.3 хувиар , үйлчилгээ 8.5 хувиар, бүтээгдэхүүний татвар 16.5 хувиар тус тус өссөн байна.  Манай улсад хөдөлмөр эрхлэх чадвартай 1.5 сая хүн. Үүнээс төрийн албанд ажиллаж байгаа нь 190 мянга. Үлдсэн нь хувийн хэвшилд оногддог байна. Тиймээс хувийн хэвшилд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд бодлогоо барих хэрэгтэй гэж эдийн засагчид хэлдэг. Эдийн засгийн үзүүлэлт сайжирснаар зээл олголтын хэмжээ нэмэгдсэн гэж банкныхан ярьж байна лээ.    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд орон нутагт жилийн 8 хувийн хүүтэй жижиг зээл олгож байгаа. Гэвч энэ зээл  "эзэн”-дээ тэр бүр хүрээд байдаггүй гэж иргэд шүүмжилдэг.

 

Эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгыг хэзээ тогших вэ гэж УИХ-ын гишүүд Засгийн газраасаа шаардаж байна лээ.  Уг нь МАН-ын дарга Засгаа тэргүүлж байгаа, гүйцэтгэх засаглал эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээх учиртай гэдгээр нь шаардах  эрхтэй ч Ч.Хүрэлсүх  хоёр албан тушаалыг давхар аваад жил ч тойроогүй байгаа. Тиймээс ард иргэд шинэ Засгийн газраас бус  бүрэн эрхээ хэрэгжүүлээд гурав дахь ондоо явж  байгаа үнэмлэхүй олон МАН-аас ард иргэд  нэхдэг. Ер нь тэгээд  МАН-ын дарга, Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх "нийгэмд шударга ёсыг тогтоож, хариуцлагыг шаардна” гэх хийрхсэн үгнээсээ салж,  ажлын байрыг нэмэгдүүлж, ард иргэдийг амжиргааг дээшлүүлэхэд анхааармаар.  "Ардын”  гэж нэрийдсэн танхимын гишүүд нь 100 хувь парламентаас бүрдсэн Засгийн газрын  тодотгол, агуулга хоёр нь анхнаасаа авцалдаагүй юм даг.

 

Өнгөрсөн оны үндсэн чиглэлийн биелэлт гэхэд Ж.Эрдэнэбатын Засгийн газраар овоглогдоно. Тиймээс  л энэ Засгийн газрын ажлын цэвэр үр дүн  ирэх онд харагдах юм. Ер нь эдийн засаг сайжраад ирвэл жилд 260 мянган орчим ажлын байр бий болно гэж үзжээ. Гэхдээ орон нутагт ажлын байрыг бий болгоход хүндрэлтэй байгааг ХНХ-ын сайд хэлж байна лээ.  Энэ онд орон нутгийн залууст хөдөлмөр эрхлэхэд нь зориулж "Ур чадварт түшиглэсэн ажлын байр”, нөхөрлөл хороо байгуулахад зориулж "Зохион байгуулалттай ажлын байр”, мөн мал аж ахуйг түшиглэсэн "Гэрээт малчин” ажлын байр хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх юм байна. Энэ хүрээнд гэр бүлээрээ мал аж ахуй эрхлэхээр явж байгаа өрхийг дэмжих гэнэ.  

 

Олон нийт өнөөдөр "Тавантолгой”-н орд зэрэг томоохон төслүүдээ хэзээ хэрэгжүүлэхийг хүлээсээр хэдэн оныг үдэж, угтаж байгаа.  Энэ Засгийн газрын тухайд "Газрын тосны үйлдвэр”-ийн нээлтийг 6 сард хийхээр төлөвлөжээ. ТЭЗҮ нь боловсруулагдаж дуусаад, Италийн компани аудит үнэлгээ хийж байгаа гэнэ. Уг үйлдвэрийг нээснээр эдийн засгийн өсөлтийг 10 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан байна. Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх ажилд долдугаар сард гарын үсэг гэнэ. Харин хүлээлт үүсгээд байгаа "Тавантолгой”-н автозамыг барих ажлыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

Одоогоор олон нийтэд бүрэн мэдрэгдээгүй ч он гарсаар  эдийн засгийн өсөлтийг хүндээ хүргэх, эдийн засгийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ оны төөсөвт шинээр 12 арга хэмжээнд 465 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж, "Цалинтай ээж” хөтөлбөр, малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулах, хүнсний дэмжлэг хэрэгтэй иргэдийн хамрах хүрээг хоёр дахин нэмэгдүүлэх, оюутны сургалтын төлбөрийг хүүгүй олгох, малчид, ажилгүй иргэдийн ЭМД-ийг 50 хувиар бууруулах зэрэг арга хэмжээнд төсөвлөсөн байна.

 

Ямартай ч уламжлал ёсоор эдийн засгийг сэргээх, өсөлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийн жагсаалт цаасан дээр дурайж байгаа нь тодорхой. Харин санхүүжилт, хэрэгжилтийн явцад хэр дардан байхыг таашгүй.    Их мөнгөний сураг улсын төсөвт тэрбум, их наядаараа тоологдон орж гарч байгаа ч өрхийн төсвийг тойрсон хэвээр л байгаа.

Н.Энхбат

SHUUD.MN

http://www.shuud.mn/a/496519

Санал болгох

Сэтгэгдэл

top