Хоёр сар гаруйн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгой төслийг 14 хоногийн дотор яаралтай хэлэлцэн, шийдвэрлэж өгөхийг УИХ-ын дарга З.Энхболдоос хүссэн. Гэвч асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн юм. МАН-ын бүлэг ч хаврын чуулган завсарлахаас өмнө тавантолгойг яаралтай хэлэлцэхийг УИХ-ын даргад сануулаад байсан юм.
Тэгвэл тавантолгой төслийг энэ долоо хоногт УИХ болон байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ. Тодруулбал өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг уг асуудлыг хэлэлцэх юм байна. Ингээд маргааш болох эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцээд пүрэв гарагийн хуралдаанд оруулах аж.
УИХ-аас Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх, эсэх талаар дүгнэлт гаргахыг нь хүлээсээр цаг хугацаа алдсан юм.
Уг ажлын хэсгийн хувьд Засгийн газар Тавантолгойн төслөө буцаан авч сайжруулах хэрэгтэй. Цаашлаад уг төсөл дээр дахин тендер зарлана. Тендерт ялсан компани нь төмөр замын асуудлаа давхар шийдэх ёстой гэсэн дүгнэлтийг эхний байдлаар мэдэгдээд байсан. Тэгвэл тэд эцсийн байдлаар дүгнэлтээ гаргаж, УИХ-д өгсөн бололтой.