УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн юм. Энэ талаар Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ ярилцлаа.
-2019 оны төсвийн төсөөлөлд зарлагыг 10 их наяд байна гэж тооцсон байсан. Орлогыг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөсөн бэ?
-2019 оны төсвийн орлогыг 2018 онд баталснаас 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцсон. Энэ орлогыг эдийн засгийн өсөлтөөрөө төвлөрүүлнэ гэж төлөвлөж байна. Мэдээж, эрдэс баялгийн үнэ өндөр байгаа нь орлогыг төвлөрүүлэхэд нөлөөлнө. Эрдэс баялгийн үнийн өсөлтөөс нийт 370 тэрбум төгрөгийн орлого орно гэж үзэж байна. Харин 1.5 их наяд төгрөгийн орлогыг эдийн засгийн өсөлтөөс төвлөрүүлнэ гэж төлөвлөж байгаа. 2019 онд эдийн засгийн бүхий л салбарт өсөлт гарна гэж үзэж байна. Орлогоо нэлээн дайчилж биелүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого нэмэгдүүлэх талд нэлээд ажиллана.
Үүнээс гадна эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний хүрээнд эдийн засгийн өсөлт гарахаар байгаа. Үүнийг ард, иргэдэд хүртээмжтэй байлгах талаас нь ажиллах болно.
-Орлогын төсөөллүүд нь хэр бодитой болсон бэ. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогоо хэт өндөр төсөөлснөөс болж төсвийн алдагдалд ордог гэх шүүмжлэл байдаг?
-Энэ бол өмнө нь гаргаж байсан алдаа. Орлогоо төсөөлөхдөө нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд тооцчихдог. Гэтэл эргээд гүйцэтгэлийг нь харахаар яг л нэг их наяд төгрөгөөр орлого тасарна. Харин тавьсан зардлууд нь санхүүжсэн байдаг. Ийм алдаа өнгөрсөн хугацаанд их гарч байсан. 2014 оноос төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч тэр хэмжээгээр Монгол Улсын өр нэмэгдэж ирсэн. Одоо төсвийн орлогоо нэлээн бодитой тооцох бодлого баримталж байна. Эдийн засгийн зөв бодлого явуулахын тулд нөхцөл байдлаа бодитоор дүгнэх, үндэслэх, түүндээ тохирсон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөхцөл байдлыг хэт өөдрөгөөр авч үзвэл бодлого бурууддаг. Мөн хэт доогуур авч үзвэл эдийн засгийн бодлого буруугаар эргэдэг. Тиймээс аль болох бодит байдалдаа тулгуурлан ажиллахаар төлөвлөж байна.
-Алт, зэсийн үнийг 2020-2021 оны төсвийн төсөөллөөр хэдэн төгрөг байхаар тооцоолж байна вэ?
-Алт, зэсийн үнийг хэдэн төгрөгөөр тооцох талаар Монгол Улсын төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын хуульд маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, үнэлгээг олон байгууллага хийдэг. Зэс энэ жил ийм үнэтэй байгаа учраас ирэх жил тийм үнэтэй байна гэх зэргээр үнэлгээ тооцоог хийдэг. Энэ удаа ОУВС-гийн аргачлалаар тооцоо хийж явна. Энэ аргачлалаар зэсийн үнийг 7200, алтны үнийг нэг унци нь 1375 ам.доллар байна гэж тооцоолсон. Эдгээр тооцоонд үндэслэн алт, зэсийнхээ үнийг гаргалаа.
...2019 онд эдийн засгийн бүхий л салбарт өсөлт гарна гэж үзэж байна. Орлогоо нэлээн дайчилж биелүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого нэмэгдүүлэх талд нэлээд ажиллана. Үүнээс гадна эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний хүрээнд эдийн засгийн өсөлт гарахаар байгаа. Үүнийг ард, иргэдэд хүртээмжтэй байлгах талаас нь ажиллах болно.. ...
-Зарлагаа танах, төсвийг үр ашигтай зарцуулах талд ямар бодлого барьж байгаа вэ?
-Зардлын реформ хийхээр ажиллаж, төгрөг болгоны үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг барьж байна. 2019 оны төсвийг нэгдүгээр сарын 1-нээс боловсруулж эхэлсэн. Үүний дагуу хөдөө, орон нутагт ажиллаж байна. Тухайлбал, алслагдсан болон хүн амын тооноос хамаараад аймагт өгдөг санхүүжилт нь ялгаатай байдаг. Нэг аймгийг аваад үзэхэд л сумдад олгодог санхүүжилтийн хэмжээ өөр өөр дүнтэй байна. Тиймээс санхүүжилтийг нь жигд болгох чиглэлээр Сангийн яамнаас ажлын хэсэг гарсан. Үүнээс гадна төсвөөс гаргаж байгаа хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд цахим технологийн ашиглалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Төр өөртөө байгаа мэдээллийг бусдаас шаардахгүй байх зарчмыг нэвтрүүлнэ гэж үзсэн.
-Жил бүр төсөвт гадаад өрийн зээлийн хүүд ихээхэн мөнгө төсөвлөж, энэ нь төсвийн зарлага ихсэхэд голлох нөлөө үзүүлдэг. Ирэх онуудад төлөх гадаадын өрийн хүүгийн төлбөр хэчнээн төгрөг байгаа бол?
-Гадаадаас авсан зээлийн хүүгийн төлбөрт энэ онд нийтдээ 1.4 их наяд төгрөгийг төлж байгаа. Ирэх онд бид өндөр хүүтэй зээл гаргалтаа зогсоож, зарим зээлээ буцааж авах зэрэг бодлогын арга хэмжээг шат дараатай авч байгаа. Засгийн газрын санхүү мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгож, төсвийн сахилга батыг нэмэгдүүлсэн арга хэмжээний үр дүнд гадаад зээлд төлөх хүүгийн хэмжээг ирэх онд 860 тэрбум төгрөг болгож бууруулсан. Ингэснээр бараг 700 тэрбум орчим төгрөгөөр хүүгийн зардлыг буулгаж чадсан. Энэ нь ахиц, дэвшил хэдий ч бид сэтгэл ханахгүй байгаа. Гадаадаас авсан зээлийн хүүгийн хэмжээг цаашид шат дараатайгаар буулгана. Анхнаасаа өндөр хүүтэйгээр авчихсан буюу 10.875 хувийн хүүтэй "Мазаалай” зэрэг бондын хувьд гэрээ, хэлцэл хийх гэхээр хатуу нөхцөл заагаад өгчихсөн байдаг. Тухайлбал, тэдэн он хүртэл ямар нэгэн гэрээ, хэлцэл хийхгүй гэсэн заалттай байгаа учир бид хүүг бууруулж чадахгүй байна. Гэхдээ гэрээний нөхцөлийнх нь хугацаа дуусахаар гэрээ, хэлцэл хийж хүүг буулгах чиглэлд анхаарч ажиллана.
-Ирэх онд "Эрдэнэт” үйлдвэрээс авах татварын хэмжээг өөрчилнө гэж яриад байгаа шүү дээ. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-"Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах асуудлаар УИХ шийдвэр гаргасан. Үүний дагуу Засгийн газар, Үндсэн хуулийн Цэц ч мөн шийдвэр гаргачихсан. Тиймээс бид улсын төсөвт "Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмч гэсэн үүднээс тооцооллыг нь суулгаж өгөх юм.
-Яг хэдэн тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон бэ?
-2019 онд "Эрдэнэт” үйлдвэрээс улсын төсөвт 175 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцож байна.
-Таны төсөвтөө тодотгол хийхгүй гэдэг байр суурь энэ оныг дуустал үргэлжилж чадахаар байна уу. Тодорхой байдлаар төсөвт төлөвлөсөн орлогуудыг бууруулахаар тодотгол хийх нөхцөл байдал үүсэх юм биш үү?
-Төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурь хэвээр байгаа. Төсвийн тусгай шаардлагууд биелсэн тохиолдолд төсвөө тодотгодог. Төсвийн орлого бууж байгаа тохиолдолд тодотгох ёстой. Орлого нэмэгдэж байгаа тохиолдолд төсвөө тодотгохгүйгээр, тодорхой зохицуулалтыг хийж болдог. Одоогоор улсын төсвийн орлого тасралтгүй нэмэгдэж байгаа.
-Хэрвээ хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэрийг УИХ гаргавал төсөвт тодотгол хийх үү?
-УИХ дахь МАН-ын бүлэг хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудлаар байр сууриа нэгтгэсэн.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин