Орхон аймагт 29 дэх удаагийн химийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Орхон аймагт хоёр дахь удаагаа болж байгаа уг олимпиад өмнө нь 1999 онд "Баян-Өндөр” цогцолбор сургууль дээр болж байсан бөгөөд энэ удаагийн олимпиадыг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Ш.Отгонбилигийн нэрэмжит технологийн сургууль, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Ачит Ихт” ХХК дэмжин ажилласан байна.
Хоёр өдөр үргэлжилсэн 29 дэх удаагийн олимпиадын талаар "Эрдэнэт үйдвэр” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн Р.Улаанхүү хэлэхдээ "Шинэ зууны өндөр мэдлэгтэй химич, инженер, техникчийг бэлтгэхэд химийн олимпиад чухал үүрэгтэй. Химийн салбар бол онцгой салбар байдаг. Ялангуяа Монголын хөгжилд чухал байр суурьтай. "Эрдэнэт үйлдвэр” химийн урвалжийг олон сая ам.доллар импортоор худалдаж авдаг. Тэгэхээр олимпиадад орж байгаа хүүхдүүд цаашдаа химийн салбарыг хөгжүүлж, улс орондоо хэрэгтэй зүйлс бүтээгээсэй гэж хүсч байна” хэмээн тодорхойлсон.
Химийн олимпиадын хүрээнд 21 аймаг, 9 дүүргээс 34 багш, 12 дугаар ангийн шилдэг 34 сурагч онол, бодлого, сорил, туршлага гэсэн дөрвөн чиглэлээр өрсөлдсөнөөс багш нараас Улаанбаатар хотын "Шинэ Монгол” сургуулийн багш М.Энхбат тэргүүн байр эзэлсэн бол сурагчдаас Орхон аймгийн Технологийн сургуулийн лицей 12 дугаар ангийн сурагч С.Сувданчимэг тэргүүн байр эзэлж, МУИС-д урилгаар суралцах эрх гардсан юм.
Тэргүүн байр эзэлсэн Орхон аймгийн Технологийн сургуулийн лицей 12 дугаар ангийн сурагч С.Сувданчимэг "Надад анх хими заасан хүн бол IV сургуулийн Хишигжаргал багш. Дөрөв дэх жилдээ хими судалж байна. Технологийн сургуулийн лицей сургуульд Мэнджаргал багш маань хими заадаг. Надад химийн шинжлэх ухааныг зааж өгсөн багш нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.